АСЕМ-аар орон нутгийн онгоц 303 дугаар ангиас ниснэ
АСЕМ болох гэж буйтай холбогдуулан олон улсын болон орон нутгийн онгоцны буудалд зохицуулалт хийжээ. Энэ талаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын инженер Ж.Батхүү, Нисэх буудлуудын удирдах газрын мэргэжилтэн Б.Ганхуяг нар лхагва гарагт мэдээлэл хийлээ. Б.Ганхуяг “Долдугаар сарын 13- ны өдрийн 01.00 цагаас эхлэн 16-ны өдрийн 23.30 цаг хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нэвтрэх автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийж байгааг мэдэгдье. Иймээс олон улсын нислэгийн зорчигчдыг угтах, үдэн гаргах ажиллагаа Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Тус цогцолбор дээр олон улсын нислэгээр явах зорчигч, ачаа тээшинд үзлэг хийж, “Чингис хаан” буудал руу тусгай автобусаар хүргэнэ. Мөн ирж байгаа зорчигчдыг тусгай автобусаар Буянт- Ухаа цогцолбор руу хүргэхээр болсон. Автомашины хөдөлгөөн хязгаарласан хугацаанд орон нутгийн нислэгээр зорчигчид Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас явна. Ирж байгаа хүмүүсийг угтагчид мөн тус ангиас очиж авах юм. Ийм зохион байгуулалт хийсэн учраас зам дээр орон нутаг руу нисэх хүмүүс болон олон улсын нислэгээр зорчих хүмүүст зориулсан тэмдэглэгээ тавина” гэлээ. АСЕМ-ийн үеэр 18 онгоц ирнэ гэсэн мэдээлэл байгаа ч эцсийн тоо нь тодорхойгүй байгаа юм. “Чингис хаан” олон улсын нисэх буудал 29 онгоц хүлээж авах боломжтой гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид хэллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй