Тайлга дээрх үймээн

Өв соёл

1913 оны тавдугаар сарын 29- нд парисын бизнесмэн Габриел Аструкийн хэдхэн өдрийн өмнө нээсэн Шамп-Элисийн театрт Сергей Дягилевийн “Оросын Балет” компани Игорь Стравинскийн хөгжим, Васлав Нижинскийн дэглэлт, Николай Рерих тайзны зураачаар нь ажилласан “Хаврын тайлга” бүжгэн жүжгээ нээсэн нь сонгодог урлагийн түүхэн дэх хамгийн том үймээнийг дэгдээсэн юм. Магадгүй урлагийн түүхэнд өөр ямар ч бүтээл “Хаврын тайлга”-ын хөгжим, бүжгийн урлагт үзүүлсэн шиг хүчтэй нөлөө үзүүлж байгаагүй биз ээ. Стравинскийн хэмнэлээ байнга өөрчлөх этгээд хөгжим, бүжигчдийн эв хавгүй хувцас хэрэглэл, ерийн бус бүжиг дэглэлт, эмгэнэлт түүх нь тухайн үед сонгодог урлагт тогтоод байсан уламжлал, хэм хэмжээг бүхий л талаар эвдэж, өмнө нь хэний ч хараагүй, сонсоогүйг тайзнаа дэлгэн тавьсан юм.

“Хаврын тайлга” нь христээс өмнө паганы шашин ноёлж асан Орос оронд хаврын бурханд зориулан онгон охиноор өргөл өргөдөг байсан ёслолоос эх санаагаа авсан юм. Стравинский энэ санааг зүүдэнд нь төрсөн хэмээн тэмдэглэлдээ дурдсан байдаг ч өнөө үед ил болсон баримтуудаас харахад зураач, философич Рерих түүнд анх энэ ёслолын тухай ярьж байжээ. Ингээд хоёр агуу уран бүтээлч хамтдаа христээс өмнөх үеийн оросын паган соёлын тухай судалж, Рерих судалгаанаас олдсон мэдээллүүдээ нэгтгэн тайлгын ёслол хийгээд тухайн үеийн оросуудын өмсгөл зүүсгэл сэлтийг цаасан дээр буулгаж байв.

Стравинскийн хөгжим бүхэлдээ хэнийг ч цочирдуулам болсон юм. Анх Стравинский удирдаач Пьер Монтед бичсэн өгжмөө танилцуулан төгөлдөр хуураар тоглож өгөхдөө онцын шаардлагагүй үед хөлөөрөө шал дэвсэлж, зарим хэсэгт нь бүр үсрэн босч байсан гэдэг. Гайхсан удирдаач түүнийг галзуурчихжээ гэж бодсон бөгөөд анх сонсоод л энэ хөгжим маш их шуугиан дэгдээнэ гэдгийг тааварласан байна. Магадгүй хаврын бурханд залуу бүсгүйгээр өргөл өргөх эмгэнэлтэй, харгис ёслолын тухай төсөөлөл Стравинскийн зүрхэнд үүнээс өөрөөр буух боломжгүй байсан биз ээ. Хожим нь тэрбээр “Би ямар нэгэн системд захирагдаагүй. Би юу сонссон түүнийгээ л буулгасан” хэмээсэн нь энэ бүтээл дээр ажиллахдаа баримталж байсан чиг баримжааг нь тодорхойлно. Стравинскийн эхэн үеийн бүтээлүүд хүүхэд цагийнх нь шүтээн П.И.Чайковскийг санагдуулам уран зөгнөлт түүх, сэтгэл татам хөгжмөөс бүтэж байснаа Петрушкагаас эхлэн аажмаар модерн чиг хандлагатай болсон гэж судлаачид үздэг. Магадгүй Петрушка “Хаврын тайлга”-ын хөгжмийг бичих бэлтгэл болж өгсөн ч байж болох юм. Яагаад гэвэл Петрушка дээр тэр анх удаа орос ардын хөгжмийн дуугаралтуудыг ашигласан байдаг.

Оросын язгууртан, урлаг судлаач Дягилев нь 1900-гаад оны эхэн үеэс барууны ертөнц, тэр дундаа Парист оросын урлагийг таниулахад үлэмж үүрэг гүйцэтгэсэн хүн байв. Тэрбээр орос зураачдын хөрөг зургийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, Борис Годунов дуурийг Парист тавьж байсан бөгөөд тун удалгүй оросын бүжигчдийн багаас бүрдсэн Оросын балет компаниараа Парисыг байлдан дагуулсан юм. Дягилев залуу хөгжмийн зохиолч Стравинскийн “Галын наадам” бүтээлийг сонссоныхоо дараа сэтгэл нь ихэд хөдөлж, нэгэн шинэ балетын захиалга өгснөөр тэдний 20 гаруй жил үргэлжилсэн хамтын ажиллагаа эхэлсэн гэдэг. Тэрхүү балет нь Стравинскийг Европт алдаршуулсан Галт шувуу байлаа. Дягилев Стравинскийн хариг хөгжимд тохирсон бүжиг дэглэх үүргийг компанийнхаа хамгийн авьяаслаг эрэгтэй бүжигчин Нижинскийд өгсөн юм. Тэд зөвхөн хамтран ажиллагсад ч бус амрагууд байсан гэдэг. Ийм өвөрмөц түүх, эгэл бус хөгжим дээр балетын сонгодог хөдөлгөөнүүдээр бүжиг дэглэх боломжгүй гэдгийг Нижинский сайн мэдэж байв. Тиймээс, бүжгийн цоо шинэ хэв маягийг сэдэхээс өөр арга байсангүй. Гэвч энэ нь компанийн бүжигчдийг эхлээд алмайруулж, дараа нь зовоож, удалгүй Нижинскийн өөдөөс эсрэгцэн босоход хүргэсэн юм. Бүжигчдийн нэг нь энэхүү зовлонт сургуулилтынхаа тухайд “Нижинскийн биднээр хийлгэхийг хүсч буй хөдөлгөөнүүд хүний биеэр гүйцэлдүүлэх боломжгүй зүйл байв. Үсрэлт бүрийн дараа газардахад бидний бүхий л эд эрхтэн доргидог байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнээс гадна замбараагүй, тогтмол бус, хэмнэлээ байнга солих Стравинскийн хөгжимд бүжгийн хөдөлгөөнүүдээ тохируулахын тулд Нижинский бэлтгэл дээр хөдөлгөөнөө дугаарлан давтдаг байснаас бүжигчид сургуулилтаа арифметикийн хичээлтэй зүйрлэж байв. Нижинский хэрцгий өргөлийн үйл явцыг илэрхийлэхийн тулд нүүрний хувиралгүй, хөшөө мэт байхыг бүжигчдээс байнга шаардаж “Энд ямар ч романс байхгүй” хэмээн хашгичиж байв. Гэхдээ зөвхөн Нижинский ч ийм бэрхшээлтэй тулгараагүй юм. Стравинскийн хариг хөгжмийг тоглох ёстой хөгжимчид ч их хөгжмийн зохиолч тэднээс юу шаардаад байгааг ойлгохгүй л байлаа. Тухайлбал, бишгүүрийг л гэхэд хэт өндөр өнгөөр, бишгүүр гэж хэнд ч танигдахааргүй дуугаргахыг шаардах жишээтэй.

Тэд исгэрч, оркестр хэрхэн тоглох ёстойг зааварлан орилолдож байв

Нижинский Стравинский хоёрын хоорондын харилцаа энэ бүхнээс ч түвэгтэй байв. Стравинскийн хөгжим хэт хурдан байснаас бүжигчдийн хөдөлгөөн гүйцэхгүй тул Нижинский түүнээс хөгжмөө удаашруулахыг хүсэхэд хариуд нь бүжгийн алхмуудаа илүү хурдан болго хэмээн зөрүүдэлж байв. Стравинский хожмын дурсамждаа Нижинскийн тухайд “Хөгжмийн тухай юу ч мэддэггүй хөөрхий хүү чадлынхаа хэрээр л энэ бүхнийг хийсэн” хэмээн бичсэн байдаг. Харин Нижинский “Стравинский өөрийгөө хөгжмийн тухай бүхнийг мэддэг цорын ганц хүн гэж боддог байснаас бид маш их цагийг гарздаж байлаа. Тэр надад байнга л хар нот, цагаан нот гээд л хөгжмийн онол ярина. Гэтэл би хөгжмийн боловсролгүй хүн. Би түүнийг “Хаврын тайлга”-д зориулан бичсэн хөгжмийнхөө талаар яриасай л гэж хүсдэг байлаа” хэмээн дурссан байдаг. Гэхдээ эцсийн дүнд Стравинский Нижинскийн дэглэлтэд сэтгэл хангалуун үлдсэн гэлцдэг.

Ингээд үй олон бэрхшээлийг даван гарч нээлтийн өдөртэй золгов. Тэр өдрийн хөтөлбөр нь Les Sylphides балетаар эхэлсэн бөгөөд бүх зүйл ном журмынхаа дагуу явж байв. “Хаврын тайлга” ч эхлэв. Эхний хоёр минут нам тайван өнгөрлөө. /Үнэндээ энэ үед үзэгчид балетын танилцуулгыг уншаад завгүй байсан юм./ Харин дараа нь хөшиг нээгдэж урт гэзэгтэй, эртний орос хувцастай /Рерихийн загварыг нь гаргасан эртний орос тариачдын хувцас парисын язгууртнуудад ой гутам харагдаж байв/ сайрганан хөдөлсөн бүлэг хүмүүс гарч ирж, үүнтэй зэрэгцэн Стравинскийн хэмнэлээ байнга өөрчлөх, хоорондоо үл зохилох аккордоос тогтсон ямар нэгэн нэгдсэн аялгуугүй хөгжим дуугарч эхлэхэд үзэгчид эхлээд алмайрч, дараа нь дургүйцэн ундууцаж, төдөлгүй парисын эрхэмсэг язгууртнууд хөлбөмбөгийн тоглолт үзэж буй гудамжны хулигаанууд мэт дургүйцлээ байж болох бүхий л хэлбэрээр илэрхийлж эхлэв. Энэхүү аймшигтай, бас гайхамшигтай гэмээр үдшийн тухай америкийн зохиолч, гэрэл зурагчин Карл Ван Вехтен “Үзэгчдийн зарим хэсэг нь бүтээлийг гутаан доромжилж байснаа сүүлдээ бүр эвдэн бусниулж эхэлсэн. Хөшиг нээгдсэний дараагаас л тэд исгэрч, оркестр хэрхэн тоглох ёстойг зааварлан орилолдож байв. Энэхүү басамжлал доромжлол үе үе татран намжихаас бусад үед найрал хөгжимчид хөгжмөө ч сонсож чадахгүй байлаа. Миний хажууд сууж байсан залууд юу ч харагдахгүй байснаас тэр зогсоогоороо үзэж байв. Гүн сэтгэл хөдлөлд автсан түүний гар миний толгойн хавьцаа хөгжмийн хэмнэлтэй зэрэгцэн хөдөлж байлаа. Миний сэтгэл хөдлөл ч дээд цэгтээ хүрч, заримдаа орчны чимээ шуугианыг ч үл анзаарч байв” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Үймээнийг намжаахын тулд Дягилев заалны гэрлийг унтрааж, асааж байсан бол олны нүргээнд хөгжмөө ч сонсож чадахгүй болсон бүжигчдэд зориулан Нижинский тайзны араас чангаар тоолон хөдөлгөөнүүдийг сануулж байлаа. Харин Нижинскийг догдолсондоо тайз руу гарчих вий гэж айсан Стравинский түүний урт хүрэмний хормойноос байдгаараа зуурчихсан зогсож байсан гэдэг. Томас Келли “Тайзан дээр гарч ирсэн паганууд үзэгчдийг паган болгон хувиргав” хэмээсэн нь туйлын оносон тодорхойлолт байлаа. Төгсгөлийн гоцлол бүжгийн үеэр бүжигчин бүсгүй хацраа алгаараа даран зогсохыг харсан нэг нь “Шүдний эмч, хоёр шүдний эмч” хэмээн хашгирч байсан гэдэг. Хэдийгээр төсөөлөхийн аргагүй эсэргүүцэлтэй нүүр тулж байсан ч “Оросын Балет”-ын бүжигчид мэргэжлийн ур чадвар, сэтгэлийн асар их хатаар энэ бүхнийг даван туулж, тоглолтоо бүрэн дуусгаж чадсан нь гайхалтай. Тоглолтын дараа Дягилев “Яг л хүссэнээр боллоо” хэмээсэн гэдэг.

Уг тоглолт Парист ахин зургаан удаа, мөн тэр жилдээ Лондонд тавигдаад /Аз болоход английн үзэгчид маш тайван хүлээж авсан гэдэг/ үүнээс хойш 1980 оныг хүртэл ахин эх хувилбараараа тоглогдоогүй юм. Гэхдээ энэ хооронд олон шилмэл удирдаачид Стравинскийн гайхалтай хөгжмийг ахин дахин тоглож, бүжиг дэглээчид өөр өөрийнхөөрөө ахин дахин дэглэн тавьсаар байсныг хэлэх хэрэгтэй. Монголд ДБЭТ-ын тайзнаа ч уг бүтээл амилах цаг удахгүй ирэх биз ээ.

А.Амармэнд Сэтгүүлч
САНАЛ БОЛГОХ