Ажил бол өөрөө амьдралын нэг л хэсэг юм

UB Info

Амазоны Жеф Безос "Ажил Амьдралын Баланс гэдэг бол буруу ойлголт. Ажил Амьдралын Хослол гэж байх ёстой" гэж хэлжээ.

Зөв. Сүүлийн үед Америкийн залхуучуудад зориулсан сошиал постууд манайд ихээр орж ирэх болсон. Тэрний нэг нь Ажил Амьдралын балансыг барих тухай юм. Эндээс ихэнх хүмүүст Ажил бол Амьдралын дайсан, тэгэхээр Амьдралдаа цаг зарцуулахын тулд Ажлыг яаж багасгах вэ гэх мэт бодлууд төрнө. Мааш буруу.

Ажил бол өөрөө амьдралын нэг л хэсэг юм.

Амьтад гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийдэг. Шоргоолжноос авахуулаад бүх л амьтан гэр бүийнхээ төлөө хөдөлмөрлөдөг. Харин сүүлийн үед хүн гээд нэг амьтан сошиал медиад буруу зөрүү угаалгаад, ажил, хөдөлмөр хийхгүй, мөрийтэй тоглоод л, тэтгэмжийн мөнгө авч, аав ээж - төрөөр тэжээлгээд сууж байж болно гэж төсөөлөөд байх шиг байна. Амьтнаас ч доошоо орж байна гэсэн үг ээ.

Монгол бол дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Америк бол дэлхийн хамгийн том, баян улс аа. Америк тэр залхуучуудаа тэжээгээд явж чадна. Бид чадахгүй ээ. Үндэстнээрээ мөхөх болно.

Амьтадаас ялгаатай нь хүн ажлыг цалингийн төлөө биш харин оюун ухаанаа сорих, хийж бүтээх, нийгэмд байр суурь эзлэх, өөрийн өвийг үлдээх зорилгоор хийдэг. Цалин бол энэ бүхний хариуд гарах үр дүн юм.

Цалин бага байна уу? Тэгвэл юу бүтээснээ эргэж хар. Эсвэл юм бүтээгээд байхад наад байгууллага чинь үнэлэхгүй байгаа бол үнэлдэг газарт нь ажилд ор. Ийм л амархан.

"Өндөр цалин өгчихвөл алах гээд байна" гэдэг бол америкийн тэтгэмжээр амьдардаг залхуучуудын амны уншлага. Харин манай сайхан улсад маань ийм хурдан импортлогдчихно гэж бодсонгүй. Хүн уран зургийг 10 долларт нь тааруулж зурдаггүй юм. Харин хүмүүст баяр төрүүлж, өөртөө бахархал бүтээх гэж зурдаг. Тийм ч учраас тэр зураг нь 100 сая доллар хүрдэг.

Хэрэв цалин хөлс бага, эсвэл бүтээл гаргах боломж хомс байгаа бол даруйхан наад байгууллагаасаа гарсан нь дээрээ. Ажил бол амьдралын дайсан биш. Харин эсрэгээр амьдралын маш үнэ цэнтэй нэг хэсэг юм. Хүнийг амьтнаас ялгаатай гэдгийг харуулах нэг талбар юмаа.

Бусад амьтдаас ялгагдах нэг л ялгаа хүнд байдаг. Бүх амьтад гэр бүлийнхээ төлөө амьдралаа зарцуулдаг бол. Харин Хүн гэж амьтан нь өөрийнхөө танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүст хэрэгтэй зүйл хийж бүтээхийн төлөө амьдардаг юм. Өнөөгийн монголын сошиал медиа, нийгмийн ойлголт нь америкийн орклог, харанхуй, залхуучуудын контентоор ид бялхаж буй тул энэ постыг бичлээ.

Биеэ засаад Гэрээ зас, Гэрээ засаад Улсаа зас. Юу гэсэн үг вэ?

Эхлээд тархи толгой, ухаан бодлоо цэгцэл. Тэтгэмжээр амьдардаг бол боль. Биеэ даа. Өөрийгөө авч яв. Ертөнцийг цуу яриа, сошиал медиа постоор биш бодитоор нь ойлгож хүлээж ав. Өөрийгөө хөгжүүл, оюун санаагаа сорь. Бүтээл гарга. Гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ эерэг нөлөө тараа. Тэднийг гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд тусал. Чадваржуул, мэдлэгжүүл.

Эцэст нь улс орон, нийгэм, монгол ахан дүүстээ хэрэгтэй юм хийгээрэй. Салбартаа танигд. Салбартаа ас бол. Олонд хэрэгтэй бүтээл хийж, өв үлдээ. 

Америк улс 330 сая хүн амтай. Энэ улсыг 5 орчим сая, 7 хоногт 100 цаг ажилладаг хүмүүс нь тэжээж авч явдаг. Харин хэдэн арван сая хүн тэтгэмжээр тарвалзаж амьдарч байдаг. Тийм ч учраас америкийн нийгэм маш их хэрцгий гэмт хэргээр дүүрч байна.

Зорилго, чиглэл үгүй, ажилгүй хүмүүс аймшигт гэмт хэрэг, заваан залхай зүйлс хийдэг. Америкийн залхуучууд гэх бүлэг нь америк улсын завхарлын суурь болж байгаа учраас саяны сонгууль тэр чигтээ Америк улсыг аврах сонгууль болж хувирсан. Трампийг сонгосон шалтгаан нь ч тэр. Элон Маск улс төрд оролцох болсон нь бас ийм учиртай. Трамп - Элон Маск нар америкийг цэвэрлэж чадах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ сонгогчдын хүсэл зорилго бол тайван, хөдөлмөрч нийгмийг дахин бүтээх тухай асуудал байлаа.

САНАЛ БОЛГОХ