Аминд хүрэх 15 минут
Хүүхэд халуун машинд 10-15 минутын дотор амиа алдах аюултай
Машин дотор, аюулгүйн суудал дээр суусан гурван настай хүүхэд. Тэр жигнэмэг жигнэж, өндөг шарж болохоор халуунд ухаан балартан сууна. Гэвч хэн нэгэн тусламжийн гараа сунгаж, зоригтой алхам хийхээс нааш амьд гарах сонголт түүнд үгүй.
Гадаа 21 хэмийн халуун байхад машин дотор 51 хэм байдаг. Цонх онгорхой байсан ч тэр. Энэ бол онол. Гэтэл үүнийг мэдэлгүй бяцхан үрээ машинд үлдээж эрдэнэт амийг нь хөнөөх тохиолдол гарсаар л байна. Он гарсаар зөвхөн Америкт л гэхэд 25 хүүхэд халуун машинд цоожлогдож, амиа алдлаа. Хүүхэд халуун машинд ердөө 10-15 минут болоход л амиа алддаг. Учир нь хүүхдийн биеийн хэмээ зохицуулах чадвар насанд хүрсэн хүнийхээс сул байдаг. Хүүхдийн биеийн дулаан 3-5 дахин хурдан нэмэгддэг бөгөөд 40 хэм хүрэхэд дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа зогсож, 41 хүрэхэд амиа алддаг ажээ.
АНУ-д жилд дунджаар 40 хүүхэд халуун машинд үлдсэнээс болж амиа алддаг.
АНУ-д хоёроос доош настай хүүхдийн эндэгдлийн 75 хувийг халуун машинд амиа алдсан тохиолдол эзэлж байгааг мэргэжлийн байгууллагаас тооцоолсон. Өнгөрсөн долоо хоногт тус улсад хоёр хүүхэд дээрх шалтгаанаар амиа алдсан. Тэдний нэг нь гэрийнхээ гадаа тоглож байгаад аавынхаа машинд санамсаргүй орж хаалгаа хаасан хоёр настай хүү байв. Аав нь хүүхдүүдээ ойр ойрхон шалгаж байсан ч бяцхан хүүгээ машинд орсныг мэдээгүй аж. Хүүгээ удалгүй хайж олсон ч хожимдсон байв.
Хүүхэд халуун машинд амиа алдсан тохиолдлын дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагч нь дэлгүүр, банк, үйлчилгээний газар болон айл руу орохдоо машинд үлдээснээс үүддэг. Тэд халуун машин хүүхэд болон нохойнд хэр аюултай, хэдий хугацаанд үхэлд хүргэж болдгийг мэдэхгүй л байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагууд энэ талаар 2012 оноос эхлэн эрчимтэй анхааруулж ирсэн. Үр дүнгээ өгч байгаа ч хангалтгүй байна гэж ABC агентлагаас мэдээллээ.
Хүүхдийн биеийн дулаан 40 хүрэхэд дотор эрхтнүүдийн ажиллагаа зогсдог
Kars4Kids ашгийн бус байгууллагынхан энэхүү аюулыг сэрэмжлүүлэх үүднээс нэгэн туршилт явуулжээ. Тэд гадаа 26 хэмийн халуун өдөр сайн дурын оролцогчдыг машинд 10 минут тэсвэл 100 ам.доллар санаа болгов. Томчууд үүнийг эхлээд амархан гэж байсан ч нэг нь ч 10 минут тэсээгүй юм. Түүнчлэн Америк хөлбөмбөгийн тамирчин Тиранн Матье наранд тавьсан машинд найман минут болоод л арай хийн хаалгаа онгойлгон бууж буй бичлэгийг Youtube-ээс үзэж болно.
Бид хаа байсан Америк тивийн асуудлыг хөндөж байна уу гэвэл үгүй. Манайд ч хүүхдээ 100 айлд машиндаа үлдээгээд цагдаа нар цонхыг нь хагалан аварч байсан түүх бий. Манай оронд нартай, халуун өдрүүд үргэлжилж байна. Бас нэгэн гурван настай хүүхэд ах, эгч нь яам руу ажлаар ороод ирэхэд манарч, ухаан балартсан байдалтай байжээ. Энэ мэтчилэн хүүхдээ орхиж явах явдал мэр сэр гардаг. Тиймээс зуны аагим халуун өдрүүдэд хүүхэд болон нохойгоо машинд үлдээхгүй байхыг эмч, цагдаа, сайн дурын байгууллагаас сануулж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй