Далд уурхайн бүтээн байгуулалт хэвийн эрчимжлээ

Уул уурхай

“Оюутолгой” төслийн далд уурхайн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр барилга, худалдаа, үйлчилгээний салбар эрчимжих хүлээлттэй байна. Ингэснээр уул уурхайн бус үйлдвэрлэл энэ онд сэргэх магадлал өндөр байгаа аж. Уг төслийн үр дүнд эдийн засгийн өсөлт өмнөх оны түвшинд хадгалагдах боломжтойг зарим эдийн засагч тодотгож байна. Төслийн хөрөнгө оруулалт ирэх онд энэ оныхоос 2-3 дахин нэмэгдэхээр байгаа юм.

“Оюутолгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай томоохон гэрээг энэ сарын 21-нд байгуулсан. Энэ нь бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлэхэд чухал алхам болж байгааг тус компанийн зүгээс тэмдэглэж байна. Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний портал барих энэхүү гэрээг “Тийсс” болон “Хишиг Арвин”-ы хамтарсан компанитай байгуулсан юм. “Оюутолгой” компани далд уурхайд эдгээр хоёр компанитай хамтарч байна. Үйлчилгээний порталыг барихад ойролцоогоор 240 мянган шоо метр газар шорооны ажил хийгдэх аж.

Ингэснээр гүний уурхайгаас гадаргад гарах тусгай ам бий болгож, налуу нэвтрэлтийг хийх нөхцөл бүрдэх юм. Налуу амын барилгын ажлын хүрээнд тус бүр нь ойролцоогоор 5.5 метр өргөн, зургаан метр өндөр, 6.5 км урттай, зэрэгцээ орших хоёр хонгилыг барьж байгуулахаар төлөвлөгөөнд тусгагджээ. Нэг хонгил нь уурхайчид болон машин техник хэрэгсэл зорчих зориулалттай байх бол нөгөө хонгилд нь хүдэр болон хаягдал чулууг газрын гүнээс гадарга руу тээвэрлэх туузан дамжуулгын систем хийгдэнэ гэж “Оюутолгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс хэлсэн юм.

Гүний уурхайн энэ бүтээн байгуулалтад нийт 35 мянган шоо метр газар шорооны ажил, малтлагыг гүйцэтгэх аж. “Оюутолгой” компаниас зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгааг онцолж байна.

САНАЛ БОЛГОХ