Амазонын сав газар туйлдаж байна

Экологи

Нүүрстөрөгчийг шингээх чадвар 30 гаруй хувиар багасчээ

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Амазон мөрний сав газрын ойн агаар мандал дахь нүүрстөрөгчийг шингээх чадвар 30 гаруй хувиар багасчээ. 2005, 2010 онд нүүрлэсэн гангийн улмаас тус сав газрын мод устаж, ой эргэж сэргэх явц илт удааширсныг судлаачид тогтоосон байна.

Мөн 2015, 2016 оны эхэнд тохиосон Эл-ниногийн улмаас борооны улиралд Амазон мөрний сав газар орсон тундасны хэмжээ эрс багасчээ. Ийнхүү тус бүсийн ойн зарим хэсэг ганд нэрвэгдсэн байна.

Олон улсын судлаачдын баг зургаан сая ам метр талбай эзлэн оршдог Амазон мөрний ойн 100 цэгээс авсан шинжилгээгээр дээрх дүгнэлтэд хүрчээ. Ой модны ургалт саарахад 2010 онд нүүрлэсэн хэт халалт голлон нөлөөлсөн байна. Тус ой хулгайгаар мод тээвэрлэгчид болон агаарын температурын өсөлтийн улмаас их хэмжээгээр устсанаар агаар мандалд тархсан нүүрстөрөгчийг жилд олон саяар нь шингээж хүчрэхгүй болсныг судлаачдын ахлагч, Лийдсийн их сургуулийн профессор Оливер Филипс тайлбарлав.

Дэлхийн хамгийн том ширэнгэн ойн нэг болох тус бүс нутгийг хамгаалах ажил Бразилд хамгийн идэвхтэй өрнөдөг.

Их Британийн Эксетерийн их сургуулийн судлаач, тус судалгааны багийн гишүүн Том Фельдпаш “Судалгааны үр дүн агаарын температурын өсөлт зэрэг Амазон мөрний сав газарт бүхэлд нь нөлөөлсөн. Иймд байгаль орчны нөхцөл байдлын талаарх судалгааг сайжруулах хэрэгтэйг харуулж байна” гэв. Олон улсын сансрын станцаас авсан зураглалаар Амазоны сав газрын ой түймэрт өртөх эрсдэл энэ онд өндөр байгаа аж. Энэ нь өмнө нүүрлэж байсан гангийн уршгийг нэмэгдүүлэх аюултай байна. 2011 онд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ойн түймэр болон далайн усны гадаргын температур нэмэгдэх үзэгдлийн хоорондын уялдааг тогтоосон НАСА-гийн загвар боловсруулжээ. Эл-Нино үзэгдлийн үед тохиодог Номхон далайн халуун орны бүс орчмын болон Атлантын далайн усны гадаргын температур халах тусам Амазон мөрний сав газарт буух тундсыг холдуулдаг байна. Үүний улмаас энэхүү бүс нутагт хуурай сарууд үргэлжлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. “Халууны улирал эхлэх үед эндхийн ой чийг бага байвал түймэрт өртөмтгий болдог. Агаар мандалд ялгаруулах чийгний хэмжээ багасдаг” хэмээн загвар боловсруулагч эрдэмтдийн нэг Ян Чень тайлбарлалаа.

Ой модны ургалт саарахад 2010 онд нүүрлэсэн хэт халалт голлон нөлөөлсөн байна

Амазон мөрний сав газар нийтдээ есөн улсын газар нутгийг хамран оршдог бөгөөд 15 мянган төрлийн мод, дэлхийн биологийн нийт төрөл зүйлийн 20 гаруй хувийг агуулдаг байна. Эндхийн 300 тэрбум мод дэлхийн биомасс дахь нүүрстөрөгчийн 20 хувийг шингээдэг шидтэй. Мөн дэлхийн шатдаг түлшний нийт ялгарлыг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэх буюу 18 тэрбум тонн нүүрстөрөгчийн идэвхтэй давтамж жил бүр энд явагддаг аж.

Дэлхийн хамгийн том ширэнгэн ойн нэг болох тус бүс нутгийг хамгаалах ажил Бразилд хамгийн идэвхтэй өрнөдөг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Баруун Европын газар нутгийг дөрөв нийлүүлсэнтэй адил хэмжээний талбайтай тус ойгоос хулгайгаар мод тайрах явдлыг 90 хувь бууруулна гэсэн зорилтдоо хүрсэн байна. Түүнчлэн сэргээсэн ойн Английн газар нутагтай тэнцэхүйц хэмжээнд хүрчээ.

САНАЛ БОЛГОХ