Япон улс эдийн засгийн өсөлтийн төлвөө буурууллаа

Мэдээ

Япон улсын Засгийн газар мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж магадгүй байгаатай зэрэгцээд эдийн засгийн өсөлтийн төлвөө буурууллаа. Энэ санхүүгийн жилд Японы дотоодын нийт бүтээгдэхүүн 1.7 хувиар өснө гэсэн таамгийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргаж байсан бол энэ удаад огцом бууруулж, 0.9 хувиар өснө гэж үзсэн байна. Инфляцийн өсөлт 1.2 хувь байна гэж таамаглаж байсныг мөн өөрчилж, 0.4 хувь болгожээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж, 20 их наяд иен буюу 192 тэрбум ам.доллар гаргаж магадгүй байна. Энэ сарын 28-29-нд болох Японы Төв банкны бодлогын зөвлөлийн хурлын үеэр энэ асуудлыг хэлэлцэх юм. Айл өрхийн зарцуулалт Японы эдийн засгийн өсөлтийн 60 орчим хувийг бүрдүүлдэг. Тиймээс иргэдийнхээ хэрэглээг дэмжих зорилгоор Шинзо Абэ бараа, бүтээгдэхүүний борлуулалтын татварыг 10 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байсныгаа дахин хойшлуулжээ. Өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийн дүнд Шинзо Абэгийн Либерал Ардчилсан нам Японы дээд танхимын суудлын гуравны хоёрыг нь авч, олонх болсон юм.


САНАЛ БОЛГОХ