Ландшафтын эрин Монголд

Нийтлэл

Ландшафт орчны өнгө үзэмжид онцгой их нөлөөтэйг хүлээн зөвшөөрөх болсон.

"Ландшафт" гэдэг нь Германаар газар талбайн төрх, байгалийн зураг гэсэн утгатай. Энэхүү нэршлийг анх 1805 онд Германы газарзүйч А.Гомейер сэджээ. Орчноо тохижуулах, цэцэрлэгжүүлэх урлаг иргэншил үүссэн тэр цаг үеэс эхлэлтэй аж. Эртний Грек, Ромын томоохон хотууд ихэвчлэн чулуу, шохойн чулуугаар хот барьдаг байсантай холбоотойгоор хүн амын дунд элдэв тахал газар авсан тул орчноо зүлэгжүүлэх, тохижуулах шаардлагатай болсон гэдэг.

Харин орчин үеийн ландшафтын соёлыг дундад зууны үеэс эхлэлтэй гэж мэргэжилтнүүд үздэг байна. Тухайн үед уран барилга хүчээ авч, тохижуулах, зүлэгжүүлэх соёл ч дагаж хөгжсөн. Итали бол ландшафтын хамгийн том жишиг улс юм. Дэлхийн уран барилга, соёлын томоохон төв нь Флоренц хот байв. Тэндхийн Нептуны усан оргилуур хамгийн түрүүнд нэр дуудагдана. Тухайн үед хамгийн анх “Ландшафт” гэх нэр томъёог ашигласан хүн нь Шотландын ургамал зүйч , уран барималч Гилберт Лайн Мисон юм. Тэрээр 1820-иод оны дундуур Италид аялахдаа “Вертиусын гайхалтай ландшафт” нэртэй 10 боть ном гаргажээ.

Энэ үйл явдлаас даруй 20 жилийн дараа Ландшафтын архитектурыг Жон Кладиус Лудон уран барилгын тодорхой нэг хэсэг болгон, шинжлэх ухааны хэлбэрт илүү ойртуулсан. Лудоны сайжруулсан санааг онолын нэгдсэн системд оруулах, шинжлэх ухааны нэршил бий болгох зорилгоор Америкийн ландшафтыг үндэслэгч Эндрью Жаксон Давнинг 1850-иад онд ном хэвлүүлсэн. Энэ нь ландшафтын тухай шинжлэх ухаанчаар онолын нэгдсэн ойлголтонд оруулсан анхны ном юм.

Ландшафтаар АНУ, Канад, Австрали, Итали, Шинэ Зеланд, Ирланд, Их Британи улс дэлхийд тэргүүлдэг. Эдгээр улсад ландшафтын зураг төсөл гаргадаг дизайнерууд сард дунджаар 70 мянган ам.доллараар цалинждаг гэх судалгаа бий.

» Орчин үеийн ландшафтын соёлыг дундад зууны үеэс эхлэлтэй гэж мэргэжилтнүүд үздэг.

» Хүн ногоон өнгө харж, ногоон орчинд байхдаа таатай энерги мэдэрч, тайвширдаг.

» Анх “Ландшафт” гэх нэр томъёог ашигласан хүн нь Шотландын ботаникч, уран барималч Гилберт Лайн Мисон юм.

1990-ээд оноос эхлэн хамгийн шилдэг ландшафтыг бүтээсэн компаниудад АНУ-ын ландшафтын хүрээлэнгүүдийн нэгдсэн академиас 1-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон. Энэ мэтчилэн ландшафтаар дэлхийд тэргүүлэгч орнууд энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулж, анхаардаг аж .

Ландшафт гэдэг бол барилгатай дагалдаж явдаг тусгай урлаг юм. Барилга барилаа гэхэд машины зогсоол, ногоон байгууламж, тохижилт гээд өнгө үзэмж нэмэх хүчин зүйл дагалддаг. Хүрээлэн буй орчноо тохижуулах, цэцэрлэгжүүлэх гэсэн утгатай үг. Ландшафтыг дотор нь хот төлөвлөлт, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, ойжуулалт гэж ангилна. Бүх ангилал нь дотроо явган хүний, автомашины, дугуйн зам, ногоон байгууламж гэх мэт нийтийн хэрэглээний зүйлсийг шийдэж өгдөг.

Ландшафтын зураг гаргахад нэгдүгээрт, явган хүний зам, хоёрдугаарт ногоон байгууламж, дараа нь машины зогсоолыг зайлшгүй шийдэж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна байгалийн гаралтай элемент оруулбал илүү үзэсгэлэнтэй болдог. Жишээлбэл, явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар хийж, ногоон байгууламж зэргийг ч чулуугаар хязгаарлаж өгвөл сайхан үзэмжтэй болно. Түүнчлэн усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай зэргийг зөв газар нь байрлуулбал орчны үзэмжид сайнаар нөлөөлнө.

Монголд хашаатай, амины орон сууцад амьдардаг хүмүүсийн тоо өсөх болсон . Тэд ландшафт зураг төсөл гаргуулахыг хүсдэг ч өртөг өндөр учир хүн бүрт хүртээмжтэй биш байна.

Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг нэг хэсэг мартагдаж, эмх замбараагүй болоод байсан. Харин 2013 онд тэндхийн ландшафтыг цогцоор нь шийдэж өгсөн. Ерөнхийдөө тэр үеэс ландшафтыг чухалчлах болсон гэж болно. Учир нь ландшафт хотын өнгө төрхөд үлэмж нэмэр үзүүлдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Хүн ногоон өнгө харж, ногоон орчинд байхдаа таатай энерги мэдэрч, тайвширдаг. Түүнчлэн ногоон байгууламжаа шийдсэнээр хүн эрүүл, таатай амьдрах нөхцөл бүрдэх юм.

Гэр хорооллын хашааны хөрс ямар ч байсан зүлэг ногоо ургуулах боломжтой. Гэхдээ байгалийн хүчин зүйл, орчин нөхцөлөөс шалтгаалан ногоон байгууламжийн эзлэх хувь харилцан адилгүй байна.

Ихэнх хүн ландшафтыг зөвхөн ногоон байгууламж гэж ойлгодог. Гэтэл үүнд хүрээлэн буй орчныг тохижуулах цогц шийдлийг хамруулдаг. Тиймээс ч ландшафт зураг төсөл гаргах, гүйцэтгэх өртөг үнэтэй байдаг аж.

Дизайнер Ж.Эрдэмбат “Нүхтийн айлууд ландшафтыг цогцоор шийдсэн. Лагерийн айлууд ч ландшафтад онцгой анхаарах болсон. Монголд амины орон сууцны гадна тохижилтыг хэрхэн шийдвэрлэх жишгийг тэндээс харж болно” гэж хэллээ.

САНАЛ БОЛГОХ