Огторгуйн гүнд шумбах тэмүүллийн шинэ дүрслэл

Кино

Хоржоон, гайхалтай зохиол, сэтгэл догдлуулам найруулгын хослол үзэгчдэд сонгодог мэдрэмж төрүүлнэ

“Галзуу хурд” киноны франчайзыг амжилттай үргэжлүүлж байгаа тайвань гаралтай америк найруулагч Жастин Лин “Оддын аян” цувралын 50 жилийг тохиолдуулан хийсэн бүтээл нь шүүжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.

“Enterprise” хөлгийн баг “Огторгуйн гүнд” таван жилийн хугацаатай цоо шинэ даалгавар биелүүлнэ. Киноны дүрүүд, үйл явдал 2009 онд гарсан эхний анги болох “Оддын аян”, 2013 онд гарсан “Оддын аян: Харанхуй руу” цувралтай холбоогүй, огт өөр чиглэлээр үргэлжилнэ. Хөлгийн залуурч Сулу л гэхэд ижил хүйстнээ сонирхогч нэгэн болсон байх агаад хэдийнэ амьдрал зохиож, нөхөр, хүүхэдтэй болсон байна. Харин командагч Спок, Нийота Ухара нарын дотно харилцаа төгсчээ. Хөлгийн командлагч Монтгомери Скотт хөлөгтэйгээ ноцолдсоор л.

Харамсалтай нь огторгуйн мананцар дундах нэгэн гараг дээр осолдсон хөлгийг аврахаар эргэн дуудагдсан “Enterprise”- ийнхан олон дайралтад өртөж, сүйрлийн ирмэгт ирнэ. Харийнхны дайралтыг толгойлсон хорон санаат Кралл “Enterprise”-ын ахмад Киркийг хулгайлахаар дайрсан нь энэ. Довтолгооны үед бие биеэсээ төөрсөн хөлгийн багийнхан эргэн нэгдсэн ч хэний ч хөл хүрээгүй газарт багийнхнаа хөтөлдөг ахмад Кирк л алга. “Enterprise”-ын гайхамшигт баг гурван жилийн дараа ч чадварлаг хэвээр гэдгийг Саймон Пегг, Даг Жунг нар “Огторгуйн гүнд”-ийн хамтран бичсэн кино зохиолоороо батлав. Сансар огторгуйн гүнд “Enterprise” хөлгийн багийнхан ер бусын онцгой даалгаврыг төрөл бүрийн соёл иргэншилд гүйцэтгэнэ. Харин ахмад Кирк ирээдүйгээ юу, Холбоог дагах уу гэсэн сонголтын өмнө тулж ирнэ. Эцсийн эцэст хөлгийн багийн хэн боловч олон сая хүн, амьтныг нэг мөсөн устгах чадалтай аймшигт зэвсэг бүтээж буй Краллыг зогсоох нь эцсийн зорилго байлаа.

Огторгуйн гүнд үргэлжлэх оддын энэ удаагийн аян цоо шинэ, зөгнөлт бүтээл

Киноны зураг авалт өнгөрсөн оны зун эхлээд, арванхоёрдуугаар сар гэхэд үндсэндээ дуусчээ. Шинэ оны өмнө анхны трейлерээ цацсан ч ажиглагчдын зүгээс хэтэрхий их тулаантай гэдэг шүүмжлэл хүртэж байсан юм. Киноны зохиолыг хамтран бичсэн Саймон Пегг ч мөн адил сэтгэл дундуур байгаагаа хэлсэн билээ. Харин тавдугаар сарын 20, зургадугаар сарын 27-нд дараалан цацагдсан трейлер өмнөх хүлээлтийг 180 хэм эргүүлснийг хүлээн авагчдын сэтгэгдэл нотолно. Найруулагч Жастин Линийн “Оддын аян: Огторгуйн гүнд” анги уг цувралын уламжлалыг эргүүлэн авчирчээ. Инээдэм, найруулгын нарийн ур чадвар, сэтгэл догдлуулсан дэлгэц дүүрэн адал явдлыг мэргэжлийн өндөр түвшинд харуулсан байна. Нөгөө талаар хоёр зохиолч киноны дүрийг баяжуулан, гайхамшигтай үг хэллэг, дүр хооронд өрнөсөн яриа нь найруулагчийн оновчтой хэв маяг, камерын хөдөлгөөнтэй хосолсноор “Огторгуйн гүнд”- ийг уг цувралын 13 бүтээлийн түүхэн дэх хамгийн шилдэг кино болгосон нь маргашгүй. Энэ зун туулж өнгөрүүлэх ёстой адал явдлуудын нэгэнд “Огторгуйн гүн” дэх сэтгэл догдлуулам тулаан заавал байх учиртайг олон нийтийн сүлжээ болон цахим хуудаст үзэгчид дуу нэгтэй зөвшөөрчээ. Өмнөх хоёр цувралтай харьцуулахад “Огторгуйн гүнд” дүрүүддээ ихээхэн анхаарсан байна. Зохиолчид төдийгүй найруулагч, зураг авалтын баг тэр чигтээ дүрийнхээ онцлог, мөн чанарыг тултал нь гаргаж өгөхийг чармайсан аж.

Кино зохиол хэдэнтээ өөрчлөгдсөн нь зураг авалтыг хэд хэд таслахад хүргэсэн гэдэг. 2015 оны зургадугаар сард Ванкувер, Скуамишэд эхэлсэн зураг авалт Сөүл, Дубай хотод үргэжлилсэн байна.

“Огторгуйн гүнд” олон талаараа “Оддын аян”-ы анхны цувралын үргэжлэл мэт. Кинонд гарах “Saurian” брендигийн лонхноос эхлээд У.Шекспирийн эшлэл хүртэл анхны хувилбарыг санагдуулах ч хамгийн гол нь цоо шинэ адал явдал, мэдрэмжийг үзэгчдэд өгч байгаа нь тэдний сэтгэл ингэтлээ татагдах гол шалтгаан. Киноны найруулагч Жастин Лин хэдийгээр ухаан балартуулам олон тулаан, адал явдлыг хэлхдэгээрээ алдартай ч энэ удаад “Enterprise”-ыг цоо шинэ өнцгөөр үзэгчдэд харуулахыг зорьсноо хуваалцсан байна. Түүний хэлснээр үзэгчид уран зөгнөлт дүрслэлээр “Enterprise”- ын доторх орчин, хөдөлгөөн, сансарт нисэж буй зураглалыг хүлээж авах аж. “Огторгуйн гүнд” нийтдээ 74 орны 3,929 кино театрын дэлгэцэнд амилж байгаагийн 391 нь IMAX кино театрт гарч байна. Нээлтээ хийсэн эхний амралтын өдрөө 50-60 сая ам.доллар олжээ.

Хамгийн алдартай “Rotten Tomatoes” цахим хуудаснаас 100-гаас 85 хувийн эерэг үнэлгээ авсан бөгөөд киноны үнэлгээ дунджаар 10-аас 6.9-тэй байна. Сонирхуулахад “Огторгуйн гүнд”-ийн кино шүүмж ч ашиг орлого өндөртэй байгаа аж.

“Оддын аян” цувралын хагас зууны ой дээр тохиож буй “Огторгуйн гүнд” хэрэв үзэгч, шүүмжлэгчдийн сэтгэлд хүрэхгүй байсан бол дэндүү ичмээр хэрэг болох байлаа. Азаар хэрэг явдал эсрэг зүгт өрнөж байна. Үзгэчдэд сонгодог мэдрэмж төрүүлэх хоржоон, гайхалтай зохиол, сэтгэл догдлуулам найруулгын хослол энэ зун ашиг орлогоороо тэргүүлэх киноны жагсаалтыг манлайлах нь дамжиггүй.

САНАЛ БОЛГОХ