Японд арын толийг камераар солихыг зөвшөөрлөө
Авто зах зээл
Японы эрх баригчид автомашинд арын хэсгийг харах үүрэгтэй толинуудыг камер, тусгай дэлгэцээр солихыг албан ёсоор зөвшөөрлөө. Шинэ журам тус улсад энэ оны долдугаар сараас эхлэн үйлчилнэ. Өнгөрсөн онд хуралдсан НҮБ- ын хуралдаанаар автомашины толийг камераар орлуулахыг зөвшөөрсөн нь уг шийдвэр гаргах үндэс болсон талаар Японы тээврийн яам тайлбарлаж байна.
Урьд нь технологийн нөхцөлөөс шалтгаалан зөвшөөрдөггүй байсан ч эдүгээ байдал өөрчлөгдсөн хэмээн Японы эрх баригчид үзэж буй. Уг шийдвэртэй холбогдуулан автомашины толь, гэрлийн төхөөрөмж үйлдвэрлэдэг Ichikoh компани уламжлалт толийг дижитал төхөөрөмж болгон хувиргахад анхаарч эхэллээ. Японы зах зээл дэх автомашинуудын 23 хувь буюу 2.3 сая нь 2023 он гэхэд тольгүй болно хэмээн тус компани тооцоолжээ. Үүний зэрэгцээ мөн хугацаанд одоо ашиглагдаж буй энгийн тольтой автомашинуудын 12 хувь буюу 900 мянган ширхэг машины толийг цахим төхөөрөмжөөр орлуулах юм.
Толины оронд дэлгэц, камер бүхий автомашины үйлдвэрлэлийн эхний ээлж энэ зунаас эхэлнэ. Европ тивд мөн ижил шийдлийг Bosch, Continental компани санаачилсан ч хуулийн зохицуулалт байхгүйгээс хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Европын холбооны эрх баригчид машины толийг цахим төхөөрөмжөөр орлуулах асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байна. Харин АНУ уг технологийг 2018 оноос зөвшөөрнө хэмээн шинжээчид таамаглаж байгаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй