Эрүүл чипсний эрэлд
Гишүүнэ ургамлын ишээр чипс үйлдвэрлэж байна
“Хальс шиг нимгэн атлаа шаржигнасан дуутай, Шорвог атлаа амтлах мэдрэхүйд гойд нийцдэг”. Энэ юу вэ?
Уншигч таны таамаг зөв. Энэ бол амны зугаа, аяны “анд” амтат чипс юм. 1800-аад оны дундуур нэгэн тогооч шарсан төмс эзэндээ өгчээ. Гэтэл өнөөхийг нь зоогийн газрын эзэн нь зузаан байна хэмээн шүүмжилсэн аж. Хариуд нь тогооч хальс шиг нимгэн төмс өмнө нь тавьжээ. Харин энэ нь зөрүүд эзнийх нь таалалд гойд нийцсэн гэдэг. Ингэж хөнгөн зуушны нэг төрөл, хүн төрөлхтний хүнс энэ ер бусын амттан буй болсон түүхтэй.
Хэдийгээр чипс манайд хожуу дэлгэрсэн ч хүүхэд, багачуудын байнгын хэрэглээ хэдийнэ болсон. Хүүхэд гэлтгүй томчуудын шар айрагны даруулга, аян замын “анд нөхөр” болжээ.
Чипсийг заримдаа шарсан төмс хэмээн нэрлэх нь бий. Учир нь чипсний түүхий эд нь төмс учраас тэр. Гэвч төмс хэмээх энэ түүхий эд нь цардуулаар баялаг, илчлэг ихтэй. Иймд эрүүл хүнсийг эрхэмлэгч, турахыг хүсэгчдийн хувьд тийм ч таатай бүтээгдэхүүн биш.
Илчлэг ихтэй төмсийг амин дэмээр баялаг лууван, алим, хүрэн манжингаар орлуулжээ
Нэгэн цагт амттаны араас хошуурч, хайрсан хүнсийг таашааж байсан дэлхий нийт өдгөө хоолны дэглэмээ өөрчилж, эрүүл хүнсийг эрхэмлэх болсныг та анзаарсан байх. Хийжүүлсэн ундаа, хачиртай талх тэргүүтнийг жимс, хүнсний ногоогоор сольж эхэлсэн. Энэ давалгаа илчлэг өндөртэй чипсийг ч тойрсонгүй. Чипс нь өндөр илчлэгтэйн дээр өнгө, амт оруулагч давсаар баялаг. Тийм атлаа амин дэм, эрдэс бодисоор ядмаг. Иймд энэ амттан эрүүл хүнсийг эрхэмлэгчдийн хүсэл хийгээд хясал болон хувирсан юм. Үүнээс үүдэн төмсөн чипсний борлуулалт муудаж, үйлдвэрлэгчдийнх нь орлого буурчээ. Энэ үеийг тэд төмсөн чипсний хямрал хэмээн нэрлэдэг.
Гэвч энэ амаргүй цагийг туулах аргыг үйлдвэрлэгчид олжээ. Энэ нь уламжлалт чипсний үндсэн асуудал болсон түүхий эдийг нь сольсон байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд тусгүй хэмээн чичлүүлж байсан төмсийг амин дэмээр баялаг лууван, алим, хүрэн манжин, цэцэгт байцаагаар орлуулжээ. Энэ ч чипсэнд дурлагсдын таалалд гойд нийцсэн аж.
Хэдийгээр төмснөөс өөр төрлийн түүхий эдээр хийсэн чипс өдгөө манай дэлгүүрүүдийн лангуунд төдий л харагддаггүй ч дэлхий нийтэд дэлгэрсэн. Төмсөн чипс үйлдвэрлэгч томоохон компаниуд ч бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулсан. Мөн зөвхөн хүнсний ногооны чипс үйлдвэрлэдэг компаниуд ч үүсэн, бий болжээ. Тухайлбал, АНУ-ын “Connecticut Country Fair Snacks”, “Caroff Foods” зэрэг компани үүний тод жишээ.
Мөн хүнсний ногооноос гадна нимбэг, банана, гүзээлзгэнэ, тэр бүү хэл гишүүний ишээр чипс хийдэг. Энэ төрлийн чипс нь биеийн жингээ хадгалах болон турах хүсэлтэй хүмүүст тохиромжтой төдийгүй хүүхэд, багачуудад тустай. Иймд хэрэглээ нь жилээс жилд тэлсээр байна.
Чипс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг АНУ-д гэхэд хүнсний болон нарийн ногоогоор хийсэн чипсний хэрэглээ нэмэгджээ. Тус улсын хөнгөн зуушны нийт зах зээлийн 18.9 хувийг энэ төрлийн чипс дангаараа бүрдүүлдэг. Харин төмсөн чипс зах зээлийн 24 хувийг эзэлдэг аж.
АНУ-д хүнсний болон нарийн ногоогоор хийсэн чипсний хэрэглээ хөнгөн зуушны зах зээлийн 18.9 хувийг эзэлдэг.
Хэдийнэ дэлхий нийтийн хэрэглээ болсон энэ төрлийн чипсийг Монголд үйлдвэрлэх боломж бий. Сүүлийн жилүүдэд манай иргэд эрүүл хооллолт, жимс, ногооны ач тусыг ойлгож, хэрэглээ нь нэмэгдсэн. Бас таргалалттай тэмцэгчдийн тоо ч олширсон. Тэгвэл энэ төрлийн чипс нь эрүүлийг хүсэгч, таргалалтыг эсэргүүцэгч, чипсэнд дурлагсдын таалалд гойд нийцэж, дуртай амттан болох нь дамжиггүй.
Манай улсад төмс болон төмсний гурилаар чипс үйлдвэрлэдэг компаниудын тоо гарын арван хуруунд багтдаг. Мөн дотоодын чипсний үйлдвэрлэл жилээс жилд хумигдаж буйг үйлдвэрлэгчид учирлаж байсан. Үүнтэй зэрэгцээд импортынх тэлж байгаа аж. Монголын чипсний хэрэглээ жилд 400 тоннд хүрдэг гэсэн статистик бий. Тэгвэл үүнийг дотоодоосоо хангах, цаашлаад шинэ төрлийн бүтээгдэхүүнээр үндэсний брэндийн тоог нэмж, хэрэглэгчдээ дайлах боломж байна. Эрүүл мэндэд ээлтэй энэ чипсний санааг бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгч хэн бүхэнд санал болгож байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй