800 жилийн өмнөх жирийн Монгол залуу ч бас ийм л шовонист, эгоист байсан биз ээ

UB Info

Америкийн нийгэмд болж буй зарим үйл явдлыг шүүмжилсэн юм. Гэтэл нэг америк залуу эгдүүцэж иймэрхүү утгатай зүйл бичсэн байна.

"Сүүлийн 40 жилд л гэхэд Америкчууд хүн төрлөхтөнд, Монголчуудын бүх түүхэн цаг хугацаандаа оруулж чадаагүй эерэг хувь нэмрийг оруулсан. Чи л гэхэд америк утсаар, америк компанийн вэбсайт дээр, америкийн интернэтээр пост бичиж сууна. Биднээс дахиж урмын зүйл битгий хүсээрэй. Бохир, түгжрэлдээ нэрвэгдсэн, цалин багатай орондоо үргэлжлүүлж амьдраарай" гэжээ.

Бодвол манай нэг Монгол ахан дүү маань миний постыг орчуулж өгөө биз дээ. За тэр ч яахав.

Гол нь энэ америк залуугийн хэлж байгаа үнэн юм. Бид ийм царайтай болчхоод, дэлхийн доог болоод сууж байна. Энэнд би эгдүүцэх юм огт алга. Яг л үнэн.

Товчхондоо америкийн дэлхийд оруулсан хувь нэмрийг би энэ залуугаас бараг илүү өндөр төвшинд үнэлж харж байгаа байхаа. Бас америк улс нь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжлэл хэлэх эрхэнд суурилсан улс юм. Мань залуу тэрийгээ сайн мэддэггүй бололтой. Америкийн нийтлэлчид, сэтгүүлчид, шинжээчид дэлхийн улс орон бүрт байгаа элдэв ялзрал, завхралыг шүүмжилж өчнөөн олон сая хуудас цаас жил болгон үйлдвэрлэж л байдаг. Би хэдийгээр Америк улсыг маш ихэд биширч хүндэлдэг боловч яагаад тэдний нийгэмд болж байгаа зарим буруу зүйлсийг бичиж, өөрийн нутаг нэгтнүүдэд сэрэмжлүүлж болохгүй билээ. Үг хэлэх эрх чөлөө, үзэл бодолтой байх эрх чөлөө гэдэг чинь энэ биш билүү.

Сүүлийн жилүүдэд надад байнга бодогдох болсон зүйл учраас энэ миний анхаарлыг ихэд татаж, би энд зориуд оруулж байна.

- Монгол Улс, Монгол Үндэстэн гэнэт алга болчихвол хэн үгүйлэх вэ. Ямар орон зай, ямар үйл хэрэг эзгүйрэх бол?!

- Дэлхийн түүхийг өөрчилсөн хэдхэн үндэстэн байдаг. Тэдний нэг бол монголчууд. Америк бол үндэстэн биш харин улс. Тэр нь бүүр ч гайхамшигтай. Хүн төрлөхтөний хамтын гайхамшигт бүтээл юм. Америк ба 800 жилийн өмнөх монголчуудын дэлхийд оруулсан эерэг хувь нэмрийг харьцуулж яривал жаахан утга учиргүй л юм болно.

Учир нь дэлхий гээд сүйрчихсэн газар байхад Монгол эсвэл Америк гээд хүмүүс гарч ирээд босгодог юм гэж байхгүй. Хүн төрлөхтөн бие биеийнхээ ололт амжилт дээр дөрөөлж босч өндийдөг. Арабчууд энэтхэгээс тоо аваагүй бол, тэрийг нь Италичууд оруулж ирээгүй бол Хөгжлийн төв Христийн шашинт Европ биш Хятад, Энэтхэг, Перс хавьцаа л байх байсан болов уу. Торгоны замыг монголчууд тэгшитгэж, азийн технологийн дэвшлийг европт аваачаагүй бол америк гэж улс байх байсан ч юм уу ч үгүй ч юм уу.

Жирийн дундаж хүнд бол дэлхийн улс бүр өөр хоорондоо өрсөлдөгч, дайсан мэт, хана хэрмээр тусгаарлагдсан мэт санагддаг аа. Арга ч үгүй. Улс төрч нар нь тувт хэвлэл мэдээллээр гарч ирээд ингээд угаачихдаг юм чинь.

Би сүүлийн 3,000 жилийн хүн төрлөхтөний санхүүгийн түүхийг судалж ном бичсэн хүн. Эндээс нэг л юм ойлгосон. Дэлхийд цойлдог нэг үндэстэн, тэнгэрээс буусан хүмүүс гэж байхгүй. Бүгд бие биеийнхээ ололт амжилтыг, хил хязгааргүй мэтээр хүртэж, хуулж, тэрэнд нь дөрөөлж дараагийн алхмаа хийж ирсэн байдаг.

Мань залуу бол яахав, лидер улсын хүн шиг л ярьж байна. 800 жилийн өмнөх жирийн Монгол залуу ч гэсэн ийм л шовонист, эгоист байсан биз ээ.

- Би ингэж боддог юм. Гэнэт Монгол үндэстэн, Монгол улс алга болчихвол яах вэ? Хэн үгүйлэх вэ? Ямар орон зай эзгүйрэх вэ? гэж...

Аймаар асуулт байгаа биз. Энэ асуултыг тавиад эхлэхээр эвгүй мэдрэмж төрдөг.

Монгол үндэстэн, Монгол улс хүн төрлөхтөнд өөрийн эерэг хувь нэмрийг оруулах. Хүн төрлөхтөний хамтын хөгжилд хүндтэй байр суурь эзлэх цаг нь ирсэн. Тийм амбиц бидэнд байх ёстой.

Яагаад гэвэл бид дэлхийд эерэг өөрчлөлтийг авчирсан, дэлхийн түүхийг бичилцсэн хэдхэн үндэстэний нэг шүү...

Үеийн үед санаж, үүрд хичээцгээхтүн.

Монгол Улсаа дахин мандуулж, Монгол үндэстнээ сэхээж, хүн төрлөхтөний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах цаг болсон. Сэрэгтүн, босогтун.

Эх сурвалж: Өлзийбаярын ГАНЗОРИГ

САНАЛ БОЛГОХ