Германд болсон дэлбэрэлтийг Сирийн дүрвэгч үйлджээ

Мэдээ

ХБНГУ-ын Ансбах хотод амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлж 12 хүнийг шархдуулснаас гурван хүний биеийн байдал хүнд байна. Энэ үйл явдлын дараа Бавариа мужийн дотоод хэргийн сайд "27 настай сэжигтэн ХБНГУ-аас орогнол хүссэн Сирийн дүрвэгч байсан" гэдгийг онцолсон мэдэгдэл хийжээ. ХБНГУ-ын Бавариа мужийн дотоод хэргийн сайд Joachim Herrmann хэлэхдээ “Ансбах хотод оройн цагаар санаатай халдлага болж олон хүний аминд хүрэхийг завдлаа. Ансбахын задгай талбайн хөгжмийн наадам амралтын өдрөөс хойш үргэлжилж байгаа. Сэжигтэн наадмын талбайд нэвтрэхийг завдсан ч түүнийг оруулаагүй. Орох зөвшөөрөл олгохоос татгалзсаны дараахан оройн 22:10 минутад дэлбэрэлт болсон.

Амиа золиослогч этгээд газар дээрээ амьсгал хураасан. Харин дэлбэрэлтэд өртөж шархадсан 12 хохирогчийн гурвынх нь биеийн байдал хүнд байна” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр "ХБНГУ-д амьдарч байгаа хүмүүст тавих хяналт шалгалтыг чангатгах ёстой гэдгийг батлан харуулсан үйл явдал боллоо" гэсэн далд утгатай үг хэлжээ. Задгай талбайд зохиогдож байсан хөгжмийн наадмын талбайд нэвтрэх хэсэгт дэлбэрэлт болсны дараагаар наадамд оролцохоор ирсэн 2.500 орчим хүнийг яаралтай талбайгаас холдуулсан байна.

Цагдаагийн газрын анхан шатны дүгнэлтээр тэсрэх бөмбөгт металл эд анги суурилуулсан тул цөөнгүй хүний аминд хүрэх чадалтай тэсрэгч ашигласан гэж дүгнэжээ. Одоогоор амиа золиослогч этгээдийн халдлага үйлдэх болсон шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Энэ нь сүүлийн долоо хоногийн хугацаанд ХБНГУ-ын Бавариа мужид болсон гурав дахь халдлага болж байна. Үүний өмнө баасан гарагт галт зэвсгээр есөн хүний амийг хөнөөсөн хэрэг гарснаас гадна “Wuerzburg” хотод сүхээр зэвсэглэсэн этгээд олон хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм.


САНАЛ БОЛГОХ