НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖИХЭД АНХААРНА

Ярилцлага

Эдийн засгийн төрөлжилтөд саад болж буй зүйлийг арилгах хэрэгтэй

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсонтой ярилцлаа. Тэрбээр Монгол Улс хөрөнгө оруулахад таатай зах зээл гэсэн хүчтэй бөгөөд бодитой имижийг олон улсын зах зээлд бүрдүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо.

-Монгол Улс Дэлхийн банкны гишүүнээр элссэний 25 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс өгсөж, уруудсан, ган, зудтай нүүр тулсан бүхий л цагт үргэлж Дэлхийн банк дэргэд байсан. Хоёр талын харилцааг эргэн харвал хамтын ажиллагааны хамгийн ач холбогдолтой үе нь хэзээ байсан бэ?

-Яг энэ гэж хэлэхэд хэцүү. Бидний хамтын ажиллагаа бүхий л цагт ач холбогдолтой байсан. Монгол Улс ган, зуд зэрэг байгалийн гамшигтай нүүр тулж байх үед Дэлхийн банк үйл ажиллагаагаа орон нутаг, иргэд эд илүү чиглүүлж байлаа.

Харин 1990-ээд оны дундуур томоохон ордууд илэрсний дараа бид хөтөлбөрүүдээ эдийн засаг, тэр дундаа уул уурхайн эдийн засгийг удирдахад шаардлагатай институтийг ойлгуулах, бэхжүүлэхэд чиглүүлсэн. Мөн техникийн тусламж үзүүлж, судалгааны ажлыг ч эхлүүлсэн. Харин одоо түүхий эдийн ханш унаж, худалдааны хамтрагчдын эрэлт буураад байна. Зарим талаар, энэ нь сэрээх дохио болсон гэж боддог. Учир нь үүний дүнд төсөв, төлөвлөлт, өрийн удирдлагыг эргэн харсан. Цэгцэлж, шинэчлэх ажил эхэлсэн. Дэлхийн банк одоо ч төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө, тусламж үзүүлсээр байна. Цаашид ч үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Учир нь зөвхөн Монгол гэлтгүй бусад улсад энэ төрлийн систем үргэлж шинэчлэл шаардаж байна. Яагаад гэвэл дэлхий ертөнц тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, илүү дэвшилт, нарийн түвэгтэй болж байна шүү дээ. Тиймээс улс орнууд энэ шинэ сорилтод дасан зохицох шаардлагатай болж байна.

Мэдээж, шинэ сорилтууд тасралтгүй гарч ирсээр байх болно. Харин үүнд Дэлхийн банк өөрийн чадах чинээгээрээ тусална. Бидний тусалж чадах зүйл бол сорилтыг даван туулсан олон улсын туршлага, харах өнцөг, дэлхийн түвшний мэргэжлийн зөвлөгөө.

Монгол Улс сайн цагтай дахин золгоно

-Дэлхийн банк өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад 800 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ нь дэд бүтцийг хөгжүүлж, институцийн чадамжийг нэмэгдүүлж, ядуурлын түвшинг бууруулахад хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Монгол Улсад бодит нөлөө үзүүлсэн ямар салбар, хамтын ажиллагаа байна вэ?

-Анхаарал хандуулах асуудал цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж байдаг. Дэлхийн банк маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тиймээс ганц, хоёрыг нь сонгож хэлэхэд хэцүү. Гэхдээ бид аливаа зүйлийг эхлүүлж байгаадаа баяртай байдаг. Тухайлбал, Төвлөрлийг бууруулах хөтөлбөрийг нэрлэж болно. Энэ хөтөлбөр нь хөрөнгө оруулалтын шийдвэрт орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэмэх зорилготой.

Дэлхийн банкны төлөөлөгчийн хувьд нэг зүйлд тун сэтгэл хангалуун байдаг. Манай байгууллага төслийн эхний шатанд дэмжлэг үзүүлнэ. Дараа нь Засгийн газар түүнд анхаарал тавьж, цар хүрээг нь тэлж, цааш нь авч явдаг. Дээр өгүүлсэн төсөл ч яг энэ зарчмаар хэрэгжсэн. Төвлөрлийг сааруулснаар орон нутгийн иргэд хөрөнгө оруулалтын шийдвэрт оролцдог болсон.

Үүнээс гадна Дэлхийн банк мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт дэмжлэг үзүүлж байна. Эдгээр дэмжлэгийг 20 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад тэс өөр дүр зураг ажиглагдана. Өмнөх санхүүжилтийн тайланг харахад Дэлхийн банк орон нутгийн энгийн дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулдаг байлаа. Харин 15 жилийн дараа малчид, орон нутгийн иргэдийг үүрэн телефоны шугамд холбохын тулд технологийн салбарыг дэмжиж эхэлсэн. Үүнээс гадна, эрчим хүчний салбарт ажилласан. Засгийн газар “100 мянган нарны гэр” төсөл хэрэгжүүлснийг санаж байгаа байх. Энэ төсөлд манай байгууллага хамтарсан. Төслөөр дамжуулан бид гэрт амьдардаг иргэдэд 67 мянган нарны цахилгаан үүсгүүр хүргэхэд тусалсан.

-Энэ төсөл нэлээн олон жилийн өмнө хэрэгжсэн. Эргээд харахад энэ нь байгальд ээлтэй, өдгөө дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа ногоон төсөл байж дээ?

-Тийм ээ. Эрчим хүчний салбар бүхэлдээ хувьссан. Өмнө нь үйл ажиллагааг нь тасралтгүй явуулахын тулд илүү засаж, сайжруулдаг байсан. Харин одоо илүү нарийн бодлогоор зохицуулж байна. Бидний цаашдын зорилго ч нарны эрчим хүчийг дэмжихэд чиглэнэ. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банктай хамтран нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна.

-Монгол Улсад хэрэгжүүлж буй бүх төсөл, өдөр тутмын ажил, тайлан, өнгөрсөн болоод өнөөгийн үйл явдлыг дүгнэн үзэхэд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Би нэг жил хагасын өмнө Монголд суурин төлөөлөгчийн хувиар эргэн ирсэн. Энд ирээд хийсэн хамгийн эхний ажил маань цэцэрлэгийн нээлт байлаа. Дэлхийн банк Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн Сургуулийн өмнөх боловсрол төслийн хүрээнд Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэг барьсан. Энэ бол ямар үр ашигтай вэ гэдгийг бодитоор харж болох төсөл. Ирээдүйн залуу үеийг бэлдэнэ. Үнэхээр сэтгэл хөдлөм, сайхан төсөл байсан.

-Ярилцлагын сэдвээ бага зэрэг өөрчлөөд, эдийн засгийн төлвийн талаар ярилцъя. Та Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Монгол Улсад энэ жил нэлээд хүндхэн байх нь гарцаагүй. Монголын эдийн засагт хэд хэдэн бэрхшээл тулгараад байна. Түүхий эдийн үнэ унаж, эрэлт буурч байна. Өөрөөр хэлбэл, худалдааны түншүүд цөөрч байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурлаа. Монгол Улс хөрөнгө оруулахад таатай зах зээл гэсэн хүчтэй бөгөөд бодитой имижийг олон улсын зах зээлд бүрдүүлэх хэрэгтэй байна. Мэдээж энэ бүхнийг зохицуулах амаргүй. Монгол Улс хэдэн жилийн өмнө зардал, хэрэглээг тогтвортой түвшинд барьж, өндөр хяналттай байхад эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа. Одоо бол ийм түвшний шаардлагыг хангаж чадахгүй байна. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Жилийн өмнө макро эдийн засгийн орчинд тохируулга хийх цогц төлөвлөгөө боловсруулсан. Эдгээрийн дийлэнх нь шууд биеллээ олж, үр дүнгээ өгөхгүй.

Гэхдээ хэдэн жилийн өмнө хийсэн төсвийн зарим шинэчлэлийн хүрээнд зарим зүйлийг зөв замд нь оруулах болно. Тухайлбал, төсвөөс гадуурх зардлыг нэмж тооцно. Ингэснээр төсвийн бүх зардалд хяналт тавьж, ач холбогдлоор нь эрэмбэлэн хэрэгжүүлэх юм.

Дотоодын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бий болгох нь хамгаас чухал

-Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь зөвхөн эрсдэл бус боломж дагуулдаг. Үүнтэй та санал нийлэх үү. Учир нь эдийн засгийг төрөлжүүлэх талаар олон жилийн турш ярьсан. Гэсэн ч биеллээ олоогүй. Харин гадаадын хөрөнгө оруулалт буурснаар ам.долларын ханш чангарсан. Үүнээс үүдэн хил даван өндөр үнэтэй ам.доллараар худалдаа хийхээс татгалзаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь эрчимжиж байна?

-Эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг нь экспорт хийх боломжтой салбаруудыг дэмжихээс гадна импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бусад салбарыг илүү оршин тогтнох чадвартай болгоно гэсэн үг. Үүнд хэд хэдэн зүйл багтана. Тухайлбал, худалдааны хориг гэх мэт эдийн засгийн төрөлжилтөд саад болох зүйлийг арилгах хэрэгтэй. Мөн тогтвортой ханшийн дэглэмийг баримтлах нь чухал. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгч ч тогтвортой ажиллаж, импортын барааны эсрэг зогсож чадна.

Нөгөө талаас дэлхий дахинд эрэлт буурч байна. Энэ үеийг боломж болгон ашиглаж хүчирхэгжих нь чухал. Би мөчлөгийн болон мөчлөг сөрсөн бодлогын талаар ярьж байна. Мөчлөг сөрсөн гэдэг эдийн засаг сайн байхад хуримтлал үүсгэж, түүнийгээ хямралын үед зөөлөвч болгон ашиглах. Монгол Улс дахин сайн цагтай золгоно. Монголын эдийн засаг жижиг учраас томоохон хүчин зүйлийг даган савлаж байна. Тухайлбал, дэлхийн эдийн засаг, экспортын бүтээгдэхүүний эрэлт, түүхий эдийн ханш гэх мэт. Гэхдээ хөрөнгө оруулалт тогтворжихоор эргээд эдийн засаг сэргэнэ.

-Дэлхийн банкнаас гаргадаг "Бизнес эрхлэхүй" тайланд Монгол Улс 189 орноос 56 дугаарт жагссан. Зах зээлийн өрсөлдөөнийг капитал болгоход бид хангалттай зүйл хийж чадаж байна уу? -Хийх боломжтой зүйлс үргэлж л байдаг. Бизнес эрхлэлтийн үзүүлэлт бол харьцуулсан жагсаалт. Улс орон бүр үзүүлэлтээ дээшлүүлэхийг хүсдэг. Монгол Улс байр сууриа хадгалж авч үлдэхийн тулд сайжрах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд дэлхий дахинд өрсөлдөөн өрнөж байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтаас гадна дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд бизнесийн таатай орчин бий болгох нь хамгаас чухал. Товчоор хэлбэл, үндсэн гүйлгээнүүдийг найдвартай хийж гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Бас ямар нэг зүйл болохгүй байгаа бол эргээд гомдол мэдүүлдэг механизмтай болох нь чухал. Би хэдэн өдрийн өмнө Улаанбаатар хотод шинээр нээгдсэн төрийн үйлчилгээний супермаркетаар үйлчлүүлсэн. Үйлчилгээ сайжирсан нь шууд мэдрэгдсэн. Энэ нь иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд төр, засгийн байгууллагатай нэг дор, шуурхай ажиллах боломж олгож байна. Энэ маш чухал. Учир нь байгууллагууд цаг, заваа жижиг зүйлд үрэлгүй илүү шинэ зүйлийг санаачлахад зарцуулна.

Нөгөө талаас, ил тод байдлын тотголцоог бий болгох нь чухал ач холбогдолтой. Ингэснээр авилга, хээл хахууль цэцэглэх боломж хумигдана. Судалгааны дүнгээс харахад, бизнесийн орчныг нээлттэй, таатай болгоход ил тод байдал чухал болох нь харагдсан.

-Та Монгол Улсад 1990-ээд оны эхэн үед ирж байсан. Тухайд үед нөхцөл байдал ямар байв. Учир нь та нэг чуулга, уулзалтын үеэр юу ч байхгүй Монголын талаар ярьж байсан?

-Тийм ээ. Тухайн үед би Монголд ирээд миний хамгийн түрүүнд “байхгүй” гэдэг үгийг сурч байлаа. Хэдийгээр монгол хэл мэдэхгүй ч энэ үг байнга сонсогддог байсан. Зоогийн газар, дэлгүүрт орохоор халуун ус байхгүй, цахилгаан байхгүй гээд л. Энэ бол надад тохиолдсон бодит түүх. 1990-ээд оноос хойш Монгол Улс урт замыг туулж, өнөөгийн хөгжилд ирээд байгаа. Би Монгол Улсад 1993 онд ирээд, 1997 онд буцсан. Улмаар Дэлхийн банкны Вашингтон дахь салбар болон Европ, Төв Азийн бүсийн албанд ажиллаж байлаа. Харин жил хагасын өмнө Монголд эргэн ирсэн. Зарим тохиолдолд нүдний өмнө аажмаар өрнөж буй өөрчлөлтийг харахын тулд хол байж байгаад ирэх нь илүү амар байдаг. Монгол Улс үнэхээр гайхалтай өөрчлөгдсөн байсан.

САНАЛ БОЛГОХ