Ардчилсан намын ҮЗХ хуралдлаа

Мэдээ

Сонгуульд ялагдсан Ардчилсан нам ҮЗХ-ны хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж эхлэв. Тэгэхдээ даваа гарагийн үдээс өмнө буюу ҮЗХ-ны хуралдаанаас урьтаж, Гүйцэтгэх зөвлөл хуралдсан бөгөөд, үүгээр хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.

ҮЗХ-ны хуралдаанаар юун түрүүнд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээллийг сонсжээ. Энэ илтгэлийг Ардчилсан намын даргын албаа өгөөд З.Энхболд тавьсан юм. Улмаар намын даргыг томилох тухай, намын дүрмийн шинэчлэлсэн найруулгын төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулах, Их хурлын товыг зарлах, түүнд бэлдэх Ажлын хэсгийн байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.

Түүнээс гадна тус намын өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийг ч байгуулж байгаа аж. Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааны тэргүүлэгчээр УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, А.Бакей, Говь- Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар нар ажиллаж байв. ҮЗХ-ны хуралдаан хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болсон бөгөөд, дугаар шилжих мөчид тус нам сонгуульд оролцсон талаарх илтгэлийг хэлэлцүүлж эхлээд байв. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.


САНАЛ БОЛГОХ