Зүрхний хэм алдагдах өвчнийг эмчилдэг боллоо
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар зүрхний хэм алдагдлын үеийн электро физиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай байсан 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилууллаа. Ингэснээр зүрхний хэм алдагдах өвчнийг эх орондоо эмчилж эхэлж буй юм.
Эрүүл мэндийн салбарт анхны “Зүрхний хэм судлалын үйл ажиллагааны мэргэжлийн баг” томилогдон үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тэд таван сарын турш бэлтгэл хийж, улмаар өнгөрсөн долдугаар сард зүрхний хэм алдагдалтай 20-68 насны гурван эрэгтэй, гурван эмэгтэй нийт зургаан өвчтөнд зүрхний хэм алдагдлын үеийн электро физиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг амжилттай хийжээ.
Энэ төрлийн эмчилгээг гадаадад нэг удаа хийлгэхэд 8000-30,000 ам доллар шаардлагатай байдаг аж. Харин эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг үзүүлснээр нэг удаагийн эмчилгээнд нийт 10-15 сая төгрөг зарцуулах юм байна. Үүгээр зогсохгүй нийт зардлын 8-13 сая төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг удаа үзүүлдэг болсон.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй