Орон нутгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 1.1 тэрбумаар тогтоолоо

Мэдээ

УИХ сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-ний өдөр явуулахаар баталсан. Үүнтэй уялдуулан нийслэлийн Аудитын газраас дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг гаргалаа. Ирэх сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээ нэг тэрбум 142.5 сая төгрөг байхаар тогтоожээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар зардлын дээд хэмжээг сонгууль болохоос 90 хоногийн өмнө тогтоох учиртай.

Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо нутаг дэвсгэрийн байршил, хүн ам, сонгогчдын тоо болон Үндэсний аудитын газраас баталсан жишиг аргачлалын дагуу зардлын дээд хэмжээг тогтоосон гэдгийг Нийслэлийн аудитын газрын дарга Ц.Очирбат онцлов. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хувьд 4.7 мянган ам км нутаг дэвсгэртэй бөгөөд сая 345 мянга 500 хүн амьдардаг. Мөн 376 мянга 419 өрхтэй. Үүнээс 18-аас дээш насны 892.9 мянган хүн амьдардаг аж. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ болон аймаг, нийслэлийн ээлжит сонгуульд 843 мянга 689 хүн оролцож, саналаа өгсөн байна.

Гэхдээ Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сонгуулийн мандатын тоог хуульчилсан байдаг. Харин Сонгуулийн тухай хуульд сум, дүүргийн ИТХ- ын мандатын тоог сонгууль болохоос 45 хоногийн өмнө дүүргийн ИТХ-аас тогтооно хэмээн заасан байдаг аж. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учир мандатын тоонд өөрчлөлт орохгүй хэмээн үзэж, сонгуулийн зардлын хэмжээг тогтоосон гэлээ. Нийслэлийн аудитын газар сум, дүүргийн ИТХ-д нийт 295 мандат байна гэж тооцсон байна.

Ц.Очирбат: Зардлын хэмжээ буурсан

Энэ талаар нийслэлийн Аудитын газрын дарга Ц.Очирбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-2012 оны орон нутгийн сонгуультай харьцуулахад нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээ буурсан уу?

-2012 оны сум, дүүргийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тухайн сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоосон байдаг. Энэхүү зардлын дээд хэмжээтэй харьцуулахад энэ удаагийнх ойролцоо байгаа.

-Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээнд ямар өөрчлөлт орсон бэ?
-Нийслэлийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг бид тэрбум 460 сая төгрөгөөр тогтоож байсан. Харин энэ удаад зардлын дээд хэмжээг бууруулсан. Энэ нь телевизүүдийн эфирийн цаг багассантай холбоотой. Өмнөх сонгуультай харьцуулахад энэ жил олон хүн нэр дэвшинэ. 295 мандаттай байгаа учраас нам, эвслүүдэд ногдох телевизийн эфирийн цагийн хэмжээ багассан учраас нийт зардлын дээд хэмжээ буурсан.

Дүүргийн ИТХ-ын сонгуульд нэг тойрогт нэр дэвшигчдээс зарцуулах зардлын дээд хэмжээ:

Баянзүрх-48.8 сая төгрөг

Сонгинохайрхан-47.7 сая төгрөг

Баянгол-43.9 сая төгрөг

Хан-Уул-42.2 сая төгрөг

Чингэлтэй-42.2 сая төгрөг

Сүхбаатар-41.6 сая төгрөг

Налайх-31.7 сая төгрөг

Багануур-29.9 сая төгрөг

Багахангай-27.7 сая төгрөг

САНАЛ БОЛГОХ