Төлбөрийн тэнцлийн дарамтгүй жил

Нийтлэлчийн булан

Улсын нэгдсэн төсвийн өндөр алдагдлыг эс тооцвол эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байна. Гадаад худалдаа ашигтай гарснаар төлбөрийн тэнцлийн алдагдал хумигдах болсон. Энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 46 сая ам.долларын алдагдалтай гарав. Үүнийг төлбөрийн тэнцлийн хямрал цаашилж буйн дохио хэмээн эдийн засагчид үзэж байна. Гадаад худалдаа тэнцвэржиж, төлбөрийн тэнцлийн хямралаас гарах боломж нэмэгдсэн нь энэ.

Төлбөрийн тэнцлийн алдагдал 2012 онд 3.3 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувьтай тэнцэх хэмжээнд байсан. Тэгвэл өнгөрсөн онд уг алдагдал 469 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувь болж буурав. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь экспорт нь импортынхоо төлбөрийг хийж чадахгүй байна гэсэн үг. Импорт агшиж, экспорт нэмэгдсэн нь алдагдал их хэмжээгээр буурахад ч хүргэсэн талтай. Гол нь алдагдал буурч байгаа нь сайн хэрэг.


Эдийн засгийн гадаад тэнцлийг илэрхийлэгч, макро эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох төлбөрийн тэнцэл эерэг өөрчлөлтөөр ирэх оныг угтах хүлээлттэй байна. Төлбөрийн тэнцлийг тухайн улсын эдийн засгийн гадаад бодлогын “нэрийн хуудас” гэж эдийн засгийн зарим бүтээлд дурдсан байдаг. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдын хувьд онцолж хардаг тоо.


Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 883 сая ам.долларын ашигтай болж, 2012 онтой харьцуулахад 3.2 тэрбум ам.доллараар сайжирсан. Энэ нь төлбөрийн тэнцлийн дарамт тасралтгүй буурахад нөлөөлсөн. Ингэснээр урсгал тэнцлийн алдагдал сүүлийн гурван жилийн дотор 7.2 дахин буурчээ. Гэхдээ төлбөрийн тэнцлийн үзүүлэлт тогтвортой хадгалагдаж чадахгүй байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг зарим эдийн засагч тайлбарладаг.


Монголбанкны зүгээс төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болгохгүй хэмээн хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан. Энэ хүрээнд төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах “эмчилгээ” нь мөчлөг сөрсөн макро бодлого болон уян хатан ханшийн бодлого байв. Улмаар хүндрэлийг сөрж, эдийн засгийг тогтворжуулах бодлого 2013 оноос хэрэгжүүлсэн. Гурван жилийн өмнөх уг бодлогын үр дүн өдгөө эдийн засагт нааштай илэрч буй. Төлбөрийн тэнцлийн алдагдал дээрх бодлогыг хэрэгжүүлэх үед 1.9 тэрбум ам.долларт хүрч байв.

Эдийн засгийн хүндрэлийн учир шалтгаан нь төлбөрийн тэнцэлд дарамт, хүндрэлүүд бий болсонтой холбоотойг тухайн үед эдийн засагчид учирлаж байсан юм. Энэ нь хямралын шинж чанартайг Төв банк “оношилж”, төлбөрийн тэнцлийн хямралаас богино хугацаанд гарахаар зорьсон. Ашигт малтмалын үнэ үргэлжлэн буурсан нь хүндрэл удаашрах голлох “эх сурвалж” болсныг үгүйсгэх аргагүй. Мөнгөний нийлүүлэлт, тэр дундаа гадаад валютын эх үүсвэрийн хомсдол нь төлбөрийн тэнцлийн өндөр алдагдлаас эхтэйг цөөнгүй эдийн засагч хэлдэг. Төлбөрийн тэнцлийн алдагдал ийнхүү буурч байгаа нь дунд хугацаанд валютын ханш тогтворжих баталгаа юм.

Гадаад худалдаа ашигтай гарч, төлбөрийн тэнцэл тэнцвэржиж байгаа нь эерэг үзүүлэлт
Эдийн засгийн мөчлөг дагаж улсын төсвийн зардлаа огцом нэмэгдүүлж байсан манай улсын хувьд орлого сайтай байх үедээ хуримтлал үүсгэж чадаагүй. Харин хэрэглээг бүх талаар нь дэмжсэн гэж хэлж болно. Тэр тусмаа төсвийн урсгал зардлыг, хавтгайрсан халамжийг богино хугацаат урьдчилгаа зээлээр санхүүжүүлсэн нөхцөл байдлыг улам ч дордуулж орхисон. Зөвхөн 2011-2012 онд Хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцу улсан гэхээр алдагдал энэ хэрээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь төлбөрийн тэнцэл 3.3 тэрбум ам.долларын алдагдалтай, хоёр тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдал хүлээдэг болоход хүргэсэн билээ. Ингэж төлбөрийн тэнцлийн өнөөгийн хямрал, эдийн засгийн хүндрэлийн суурь болсон.


Төлбөрийн тэнцлийн хүндрэл, хямрал нь улсын төсвийн алдагдалтай нэгэн зэрэг давхцаж, эдийн засаг дахь хосолмол алдагдал болж хувирсан. Энэ байдал нь санхүүгийн болон макро эдийн засгийн болзошгүй хямралын эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж өдгөө зарим эдийн засагч дүгнэж байна. Хүндрэл, хямрал 2012 оноос улбаатай. Тэгвэл урт хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн ужиг “өвчин” эдгэрч, эдийн засагт эерэг тэнцэл тогтох нь.

Төлбөрийн тэнцлийн бүтцэд зарчмын эерэг өөрчлөлт гарснаар энэ оноос эхлэн төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй байх боломж бүрдэж байгааг Монголбанкнаас онцлов. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 104.8 сая ам.долларын ашигтай байсан. Харин зургадугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалж оны хоёрдугаар хагаст 46 сая ам.долларын алдагдал хүлээв. Харин долдугаар сарын төлбөрийн тэнцлийн алдагдал дээрх хэмжээнээс буурахаар байгаа юм.


Валютын ханшийг тодорхойлоход чухал нөлөөтэй төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарснаар ханшийн дарамт буурна гэж гурван эдийн засагч тутмын хоёр нь хэлж байна.
Төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх жилүүдтэй харьцуулахад буурч байгаа нь эдийн засагт эерэг хүлээлт үүсгэж байгааг дээр дурдсан. Валютын ханшийг тодорхойлоход чухал нөлөөтэй төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарснаар ханшийн дарамт буурна гэж гурван эдийн засагч тутмын хоёр нь хэлж байна. Валютын ханш нь төлбөрийн тэнцлийн тусгал. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг илтгэх үзүүлэлт болдог.

Манай улсын экспортын үнийн индекс 2015 онд 28.5 хувиар буурсан. Ингэснээр гадаад худалдааны нөхцөл 25.1 хувиар муудсан билээ. Хөрөнгө оруулагчдын сонирхол ч эрс өөрчлөгдсөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 2012 онд 4.4 тэрбум ам.доллар байсан бол гурван жилийн дотор 0.1 тэрбум болж огцом буурсан. Ийм үед эдийн засгийн бодлогууд хэрэгжсэн гэдгийг мартаж болохгүй.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 65.2 сая ам.доллараар өсөв. Үүнээс багцын хөрөнгө оруулалтын ашиг гурав дахин буурсан нь уг өсөлтийг хойш татах бололтой. Хөрөнгийн урсгал өсөлттэй эдийн засаг руу чиглэж, хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах хандлага үргэлжлэх төлөвтэй. Төлбөрийн тэнцэл тогтмол эерэг дүнтэй гарч байж төгрөгийн ханш тогтвортой өсөх нөхцөл бүрдэхийг эдийн засагч Ч.Хашчулуун хэлж байна.

Монгол чуудын хувьд суурь хэрэглээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болох, бүтээмжээ нэмэгдүүлэх, хуримтлуулж сурах, байгаа хуримтлалаа арвижуулах, улмаар түүнийгээ хөгжлийн хөрөнгө оруулалт болгож чаддаг болох шинэ нөхцөл байдлыг дээрх төлбөрийн тэнцлийн хүндрэл бидэнд мэдрүүлсэн. Гадаад худалдаа ашигтай гарч, төлбөрийн тэнцэл тэнцвэржиж байгаа нь эдийн засгийн өсөлтөө хадгалах нөхцөл, боломжийг бүрдүүлж байгааг эдийн засагч Н.Батнасан тодотгосон юм. Төлбөрийн тэнцлийн алдагдлын оргил үе ард хоцорсон. Нөхцөл байдал одоо сайжирч байгаа учраас хөрөнгө оруулалт татах л чухал болоод байна.


САНАЛ БОЛГОХ