Мэргэжлийн засгаас хүлээх хүлээлт
Засгийн газар “давхар дээл”-тэй гишүүдийн тоог есөөр цөөлж, амлалтаа биелүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат багаа бүрэн бүрдүүлж, танхимаа эрх зүйн чадамжтай болголоо. Ж.Эрдэнэбатын танхим нь ирэх дөрвөн жилд 13 яам, 16 сайдтай ажиллана. Ингэхдээ Засгийн газрын есөн гишүүнийг парламентын гаднаас томилж, “давхар дээл”-тэй гишүүдийн тоог цөөлөв.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн таван удаагийн УИХ-ын сонгуулийн дараах дүнтэй харьцуулахад энэ удаагийн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн томилгоо хамгийн богино хугацаанд хийгдсэн байна. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиаас даруй ес хоногийн дараа Ерөнхий сайдыг тодруулж, батламжилсан бол танхимыг нь 24 хоногийн дараа эцэслэснээр, бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.
Шинээр байгуулагдсан Засгийн газарт албан тушаалын амт шимтээс илүүтэй эх орны эдийн засгийг сэргээж тэнхрүүлэх хүндхэн ачаа ногдож байгаа
Үүнээс гадна багш хүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар, эмч хүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсон гээд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлсэн гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы танхимд онцолсон.
Ийнхүү Ж.Эрдэнэбатын танхим бүтцээ багасгаж, бүрэлдэхүүнээ цөөлөхөөс ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн лхагва гарагт хийсэн анхны хуралдаанаараа яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн батлав. Ингэснээр шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 хүн ажиллахаар болж, орон тоог 109-өөр цөөлөх болсон билээ. Мөн 10 тохируулагч, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар болж, орон тоог 206-гаар цомхон болгож чадсан.
Үүний үр дүнд улсын төсвөөс жилд 5.4 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлэв. Үүнээс гадна агентлагийн дарга зөвлөхгүйгээр ажиллаж, албандаа жижиг оврын машин хэрэглэх шийдвэрийг гаргасан гээд шинэ Ерөнхий сайд шийдмэг алхмуудыг хийж эхэлсэн.
» 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиас даруй ес хоногийн дараа Ерөнхий сайдыг тодруулж, батламжилсан бол танхимыг нь 24 хоногийн дараа эцэслэснээр, бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.
» Төсвийн орлогоо яаж бүрдүүлэх, инфляцийг хэрхэн сааруулах гэхчилэн олон ажил тэднийг хүлээж байна.
» Байгаа боломжиндоо, бусдаас хамаарахгүйгээр хийж хэрэгжүүлэх эхний алхмууд бол төсвөө дахин тодотгох явдал.
Гэхдээ иргэдийн хувьд элэг дөрвөөрөө мөлхөж байгаа эдийн засгаа өндийлгөхийг шинэ Засгийн газраас хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын танхимын эхний алхам нь эдийн засгаа сэргээх. Энэ хүрээнд төсвийн орлогоо яаж бүрдүүлэх, инфляцийг хэрхэн сааруулах гэхчилэн олон ажил тэднийг хүлээж байна. Нэг үгээр хэлбэл, шинээр байгуулагдсан Засгийн газарт албан тушаалын амт шимтээс илүүтэй эх орны эдийн засгийг сэргээж тэнхрүүлэх хүндхэн ачаа үүрэх ёстой болж байгаа.
Гэвч, шинэ Засгийн газрын анхны алхам эдийн засгийн уналтыг сааруулахад чиглэгдэх нь тов тодорхой ч өргөс авчихсан юм шиг гэнэтийн үр дүнг энэ Засгаас хүлээх боломжгүй гэдгийг энд онцлоё. Учир нь хугацаа хэрэгтэй. Байгаа боломжиндоо, бусдаас хамаарахгүйгээр хийж хэрэгжүүлэх эхний алхмууд бол төсвөө дахин тодотгох явдал.
Тиймдээ ч шинэ Засгийн газар төсвийн тодотголыг яаралтай боловсруулж, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх эхний үүргээ хүлээгээд буй.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй