Brexit-ээс дэлхийн эдийн засгийг хамгаална гэв

Мэдээ

Удааширч буй дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн гэж “Их-20”-ийн Сангийн сайд нар болон мөнгөний бодлого тодорхойлогчид мэдэгдлээ. Дэлхийн тэргүүлэх 20 улсын мөнгө, сангийн бодлого тодорхойлогчид энэ сарын 23, 24-нд БНХАУ-ын Чэнду хотод чуулсан. Энэ чуулга уулзалтаар хэд хэдэн асуудлыг хөндсөн байна. Уулзалт болохоос хэд хоногийн өмнө Олон улсын валютын сан тэргүүтэй байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг танасан. Үүний гол шалтгаан нь Brexit хэмээн тайлбарласан юм. Их Британи улс Европын холбоог орхисноор дэлхийн эдийн засагт шинэ сорилт бий болно гэж олон улсын байгууллагууд үзэж байна.

Тэгвэл Brexit-ээс үүдэлтэй сорилт, тодорхойгүй байдлаас дэлхийн эдийн засгийг хамгаалахад “Их-20”-ийн орнууд хамтрахаар боллоо. Үүнээс гадна өнгөрсөн тавдугаар сард дэлхий нийтэд дэлгэсэн Панамын баримтууд нь олон улс даяар татварын тогтолцоог өөрчлөх цаг ирснийг баталж байна гэж БНХАУ-ын Сангийн сайд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд хөрөнгө хадгалах явдал ихэссэн нь олон улсын татварын тогтолцоог шударга, ил тод болгохыг шаардаж буй аж. Энэ шинэчлэлийг “Их- 20”-ийн орнууд эхлүүлэх хэрэгтэй гэж Хятадын талаас үзэж байна.

Энэ нь саарч буй дэлхийн эдийн засгийн тэнцвэрийг хангах, өсөлтийг дэмжихэд тустай аж. Тэрчлэн манай гарагийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгсэл хангалтгүй. Сангийн болоод татвар, гаалийн бодлогыг өөрчлөх шаардлага байгааг “Их- 20”-ийн төлөөлөгчид онцолж байна. Тэгвэл АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью “ Дэлхий даяар бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, бүтээмжийн өсөлтийг тэлснээр эдийн засгийн өсөлтийг хангана” гэж мэдэгдэв. Энэ удаагийн уулзалт нь BRICS -ийн гишүүн орны нэг БНХАУ-д болсон. Тэр утгаар BRICS -ийн дэлхийн эдийн засаг дахь нөлөөг мөн хөндөн ярилцсан байна.


САНАЛ БОЛГОХ