“Оюутолгой”-н гүйцэтгэх захирал ирэх сард солигдоно

Мэдээ

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Армандо Торресийг томилохоор болсон байна. Тэрбээр наймдугаар сарын 1-нээс ажлаа хүлээн авах аж.

Гүний уурхайн ажил эхэлж байгаа энэ үед томилгоо хийгдэж байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь “Rio Tinto” группийн шинэ гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн бүтцийн шинэчлэлийн хүрээнд хийж буй томилгоонуудын сүүлийн жишээ боллоо гэж олон улсын хэвлэл мэдээллүүд мэдээлжээ.

Харин дотоод эх сурвалжийн өгсөн мэдээллээр шинэ гүйцэтгэх захирал далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг удирдан явуулах аж. Шинээр томилогдоод буй гүйцэтгэх захирал Армандо Торрес нь “Rio Tinto”-ийн хөнгөн цагааны салбар нэгж болох “Rio Tinto Alcan”-д олон жил удирдах алба хашжээ.

Сүүлийн байдлаар “Rio”-ийн Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийг хариуцан ажиллаж байсан аж. Хөнгөн цагаан нь зэсийн нэгэн адилаар “Rio Tinto”-ийн анхаарч буй үндсэн түүхий эдийн нэг. Мөн энэ удаагийн томилгоо зөвхөн Монголтой холбогдоогүй, “Rio Tinto”-ийн Автсрали дахь төмрийн хүдрийн бизнест өөрчлөлт орно гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.


САНАЛ БОЛГОХ