7.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл таван хувь руу шилжив

Нийтлэл

Улсын хэмжээнд 84.9 мянган өрх ипотекийн зээлтэй

Банкуудын ипотекийн зээлийн тайланг Монголбанкнаас танилцууллаа. Энэ оны зургадугаар сард нийт 2397 иргэнд 138 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн шинээр олгожээ. Ингэснээр тус зээлийн үлдэгдэл 3.7 их наяд төгрөгт хүч, нийт зээлтэй иргэдийн тоо 84.9 мянгад хүрсэн байна. Тайлант сард таван хувийн хүүтэй 44.1 тэрбум төгрөгийн зээлийг 966 зээлдэгчдэд олгосон бол найман хувиас таван хувь руу 7.7 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ.

Зургадугаар сард ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар буурчээ. Төв банкнаас сар тутам банкуудын ипотекийн зээлийн тайланг танилцуулдаг. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.1 хувийг Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл эзэлж байна. Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл 21.3 хувийг эзэлж байгаа бол 1.6 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлсэн аж.

Ипотекийн зээлийн 76.7 хувийг Улаанбаатар хотод олгосон зээл эзэлж байна

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.1 хувь нь төгрөгийн зээл эзэлж байна. Үлдсэн 0.9 хувийг валютын зээл болохыг уг тайланд дурджээ. Худалдан авч буй үл хөдлөх хөрөнгөө барьцаалан банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийг ипотекийн зээл гэж нэрлэдэг. “Орон сууцны ипотекийн зээл” гэж бүрэн баригдаж дууссан, улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг ч мөн хэлнэ. Монгол улсад 2003 оноос банкны салбарт ипотекийн анхдагч зах зээлийн харилцаа бий болсон гэж үздэг.

Ипотекийн зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн хугацаанд 10 дахин өссөн. Банкуудын хувьд хамгийн эрэлт ихтэй зээлийн бүтээгдэхүүн. Уг зээл чанаргүй болох магадлал туйлын бага. Тиймээс банкуудын зүгээс санхүүгийн эх үүсвэр байгаа нөхцөлд олгох сонирхол түгээмэл. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь энэ оны зургадугаар сарын байдлаар 2.1 хувь, чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 1.1 хувьтай тэнцэж байна. Энэ нь бусад төрлийн зээлтэй харьцуулахад маш бага үзүүлэлт юм.

» Зургадугаар сард ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар өссөн байна.

» Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл 21.3 хувийг эзэлж байгаа бол 1.6 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлэв.

» Ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.1 хувь нь төгрөгийн зээл эзэлж байна. Үлдсэн 0.9 хувийг валютын зээл болохыг уг тайланд дурджээ.

Тайлант сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 35.3 хувиар өссөн байна. Зургадугаар сард зээл олголт өндөр дүнтэй байсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 37.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 57.6 сая төгрөг байсан бөгөөд тухайн сард 42.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн төлөлт хийгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг дээрх тайланд онцолжээ.

Банкуудын олгосон ипотекийн зээлийн дундаж хүү 7.7 хувь болсон байна. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад дундаж хүү 8.9 хувиар буурчээ. Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн дундаж хүү 15.3 хувьтай байгаа аж. Тайлант сард банкууд гурван сараас 30 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд дундаж хугацаа нь 19.1 жил байна.

Зургадугаар сард олгосон зээлийн дийлэнх нь буюу 43 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогджээ. Ипотекийн зээлийн тайлан нэг сарын хоцрогдолтой гардаг бөгөөд долдугаар сарын тайланг энэ сарын сүүлийн долоо хоногт танилцуулах юм. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.7 хувийг Улаанбаатар хотод, 23.3 хувийг орон нутагт олгосон ипотекийн зээл бүрдүүлж байгаа аж.


САНАЛ БОЛГОХ