Б.Нямаа: ААН-ийн орлогын албан татварыг бууруулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газар анхны хуралдаанаа өнгөрсөн лхагва гарагт хийж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Мөн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд 10 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн билээ. Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Нямаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох боломжийг судлах үүргийг Засгийн газрын гишүүдэд өгсөн. Ийм боломж байгаа юу?
-Ерөнхий сайд Засгийн газрын анхны хуралдааны үеэр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, шинээр баталсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхлэх хугацааг сунгах, уг хуульд байгаа зөрчилтэй заалтыг засах талаар хуулийн төсөл боловсруулах зэрэг үүрэг өгсөн. Үүний нэг нь жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох асуудал. Капиталын хуримтлал багатай, цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй байгаа нөхцөлд орлогын албан татварыг бууруулах замаар аж ахуйн нэгжүүдийг дэмжих боломжтой хэмээн үзсэн. Иймд энэхүү асуудлыг энэ ондоо багтаан судалж, 2017 оны улсын төсөвт тусгахаар төлөвлөж байна.
-Мөн малын гаралтай түүхий эдийн экспортын татварыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг өгсөн. Хэзээ өргөн мэдүүлэх вэ?
-Нэгдүгээрт, түүхийгээр болон боловсруулж гаргаж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнд тус бүрт нь ялгаатай татвар ногдуулахаар төлөвлөж байгаа. Хоёрдугаарт, татварын бодлогоор малын гаралтай түүхий эдийг өндөр хэмжээний зах зээлд өртөг ихээр шингээж гаргахыг дэмжинэ.
-Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг судалж, танилцуулах үүргийг өгсөн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой юу?
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлд хэд хэдэн асуудлыг судлах ёстой. Нэгдүгээрт, зээл олгож буй эх үүсвэрийн зардлыг бууруулах нь чухал. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах замаар ахмадуудад тэтгэврийн зээл олгож байгаа. Мөн арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөөс зээл олгодог. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулахдаа хүүг бууруулах замаар арга хэмжээ авч болно. Хоёрдугаарт, Засгийн газар арилжааны банкуудтай хамтарч тэдний хөрөнгөд түшиглэн зээлийн хүүг бууруулах боломж бий.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй