“Rio Tinto” санхүүгийн чадавхиа сайжруулахын тулд зарим бизнесээ худалдаж магадгүй байна

Мэдээ

“Rio Tinto” групп ирэх гурван жилийн хугацаанд дөрвөн тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэх зарим салбар бизнесээ худалдаж магадгүй гэж “UBS” банкны шинжээчид таамаглалаа. Төмрийн хүдрийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг тус компани санхүүгийн чадавхиа сайжруулах үүднээс зарим хөрөнгөө худалдахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл өмнө нь гарч байсан. “UBS”-ийн таамгаар “Rio Tinto”-д худалдах боломжтой 16 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бизнесүүд байгаа юм. Үүнээс эхний ээлжинд Австрали дахь нүүрс, хөнгөн цагаан боловсруулах болон очир эрдэнийн бизнесүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгож магадгүй гэж шинжээчид таамаглажээ. Энэ оны II улирлын үйлдвэрлэлийн тайлангаа “Rio Tinto” удахгүй танилцуулах товтой байгаа бөгөөд үүнд Австралийн Пилбара дахь хүдрийн бизнесийнх нь гүйцэтгэл гол анхаарал татах нь гарцаагүй байгаа юм. Тус компанийн ашиг орлогод жин дардаг хүдрийн бизнес, тэр дундаа Пилбара дахь салбарын олборлолт тайлант хугацаанд 83.2 сая тоннд хүрсэн гэж “UBS”-ийн шинжээчид үзсэн байна. Үүн дээр Канад дахь хүдрийн салбарын үзүүлэлтийг нэмж тооцвол 87.8 сая тоннд хүрч магадгүй байгаа юм. Энэ нь 2016 онд дэлхий даяар 350 сая тонн хүдэр олборлох зорилт тавьсан “Rio Tinto” шинэ Гүйцэтгэх захирлын удирдлага дор оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлээ илүү эрчимжүүлэх шаардлагатай болохыг илтгэж байгаа ажээ.


САНАЛ БОЛГОХ