Б.Гангаамаа: Уул бүхэн миний “багш”

Хүмүүс

"Хагас сар өдөр, шөнөгүй усан бороон дунд л явсан даа"

“Бид дөрвөн цаг авирч мөсөн хананы толгойд хүрлээ. Тэндээс ачаагаа цаснаас аван нэмж үүрээд цааш мацаж эхлэв. Ачаа маань толгойноос дээш магадгүй 40-өөс 50 см өндөр бөгөөд өвдөг чичрэн арай чүү л алхаж байв. Хяр даган цас мөсөөр хучигдсан өндөр хясаануудыг өгсөж нэг уруудаж, нэг авирсаар хоёр дахь хясаан дээр гартал цаана нь дахин харандаа шиг шовх цагаан хясаа харагдлаа... “Би бол Денали. Миний зулайд тийм ч амархан хөл тавихгүй шүү” гэж уул өдөр бүхэн бидэнд сануулж байв. Бидний хажууд 600 гаруй метр өндөр, 60-70 хэмийн налуу мөсөн хана зүрхэнд шар ус хуруулан цайрч харагдлаа. Энэ бол Денали пасс. ...Би шантарч “No” гэж хашгиран, сөхрөн суугаад уйлж гарлаа” хэмээн Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа одоогоос дөрвөн жилийн тэртээ Хойд Америкийн ноён оргил Деналиг зорьж явсан тэмдэглэлдээ бичиж үлдээжээ.

Өөрийнх нь тодорхойлсноор уулын спортынхны алтан медалийн тавцан гэгдэх Деналигийн зулайд гурвантаа оролдсоны эцэст мөрөө гаргаж чадсан Б.Гангаамаа “Уул бүхэн миний багш” хэмээн өгүүлнэ.

Жек Лондоны “Аниргүй цагаан дайд” өгүүллэгийн түүвэрт гардаг шиг, эс бөгөөс эхнээсээ дуустлаа үхэл, амьдралын эцэс төгсгөлгүй тэмцлээр үзэгчдийг тэвдүүлэх кино гэмээр замналд амжилтаа цогцлоож яваа уулчин Б.Гангаамаа дэлхийн таван тивийн торгон зулайд таван жилийн хугацаанд хөл тавьж, төрийн далбаагаа мандуулжээ. Хамгийн сүүлд далайн ноён оргил болох Индонезийн Карстенз пирамид болон Австрали тивийн хамгийн өндөр цэг болох Косушкад амжилттай гараад ирэхэд нь ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Юуны өмнө танд амжилтаа ахиулж, Косушка, Карстенз пирамидын зулайд монгол хүний мөрийг тавьсанд баяр хүргэе.

-Баярлалаа

-Карстенз пирамид бол хадан оргил. Анхны оролдлогоороо гарсан уу?

-Энэ уул бол дэлхийн долоон ноён оргилын нэг юм. Харин хамгийн хэцүү хүнд уул бол биш. Миний авирсан бусад уулнаас ялгаатай нь цэвэр хадны авиралт. Урьд өмнө монгол хүн гарч байгаагүй болохоор би анхных нь боллоо. Анхны оролдлогоороо гарсан. Харин уулынхаа 4300 метрийн өндөрт бааз дээр тэр ширэнгэн ойг тав хоног туулж очдог. Тэр л чанга юм байна.

Монгол гэдэг нэрийг тодоос тод бичүүлчих хүсэл мөрөөдөл маш их байна

-Бэлтгэлээ хэр базаасан бэ? Өмнө нь хаданд авиралт хийж байсан туршлага хэр байв?

-Ямар ч байсан энэ спортоор хүүхэд байхаасаа өнөөдрийг хүртэл 25 жил явж байна. Дэлхийн зургаан тивийн долоон ноён оргилд хөл тавьчихлаа. Гадаад дотоод олон авиралтыг удирдаж, зохион байгуулж авирсан. Тэр дагуу хуримтлуулсан жаахан туршлага бий.

-Цаг агаарын байдал ямархуу байв? Саад бэрхшээл хэр тулгарсан бэ?

-Эквадорын бүсийн халуун орны нутагт байдаг болохоор тэр ууланд үргэлж бороо орж байдаг юм билээ. 14 хоног өдөр, шөнөгүй усан бороон дунд л явсан даа. Өглөө бүр хувцасаа мушгин, халгаж халгаж л өмсөнө дөө.

-Ууланд авирах улирал гэж хэдий үеийг хэлдэг юм бэ?

-Уул бүр өөр өөрийн тогтсон авирдаг улиралтай байдаг юм. Үндсэндээ авиралт хийхэд хамгийн тохиромжтой цаг агаартай, бас цас, мөсний бүтэц нь сайн, аюул багатай улирал гэсэн үг.

-Пункак Жаяад ганцаараа авирсан уу? Ер нь хэр зэрэг хүнд байсан бэ?

-Есөн орны 12 уулчин нэг баг болж авирсан. Мөн биднээс гадна хоёр том баг байсан. Авиралт бол сайхан. Харин тэр бороо, шавар намаг, ширэнгэн ойг туулж, бааз лагер дээрээ очих л хүнд. Тэр алхалт дэлхийн хамгийн хүнд алхалт гэсэн тодотголтой юм билээ.

-Тив, далайн ноён оргилуудад авирах зорилго хэзээнээс тавьсан бэ?

-Энэ бол дэлхийн хоёр том амжилтын нэг. Манай гарагийн бүх л уулчны мөрөөдөл шүү дээ. Мэдээж энэ спортоор амьдарч, амьсгалж яваа болохоор амжилтад хүрэхийг хүснэ. Долоон оргилыг гүйцээсэн дэлхийн жагсаалт дотор Монгол гэдэг нэрийг тодоос тод бичүүлчих хүсэл мөрөөдөл маш их байна.

-Уулын спорт бол эр зоригийн спорт. Тэр ч утгаараа эрчүүд л зөвхөн амжилтад хүрдэг гэсэн ойлголт өнөө хэр нь байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Үгүй. Ямар ч хүн чин сэтгэлээсээ хүсэж, хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрнэ. Харин энэ спортод хөл тавьсан хүн тодорхой зүйлийг золиосолж байж амжилтад хүрдэг учир эмэгтэй хүнд жаахан хүнд байж болох талтай.

» Хяр даган цас мөсөөр хучигдсан өндөр хясаануудыг өгсөж нэг, уруудаж нэг авирсаар хоёр дахь хясаан дээр гартал цаана нь дахин харандаа шиг шовх цагаан хясаа харагдлаа…
» Зургаан тивийн долоон ноён оргилд хөл тавих бол дэлхийн хоёр том амжилтын нэг.
» Уул бүр өөр өөрийн тогтсон авирдаг улиралтай байдаг юм.
-Дэлхийн долоон ноён оргилд гарахад хамгийн хүнд бас мартагдашгүй, магадгүй таныг мэргэжлийн хувьд хурцалсан нь аль вэ?

-Уул бүхэн миний багш. Авиралт бүрээс маш ихийг сурдаг, бас хурцлагддаг. Харин надад хамгийн гунигтай дурсамж үлдээсэн нь 2013 оны Броуд пик, К2 уулын авиралт байсан. Учир нь олон уулчин, найз нөхөд минь амь насаа алдсан. Мөн Денали уулын авиралтуудаас их юм сурсан.

-Энэ их зориг тэсвэр хаанаас нь гардаг байна аа гэж гайхмаар, бахархалтай санагдаж байна.

-Баярлалаа. Гаргах хэрэгтэй л болдог юм.

-Таны тэсвэр хатуужил яг ямар үед мохдог вэ?

-Нэг их мохож байгаагүй юм байна. Мохох байсан бол эхлэх хэрэггүй шүү дээ.

-Аляскийн Деналид гарах эхний удаагийн оролдлого маш харамсалтай санагдсан. Танд тэгэж буцах тохиолдол хэр олон тулгардаг вэ?

-6190 метр өндөртэй оргилд хүрэхэд 60 гаруйхан метр дутуу байхад буцсандаа дараа нь харамсаж л байсан. Гэхдээ дахиж ирнэ, чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Өөрөөс биш, цаг агаар юм уу, бусдаас болж буцаж байсан тохиолдол цөөнгүй бий.

-Та өөрийгөө талхны хүүхэд гэж байсан. Оргилд гарах явцад эрч хүчээ юугаар сэлбэдэг вэ? Оргилд нь заавал гарах ёстой гэсэн бодол хаанаас тэтгэгддэг вэ?

- (Инээв) Талхны хүүхэд гэдэг нь юухнаар хооллоод явж чадна аа гэсэн утгатай хэлсэн юм л даа. Гарах гэж л зорьсон юм чинь гүйцээх л ёстой шүү дээ.

-Оргил дээр гараад юу бодогддог вэ?

-Би гарчихлаа, чадлаа л гэж боддог. Гэхдээ яг оргил дээр бол цаг агаарын нөхцөл байдал зэргээс болоод юм бодох боломж тэр бүр байдаггүй. Хурдхан эргэж буух ёстой учраас тэнд уддаггүй. Эргэж буугаад, аюулгүйн бааз дээр ирснийхээ дараа л үнэхээр би чадлаа гэж үү гэсэн омогшил төрдөг.

-Монгол хүн уул, усаа аргаддаг уламжлалтай. Та энэ заншлыг дагадаг уу?

-Тийм ээ. Уул, усыг аргадаж байж тэр хайрханыг давж, зулай дээр нь хөл тавина шүү дээ. Түүнээс биш би эртэй, чадалтайдаа гарчихлаа гэж боддоггүй. Сэтгэлдээ тэр уул, газар оронд залбирч, хэлж байгаа үг, үйлдлээрээ хүндэтгэлээ илэрхийлдэг. Нутгийн ард иргэд, хормойд нь аж төрдөг хүмүүсийг баярлуулж, хүндэтгэл үзүүлдэг дээ.

-Та дэлхийн таван тивийн долоон том оргилд гарч чадлаа. Одоо зөвхөн Антарктидын Винсон л үлдсэн. Хэзээ Винсоныг зорихоор төлөвлөж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Зургаан тивийн долоон оргилд хөл тавьчихаад байна. Одоо нэг том харайх л үлдсэн. Болдогсон бол хурдан л явмаар байна. Гол нь санхүүгийн асуудал шүү дээ. 40 мянган ам.доллар бага мөнгө биш.

-Винсонд гарсныхаа дараа та юу хийх вэ? Дараагийн зорилгоо хуваалцаж болох уу?

-Түүнийг хэлэхэд арай эрт байна.

-Деналигийн зулайд хөл тавихдаа та нутаг нэгтнүүдээ ахалж явсан байсан. Амь дүйсэн их авиралтын хажуугаар бусдын амь насыг хариуцаж явна гэдэг амаргүй биз?

- Ер нь баг ахалж, эсвэл хөтөч хийх гэдэг үнэхээр хариуцлага шаардсан ажил. Дээр нь сэтгэл зүйн их дарамттай байдаг. Бас өндрийн өөрчлөлт бүх л хүнд адилхан нөлөөлдөг. Энэ өөрчлөлтөд хэр хурдан дасах вэ гэдэг л асуудал.

Карстенз пирамидад хүрэхэд бороо, шавар намаг, ширэнгэн ойг туулж, бааз лагер дээрээ очдог. Тэр алхалт дэлхийн хамгийн хүнд гэсэн тодотголтой юм билээ.
-Уулын спортын юунд ингэтлээ татагддаг юм бэ?

-Энэ чинь тамирчин хүний л амьдрал, зорилго шүү дээ. Тэгэхээр зорилго, амжилтынхаа төлөө л ингэтлээ хөдөлмөрлөж байгаа юм.

-Та энэ их спортын оргилын хаахна яваа гэж өөрийгөө харж байна вэ? -Гайгүй яваа болов уу л гэж найдаж байна даа.

-Алхаж өнгөрүүлсэн замаа хэмжиж үзэж байв уу?

-Үзээгүй. Гэхдээ их хол явчихжээ гэж бодогддог

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Биеийн ерөнхий бэлтгэлийг бол тамирчдын жишгээр л хийнэ. Харин техникийн болон өндрийн бэлтгэлийг ууланд газар дээр нь очиж хийхгүй бол Монголд тийм өндөр уул байхгүй. Гэхдээ би уулын хөтөч учир жилийн бараг тэн хагаст нь ууланд байдаг юм.

-Уулын спорт сүүлийн 10 жил эрчимтэй өргөжиж байна. Энэ спортод хөл тавьж байгаа болон сонирхогч нарт туршлагатай хүний хувьд юу гэж захих вэ?

-Хэрвээ энэ спортыг сонгосон л бол маш их хөдөлмөрлө. Амжилт өөрөөс тань шалтгаална гэж хэлье дээ.


САНАЛ БОЛГОХ