"Дан дээлтэн"-үүдээр танхимаа бүрдүүлэхийг анхаарууллаа

Засгийн газар

Ерөнхий сайдын ажлаа юунаас эхэлье гэж бодож байна? Өөрийн кабинетын бүтэц бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх гэж байна вэ? Ийм асуултаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тэргүүнд нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтаар намынхаа Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан УИХ- ын гишүүн Ж.Эрдэнэбат хоёр дахь даваагаа давсан нь энэ юм. Тэрбээр пүрэв гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан, Засгийн газрын тэргүүнд нэр дэвшсэн талаараа танилцууллаа. Улмаар өөрийн тэргүүлэх Засгийн газарт ажиллах хүмүүст ямар шаардлага тавьж буйгаа дуулгасан юм.

Сонголтоо яаж хийхээс хамаарч түүний танхим мэргэжлийнх байх уу, тоглоомынх байх уу гэдгийг тодотгож болно. Чухам аль аль нь танхимаа хэнээр, хэрхэн бүрдүүлэхээс хамаарна. Тэгвэл нэр дэвшигч Ж.Эрдэнэбат дан дээлтэй буюу Засгийн газрын гишүүдээ парламентын гаднаас бүрдүүлэх бодолтой байгаа аж.

Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндсэн чиглэлийн яамдын сайд нь Засгийн газрын гишүүн байж болно гэснийг хатуу баримталж, бусад нь давхардахгүйгээр зөвхөн сайдаар ажиллах нь гэж ойлголоо. Ард түмэн сонголт хийсэн учраас УИХ, Засгийн газрын ажлыг хурдан эхлүүлэх бодолтой байгаа. Мэргэжлийн Засгийн газар гэдгийн цаана мэргэжлийн гэдэг нэгдмэл ойлголттой байна. Өндөр шаардлагатай, ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийдэг, тавигдсан үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадвартай хүн сайд байх ёстой” гэв.

Харин үндсэн чиг үүргийн яаманд Гадаад хэргийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яам, Хууль зүйн яам орж байгаа аж. Тиймээс ЗГХ ЭГ- ын даргыг ч гаднаас томилж болохыг Ерөнхийлөгч тодотгож байлаа. Тэрбээр “Энэ парламент бүрэлдэхүүний хувьд онцлог. 65 гишүүнтэй байна гэдэг бодлого тодорхойлж байгаа. Тиймээс Засгийн газарт хяналттай байх ёстой. Эрх баригч, сөрөг хүчнийхэн суудлын харьцаа ойр байгаа үед цөөнх хяналт тавьдаг. Засгийн газарт яаралтай хийх ажил маш их бий” гэсэн юм. Тэрбээр мөн Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг “азтай” хэмээн тодорхойлов. Учир нь удахгүй болох АСЕМ-ийн уулзалтад үйл явц яаж үргэлжлэхийг улсын эрх ашигт нийцүүлэн нээлттэй байдлаар шийдэх байх. Үүгээр дамжуулан янз бүрийн улс төр хийж, өөртөө наах гэсэн хүмүүс байна. Тиймээс тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг хохирох ёсгүй. Үүнд УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгч анхаарч ажиллах болно" гэв.

Эцэст нь эрх баригчдын алхам бүр иргэдийн нүдэнд ил байдгийг шинэ Засгийн газрын тэргүүнээр ажиллах Ж.Эрдэнэбатад сануулснаар тэрбээр уулзалтаа өндөрлөлөө. Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, албан тушаалд очих гэж улайрч буй зарим хүнийг хазаарлах, төрийн албыг төрлийнх болгодог байдал гаргахгүй байхыг тэрбээр сануулсан.

САНАЛ БОЛГОХ