АЛТАЙН ЭВДЭРСЭН ЗАМЫГ ШОРООГООР ХУЧЖЭЭ
Үргэлжлэн орсон аадар бороо, үерийн улмаас Говь-алтай- Баянхонгор чиглэлийн зам энэ 15-нд эвдэрч, осол аваар гарах эрсдэл үүсээд байсан юм. Тэгвэл Алтай хотоос гурван км-ийн зайд эвдэрсэн замыг засварласан байна. Энэ талаар ЗТЯ-ны мэргэжилтэн А.Гантулгаас тодрууллаа.
-Говь-Алтай чиглэлийн замыг зассан уу. Энэ замыг ямар компани барьж, хэдэн онд ашиглалтад оруулсан бэ?
-Алтайгаас Баянхонгор аймгийн чиглэлийн 128 км хатуу хучилттай замын хэсэг газар хүчтэй аадар бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн. Алтай хотоос гурван км-ийн зайтай эвдэрсэн замыг тус аймгийн зам хариуцагч компани засварлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болгосон. Одоогоор хучилт хийх төсөв мөнгө байхгүй учир шороогоор бөглөсөн байдалтай байна. Замыг хоёр жилийн өмнө Хятадын компани барьсан. Баталгаат хугацаа нь дууссан учир улсаас замын эвдрэлийг зассан.
-Дорноговь чиглэлийн замд мөн эвдрэл гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Дорноговийн замд эвдрэл гарсан тухай албан ёсны мэдээлэл манайд ирээгүй. Нэмж мэдээлэхэд улсын чанартай 12640 км зам бий. Үүнийг хариуцаж буй төрийн 20, хувийн найман компани бий. Энэ жилийн засварын ажилд 55 тэрбум төгрөг шаардлагатайгаас улсын төсөвт ердөө найман тэрбум төгрөг тавигдсан. Тиймээс бололцооны хэрээр замын нүхнүүдийг бөглөх зэргээр жижиг урсгал, засварын ажлыг хийж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй