Чимээгүй хувьсгал
ХАМТЫН АЖИЛЛАГАА
2030 он гэхэд Улаанбаатарт 1.7 сая хүн оршин сууна
Чуулганы тайзыг дан ногоон өнгөөр засчээ. Тайзны арын хана, хажуугийн дэлгэц, шал цөм ногоон. Яг ийм өнгөтэй үнэмлэхийг (мандат) чуулганд оролцогчид хүзүүндээ зүүж, тийм гадар бүхий бал, цаас ашиглаж байна. Энд ногоон өнгө голложээ.
Нийтлэлийн эхлэлийг уншмагц уншигч та юуны талаар өгүүлэх гэж буйг гадарлаж магадгүй. Ногоон хөгжлийн асуудлаар Зүүн хойд Азийн хотын дарга нар Улаанбаатар чуулж байна. Байгальд ээлтэй ногоон хөгжлийг цогцлоох нь даян дэлхийн туйлын зорилго болж буй. Зөвхөн хот гэлтгүй хөдөөгийн тулгамдсан асуудал болсон. Тэгвэл энэ асуудлыг хотын дарга нар хэлэлцэж буй нь учиртай.
Учир нь өдгөө манай гарагийн нийт хүн амын талаас илүү нь хот, суурин газарт оршин сууж байна. Бас энэ үзүүлэлт хэтдээ улам ахих бөгөөд 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70- 80 хувь нь хот, суурин газарт амьдарна гэсэн тооцоо гарчээ. Дэлхий даяар өдөрт дунджаар 26 мянган хүн хөдөөг орхин, хотыг чиглэдэг байна.
Иймд хот хэмээх их айл яалт ч үгүй дэлхийн хөгжлийн цөм болох нь гарцаагүй. Тэр тусмаа дэлхийн хамгийн том 20 хотын талаас илүү нь байрладаг Ази тив үүнд анхаарахаас аргагүй аж.
Азийн Бээжин, Улаанбаатар, Шинэ Дели хотод агаарын бохирдол аюулын харанга дэгдээж байна. Бас эдгээр хот цэвэр эрчим хүч, цахилгааны хэмнэлтийг айл бүрт хэвшүүлэхээр чармайж буй. Тэгвэл нэг тивд орших Сөүл, Токио зэрэг хотод энэ хичээл зүтгэл хэдийнэ хэвшил болон тогтжээ. Айл өрх, албан байгууллагуудын дийлэнх нь эрчим хүчинд хэмнэлттэй, дулааны алдагдал багатай технологийг хэдийнэ хэрэглэж сурсан байна.
Дахин жишээ татъя. Москва хот тэлж байна. Тиймээс тус хот хуучин мастер төлөвлөгөөгөө эргэн харахад хүрч байгаа аж. Учир нь Оросын баруун хойд нутгаас Москваг чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимжжээ. Иймд ОХУ-ын нийслэл хөгжлийн шинэ жимээр урагшлахад хүрсэн байна.
Энэ хоёр жишээ нэг бүс нутгийн хотуудад ижил болоод ялгаатай сорилтууд тулгарч буйг илтгэж байна. Иймд ижил сорилтоо шийдэхийн тулд Зүүн хойд Азийн хотууд нэгдэж, харилцан туршлага солилцох нь чухал байгааг чуулганд оролцогчид онцолж байна.
УЛААНБААТАР 1.7 САЯ ХҮНД БЭЛЭН ҮҮ
2000 оны үед Улаанбаатарт 500 мянган хүн амьдарна. Өдгөө бүтэшгүй мэт санагдах ийм тооцоо бүхий мастер төлөвлөгөөг 1970-аад оны дундуур боловсруулж байжээ. Гэтэл одоо үед Монгол Улсын нийслэлийн хүн амын тоо, төвлөрөл энэ зураглалаас хэд дахин давсныг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, хотын бодлого, зураглал хүн амын өсөлт, төвлөрлөөс хоцордог нь энэ жишээнээс харагдаж байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 1.7 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Тэгвэл үүнд улсын маань нийслэл бэлэн үү. Арай өмнөх түүх шигээ бодлого, төлөвлөлт нь энэ өндөр өсөлтөөс хоцрох юм биш биз. Энэ асуултыг төлөөлөгчид тавьж байна. Бэлэн байхын тулд Улаанбаатарт бүх асуудлыг шийдсэн цогц мастер төлөвлөгөө үгүйлэгдэж байгааг оролцогчид онцолж байлаа. ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн институтийн ерөнхий экологич Фадеев Олег Николаевич “Улс орны нэгдсэн мастер төлөвлөгөөгүйгээр хотын төлөвлөгөөг ярих боломжгүй” гэдгийг ч хэлээд амжсан.
ХУВИРЧ БУЙ ХАНДЛАГА
Хөрөнгө оруулагчид зангаа хувиргажээ. Тэд ашгаас гадна алс ирээдүйг бодолцдог болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, байгальд ээлтэй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах эрмэлзэлтэй болж эхэлжээ. Энэ жишгийг Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагууд эхлүүлж, улмаар даян дэлхийг хамраад байгаа аж. Ногоон эрчим хүчинд хөрөнгө оруулах нь санаачилга бус шаардлага болоод буйг хөрөнгө оруулагчид ойлгож эхэлсэн нь энэ.
Энэ давалгаа Монголд бий болжээ. Сүүлийн жилүүдэд арилжааны банкууд “ногоон” төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж эхэлсэн. Энэ хүрээнд байгальд ээлтэй санхүүжилтийг дэмжих “Тус” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэхдээ арилжааны банкууд хувийн хэвшилд олгосон нийт зээлийнхээ 20 хувьд тогтвортой хөгжлийн шалгуур тавьсан байна. Дотоодын арилжааны банкуудын энэ санаачилгыг “Чимээгүй хувьсгал” хэмээн УИХ-ын гишүүн асан, Дэлхийн усны түншлэлийн дарга С.Оюун нэрлэсэн юм. Мөн арилжааны банкууд Ногоон санхүүжилтийн сан байгуулахаар зориод байгаа юм билээ.
Үүнээс гадна Монгол Улс ногоон хөгжлийг дэмжихийн тулд бүс нутгийн орнуудтай хамтарч байна. Тухайлбал, Монгол болон Японы хөрөнгө оруулагчид нүүрсний хэрэглээг хумих төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт олгосон тохиолдолд энэ мөнгөний тав хүртэлх хувийг Японы Засгийн газраас нөхөж олгоно. Ийм хөтөлбөрийг хоёр улсын Засгийн газар хэрэгжүүлж байна. Энэ мэт хүрэн эдийн засгийн эсрэг Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн тэмцэл чимээгүйхэн өрнөж байна.
БЭЭЖИНГИЙН ШИЙДЭЛ
Тэгвэл өмнөд хөршийн нийслэл Бээжин хот агаарын бохирдлын эсрэг тэмцлээ эрчимтэй эхлүүлээд байгаа. Хятад улс ч уур амьсгалын эсрэг тэмцлээ Бээжингээс эхлүүлэхээр шийдсэн байна. Энэ хүрээнд Бээжин хот хүрэн эрчим хүчнээс татгалзах бодлого баримталж байна. Тухайлбал, 2011-2016 оны хооронд хүрэн нүүрсээр ажилладаг гурван ч том цахилгаан станцыг зогсоосон. Мөн Бээжинд байрладаг, байгальд халтай үйл ажиллагаа эрхэлдэг 1370 аж ахуйн нэгжийн үүдийг хаажээ. Ингэснээр дөрвөн сая тонн хүрэн нүүрсний хэрэглээг хумьж чадсан байна.
Бээжингийн тэмцэл үүгээр дуусахгүй. Сүүлийн хэдэн жилд 163 сая айлын орон сууцыг байгальд ээлтэй болгон, тохижуулж, хоёр сая хуучин автомашиныг хэрэглээнээс халсан байна. Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг Бээжингийн Хөгжил, шинэчлэлийн хороо удирдаж байгаа. Тус хорооны ерөнхий захирал Лү Янь “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно гэдэг амаргүй. Гэхдээ энэ нь бидний ирээдүйг тодорхойлох тул зоримог алхам хийхээс аргагүй” хэмээн хэлсэн. Мөн бизнест ээлтэй ногооны хөгжлийг цогцлоох цорын ганц арга зам нь инновацийг нэвтрүүлж, технологийн үр шимийг ашиглах явдал гэдгийг онцоллоо.
Эцэст нь, улиран одсон 2015 онд ногоон хөгжлийн шинэ хуудас нээснийг бид мэднэ. Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар дэлхий даяар 2030 он хүртэл баримтлах “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг баталсан. Мөн арванхоёрдугаар сард Францын нийслэл Парис хотноо дэлхийн 175 орны төлөөлөл Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцийг баталсан. Тогтвортой хөгжлийн 17 зорилтын долоо нь байгаль орчны, 11 дэх нь хотын хөгжлөөс шууд хамаарахаар байгааг НҮБ- аас мэдэгдсэн. Иймд тогтвортой хөгжлийн зорилтууд нь хоттой хүйн холбоотой байгаа аж. Тэр ч утгаар хотын хөгжлийг байгальд ээлтэй болгохоор Зүүн хойд Азийн хотын удирдлагууд чуулж байна. Чуулган энэ сарын 5 хүртэл үргэлжилнэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй