Дата эрин

Технологийн цаг

Tableau нь шинэ үеийн бизнес дайчдад зориулсан "зэвсэг" үйлдвэрлэж байна

Брайн Соломон

Лас Вегасын 16,800 хүний суудалтай MGM Гранд Гарден нь Ultimate Fighting тулаанаас авахуулаад рок поп одод тоглолтоо зохион байгуулдаг алдартай газар. Өнгөрсөн аравдугаар сарын мягмар гарагийн нэгэн өглөө тус тайз дуу чимээ ихтэй байлаа. Энэ удаад тайзан дээр буй од нь футболка жинс өмссөн Tableau компанийн хөгжүүлэгч ажилтан, залуухан эрхэм байсан юм. Тэрбээр тоогоор дүүрэн хүснэгт бүхий том дэлгэцийн хажууд зогсон программынхаа нэгэн шинэ онцлогийн талаар танилцуулж байлаа. Тодруулбал, хоёр тусдаа дата сурвалжийг автоматаар нэг эгнээнд оруулах тухай ярихад танхимд үзэгчдийн алга ташилт нижгэнэж байлаа.

Иймэрхүү анхаарал татсан ярианууд Tableau компанийн үүсгэн байгуулагч, эрдэмтэн дарга Пат Ханраны хувьд энгийн зүйл болсон байх. Хэдэн цагийн дараа ажилтныхаа хийсэн ярианд эргэцүүлэл хийсэн Ханран: “Одоо дата хэрэглэдэг, мөн үүндээ сэтгэл хангалуун байдаг хүмүүс олон болсон. Эхний өдөр би чамд ингэж хэлсэн бол чиний инээд хүрэх байсан байх. Учир нь датаг гайхалтай гэхэд эхэндээ хүмүүс бидэнд итгэдэггүй байсан юм” хэмээн хэлжээ.

Одоог хүртэл магадгүй ихэнх хүмүүс нэг их ойшоохгүй боловч маш олон компани тус программыг ашигладаг аж. Дата боловсруулалтыг шинэ түвшинд гаргаснаар хэрэглэгчид өөрсдийн тоон үзүүлэлтийг хялбараар шийдвэр гаргах чухал эх үүсвэр болгон өөрчилсөн юм. Tableau-аас өмнө ч энэ төрлийн сайн бүтээгдэхүүнүүд гарч байсан удаатай.

Байгуулагдаад 13 жил болж буй Сиэтлийн энэхүү фирм нь Microsoft компанийн эксел програмаас хүчтэй, мөн IBM, SAP эсвэл Oracle компанийн бизнесийн ухаалаг программуудыг бодвол хэрэглэхэд илүү хялбар гэдгээрээ онцлог аж. Борлуулалт, үйлчлүүлэгчид, виджет гэх мэт өөр олон зүйлийн талаар дата оруулмагц Tableau нь танд цаг үеийн тренд, газарзүйн байршил болон таны юу хүсэж буйг маш хурдан хугацаанд гоёмсгоор хүснэгтлэн цэгцэлж өгөх болно.

Гартнерын хэлдгээр асар их дата бүхий өнөө үед бизнесийн дүн шинжилгээний платформ дахь “алтан стандарт” нь өөрөө гайхалтай бизнес болох нь батлагдаад байгаа юм.

Үүсгэн байгуулагчид болох Ханран Крис, Крис Столти, Кристиан Чабот нар 2013 оны тавдугаар сард анхдагч зах зээлээс 254 сая ам.доллар босгож маш бага хөрөнгөөр анхны программаа ашиглалтад оруулж байсан юм. 2009 онд 18 сая ам.доллараар хэмжигдэж байсан тэдний хөрөнгө өнгөрсөн жилийн байдлаар 654 сая ам.доллар болон өссөн бөгөөд жилийн дундаж өсөлт 82 хувьтай явж байсан аж. Одоогийн байдлаар Tableau нь 39,000 үйлчлүүлэгчтэй ба тэдний дунд Wells Fargo, Dow Chemical, SpaceX болон Texas Rangers компани багтдаг.

Далайн түвшнээс өндөрт нисэж буй онгоц донсолдогтой адил хоёрдугаар сард Tableau- ийн үнэлгээ савлажээ. Оны эцсийн улиралд тэдний лицензийн орлого (шинэ бизнесийн түлхүүр үзүүлэлт) өмнөх жилээс 31 хувиар өссөн нь ихэнх компанийн хувьд таатай нөхцөл хэдий ч Tableau компанийн хувьд маш ноцтой уналт байсан юм.

Таван жилийн турш ашигтай ажилласан Tableau компанийн 84 сая ам.долларын алдагдлыг жилийн эцсийн тайлангаас харж болно. Технологийн хувьцаануудын хөөсрөлөөс айсан хөрөнгө оруулагчид өөрсдийн хувиа бөөнд нь зарж эхэлснээр хувьцааны үнийг бараг 50 хувиар унагаж ганц өдрийн дотор технологийн компаниудын үнэлгээг гурван тэрбум ам.доллараар бууруулжээ.

Олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлснээс хойших хамгийн доод үнэлгээндээ тулсан Tableau компанийн гурван үндэслэгч үйл ажиллагаагаа буцаан хэвэнд нь оруулах шаардлагатай болов. Этгээд боловч гайхалтай Стэнфордын компьютер графикийн профессор Ханран нь Tableau компанийн эрдэмтэн гоц авьяастан юм. Тэрбээр өмнө нь Pixar кино студийн амжилтын эх үүсвэр Render- Man хөдөлгөөнт зураглалын программ хангамжийн компанид ахлах архитектороор ажиллаж байжээ. Харин 43 настай докторант Столти нь Tableau-ийн бүтээгдэхүүн санаачлагч, мөн хөгжүүлэлт хариуцсан захирал бол бизнесийн ухаанаараа бусдаас ялгардаг 44 настай Чаботын хувьд анхнаасаа л гүйцэтгэх захирлаар ажиллажээ.

Ханран болон Столти нар Tableau бүтээгдэхүүнээ VizQL хэл дээр бүтээсэн бөгөөд ингэснээр технологийн мэдлэггүй хүмүүс ч том дата багцыг гайхалтай харагдахуйц энгийн drag-and-drop интерфейс болгон хувиргах боломжтой юм.

Цаашлаад хэрэглэгчид өөрсдийн дураар хүснэгтийг матрикс байдлаар эсвэл газарзүйн бүс үүсгэн өөрчлөх боломжтой. Өмнө нь Чабот өөрийн зохион бүтээсэн программынхаа үзүүлэнг Geo Prizm суудлын автомашины тээшиндээ хийн Цахиурын хөндийгөөр хэдэн жил уйгагүй явсан гэдэг. “Хэрэв Tableau амжилт олохгүй бол Кристианыг протестант шашныг шүтдэг номлогч болох байх гэж бид үргэлж шоолж ярьдаг байсан" хэмээн тэдний компанид таван сая ам.долларын хөрөнгө оруулсан NEA-гийн Форест Баскетт хэлжээ.

Хэн ч Чаботын худалдаж буй зүйлийг авахыг хүсээгүй юм. “Учир нь хүмүүс мэдээлэл технологийн хэлтсүүд л бүх датаг удирдаж, тэдгээр гэнэн бизнесийн хэрэглэгчдэд өгөх ёстой гэсэн улиг болсон үзлээсээ салаагүй байсан юм” хэмээн тэрбээр хэлэв. Ингээд Tableau нэгэн тэрсүүд зүйлийг хийсэн юм. Мэдээлэл технологийн хэлтсийг алгасан шууд борлуулалт болон маркетингийн хэлтэст программаа худалдаж Dropbox, Box болон Slack Technologies зэрэг дараагийн программ хангамжийн компаниуд гарч ирэх боломжийг нээж өгөв. Tableau-ийн хэрэглэхэд амар байдал нь тайлан мэдээлэл хангалтгүй хүрдэг байсан бизнес эрхлэгч болон шинжээчдийн анхаарлыг татаж байв. Учир нь тэд өөрсдийн датагаа удирдаж, фонт болон өнгөөр ялгахад цаг зарцуулахыг хүсэж байлаа. Мэдээлэл технологийн ажилчдын хувьд сарнилтын диаграмм ямар үзэмжтэй байх нь сонин биш байж болох ч бусад хүмүүс үүнд анхаарал хандуулж байсан юм. “Tableau нь яг будгийн палитр шиг. Та шинжээч гэхээсээ илүү уран бүтээлч шиг л ажиллана” хэмээн Inova Health System-ийн мэдээлэл зүйн захирал Аарон Блэк хэлжээ.

Үнэгүй ашиглах туршилтын программ компани дотор нэвтэрснээр олон тооны төлбөртэй хаягууд нээгддэг. Өнгөрсөн жил гэхэд Tableau нь ойролцоогоор 1,000 гаруй нийт 100,000 ам.доллараас их хэмжээний гүйлгээг хаасан ажээ.

Чабот компанийн үйл ажиллагааг тэлэн өөр боломжийг эрэлхийлэх үүднээс хилийн чанадыг сонирхож эхэлсэн юм. Тэрбээр 2014 оны наймдугаар сард гэр бүлийн хамт Лондон руу нүүсэн нь гүйцэтгэх захирлын хувьд ер бусын үйл явдал байлаа. Сиэтл хотод байрлаж буй удирдлагын гол түншүүдээ алдана гэдэгт тэр санаа зовоогүй аж. “Шокийн байдалтай үе болон хувийн айдас байсан хэдий ч энэ бүх зүйл маш чадал сорьж байсан” хэмээн тэрбээр хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар Tableau нь 150 оронд үйл ажиллагаа явуулдаг ба нийт ашгийнхаа 25 хувийг хилийн чанадаас олдог байна.2016 оны борлуулалтын урьдчилсан таамаг болон 2015 оны дөрөвдүгээр улирлын алдагдлаас харахад үйл ажиллагаанд гарч буй доголдол компани хэт их өргөжсөнтэй холбоотой аж. Анхны борлуулалтын ажилтны нэг Келли Райт нь нэгдүгээр сард тэтгэвэрт гарах тухайгаа мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш компани бүх ажилтнаа бүтээмжээр нь эрэмбэлэх шинэ стратегийн талаар зарласан юм.

Энэ хооронд жилийн 17 тэрбум ам.доллараар хэмжигдэх бизнесийн дата боловсруулалтын зах зээл дэх өрсөлдөгчид нь Tableau-ийг гүйцэж, үнийг нь унагааж байгаа аж. Тодруулбал, Microsoft компани нь Power BI програм хангамжаа хямдруулах замаар өрсөлдөөнийг эхлээд буй. Tableau компанийн програм зөвхөн гоёмсог хүснэгт бүтээх бус маш чухал дата платформ мөн болохыг тэд хүмүүст ойлгуулах хэрэгтэй байгаа юм. “Business Object компанийн талаар ч тэд ингэж л хэлж байсан” хэмээн Wedbush Securities компанийн шинжээч Стив Кюниг тодорхойлсон юм. Учир нь SA P корпораци нь 2007 онд Business Object компанийг 6.8 тэрбум ам.доллараар худалдан авчээ. Зах зээлийн үнэлгээ нь өдгөө 3.7 тэрбум ам.долларт хүрээд буй Tableau-ийн хувьд дээрхтэй адил үнээр компаниа зарвал тийм ч муу үр дүнд хүрэхгүй байх. Tableau компанийг хэр удаан бие даасан байдлаа хадгалах бол хэмээн ихэнх хүмүүс гайхдаг. Гол өрсөлдөгчдийн нэг болох Qlik Technologies компани нь аль хэдийнэ худалдан авагчаа болсон бөгөөд Tableau-ийн хувьд шинэ төдийгүй зах зээлийн бага үнэлгээ нь IBM, SAP болон Salesforce.com зэрэг компанийн хувьд анхаарал татсан бай болж байгаа аж. Чадалтай стратегийн худалдан авагчдын хувьд Tableau нь “шар тос” болно хэмээн JPM Securities шинжээч Грег МакДовелл тодорхойлсон юм.

2010 онд Tableau-ийн үүсгэн байгуулагчид компаниа 250 сая ам.доллараар зарахаар хэлэлцэж байсан гэдэг. Гэхдээ ийм үйл явдал болоогүй аж. Харин үүнээс гурван жилийн дараа тэд шаргуу ажиллаж IPO хийснээр зарах дүнгээсээ илүү хэмжээний мөнгө босгож чадсан юм. Тэдний энэхүү үйлдэл ухаалаг алхам болсон. Мөн ажлын байран дахь дата хэрэглээний ач холбогдол нэмэгдэж буй энэ үед Tableau нь одоогийн бизнесийн мэдээлэл боловсруулах салбарын хөгжилд гол байр суурь эзэлсээр байгаа юм. “Бид амжилт дагуулсан анхны загварыг гарган ирсэн ч үүнээс илүүг нь хийгээгүй байгаа. Дэлхийн хэмжээний нөлөө бүхий программ хангамжийн компаниуд биднээс 10-20 дахин том. Бид тэр хэмжээнд хүрэхийг хүсэж байна” хэмээн Чабот хэлсэн юм.


САНАЛ БОЛГОХ