Бүс нутгийн мөргөлдөөний логик

Дэлхийн хандлага
Г.Гомбо Проф. (PhD)

Ромын пап Франциск: Дэлхий ертөнц дайны байдалд байна

Европ дахь жихадист халдлагын давалгааг тэрбээр яг ингэж дүгнэжээ. Гэхдээ шашнуудын хооронд бус ашиг сонирхлууд, хуримтлагдсан их мөнгөний дайн хэмээн тэр залруулжээ. Яг үнэн. Бид олон улсын үйл явдлуудыг зурагтаар ханатлаа харж байна. Нэг л дүгнэлт буух юм. Ромын папын хэлдэг шиг. Дэлхий удирдлага, хяналтаа алдсан нь л харагдах юм. Энэ цаг үе манай гарагт шашин хоорондын антагонизм, национализмын шинэ тэсрэлтийг авчирсан мэт. Их улс төрийг эдийн засаг дагасан хэвээр байвч нефтийн зах зээл, үнэ дэлхийн бодлогыг тодорхойлсоор байна. Нефтийн үнэ унаснаар Орос, Саудын Араб, Венесуэл зэрэг бүс нутгийн нөлөө бүхий улсууд улс төрийн жин нөлөөгөө алдаж, түүнийгээ нөхвөрлөхөөр Орос Сирийн дайнд татагдан орж, нөгөө хоёр нь яахаа үл мэднэ. 2016 оны өнөөдрийг хүртэл лалын шашны өвөр хоорондын зөрчил хурцдаж, лалын шашны дайны хөлд Ирак, Сири бүрэн сүйрэхийн даваан дээр очиж, Европыг мусульман голдуу цагаачид нуман тулгуурт аваачиж, Франц, Бельги, бүр АНУ исламын террористуудын гарын шүүс ханатлаа амслаа.

ОРОС БА ТУХН

Шашин-соёл хоорондын мөргөлдөөний талбар нь Орос болох магадлал улам бүр бодитой болж байна. Оросын Холбооны аюулгүй байдлын албаны даргын мэдэгдсэнээр Сири дэх Оросын байлдааны ажиллагаа нь ISIL-ийг устгаж дуустал, Орос болон ТУХН-ийн орнуудаас ISIL-д элсэгдсэн террористуудыг алж дуустал үргэлжилнэ гэсэн.

Иймд Орос нь хамаг хүчээ Сири рүү төвлөрүүлнэ. Орос нь дотооддоо ISIL-д элсэгчид, тэдний гэр бүлд хэт хатуурхсанаар Оросын лалын бүс нутгуудад тогтвортой байдалд заналхийлсэн жижиг террорист халдлагууд олонтаа үргэлжилсээр байна. Москва, Петербург, Повольжед аэропорт, метро, зах дэлгүүрийг байнга хянахгүй бол элдэв халдлага гарч, үүнд Дагестан, Чечениэс боевикууд оролцож Москвагийн эсрэг партизаны хорлон сүйтгэх бяцхан дайн дэгдээж мэдэх юм.

Дорнод Украины статус- квог хэн ч өөрчилж чадахгүй, иймээс Украины цэрэг байлдааны ажиллагаанаасаа буцахгүй. Азербайжанаас Нагорно-Карабахаа чөлөөлөхөөр хавар ширүүхэн дайтаад авсан бол дахин өдөөж ч мэднэ. Азербайжан- Армены хил дээр томхон дайн дэгдэхэд тун ойртсон. Арменд өөрт нь иргэний дайн нүүрлэсэн мэт. Хэзээ хэзээгүй тэсрэх нигуртай. Гүржийн алдагдсан нутаг гэгдэх Өмнөд Осет, Абхазад мөргөлдөөн түр намжсанаас бүр алга болоогүй. Оросын зэвсэгт хүчин нэгэн зэрэг олон фронтод дайтах үе ирэхгүй гэх баталгаа алга.

Төв Ази руу Афганистанаас талибан, ISIL халдлага хийсээр Тажикистан, Кыргызэд өөрийн гэсэн баазтай болж авахад ганцхан хуруу дутуу байна. Казахстанд их бага хэд хэдэн халдлага исламистууд үйлдлээ. Үйлдсээр ч байх төлөвтэй. Төв Азийн таван улс руу террорист халдлага үйлдэж, энэ бүс нутагт тогтвортой байдал алдагдан, Оросын цэрэг Тажикистанд энх тайвны баталгаа болон дахин олон мянгаараа орж ирэх, тэд исламистуудтай дайтахад тун ойртсон мэт.

ЗАДРАЛ

Нагорно-Карабахын Ерөнхийлөгч Бако Саакяны үзмэрдсэнээр бол Косово, Өмнөд Судан, Абхаз, Өмнөд Осет нь тусгаар тогтнолоо олоод авчихсан, араас нь өөрийгөө тодорхойлох эрхээ Квебек, Умард Ирланд, Шотланд, Крым эдэлж байгаа ба тэр жишээ Карабахт тулгараад түүнийг хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны асуудал болсон гэнэ. Түүний ярьснаас бүр ч гайхалтай баримт олж мэдлээ. Нагорно- Карабахыг салангид байдлаар улс орнууд бус улс доторх мужууд зөвшөөрч байгаа ба АНУ-ын Массачусетс, Род- Айленд, Мэн, Луизиана, Калифорни, Жоржиа, Хавай, Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Испанийн Баскуудын эх орон, хэд хэдэн мегаполис хот, тухайлбал, Лос-Анжелес нь Карабахыг улс гэчихсэн гэнэ. Салан тусгаарлах ба задралыг бид Ирак, Сири, Йемен дээр хангалттай харж байна. Турк араас нь чимээгүй гэтэж явна. Европын холбоо миграцийн хямралтай тэмцэж хүч хүрэхгүй болсны сонгодог жишээ нь Британийн Brexit гэх үйл явц юм. Цаашдаа дүрвэгсдэд даруулахгүй гэсэн зорилгоор Европын холбооны шинэ гишүүн орнууд нь Европын холбооноос гарахыг ч үгүйсгэхгүй.

Европын холбооноос Их Британи гарчихвал энэ нь Европын холбооны задралын эх болж тун магадгүй. Евробүс задрахад тун ойртсон байна. Грек, Испани, Португал, Ирланд нь өрийн асуудлаасаа болж евро хэрэглэхээ больж, үндэсний мөнгөн тэмдэгтээ сэргээхээр ил, далд ярилцаад эхэлчихжээ.


ЕВРОП

Европ нь дүрвэгсдийн хямралд нэрвэгдсэн нь 2015 онд бүрэн харагдсан ба энэ хямрал ойрын 5-10 жилдээ үргэлжлэхээр байна. Умард Африк, улмаар нийт Африк, Ойрхи Дорнод, Баруун өмнөд Ази, Афганистанаас лалын голдуу дүрвэгсдийн цуваа Европыг дарсаар байна. Тэдгээр дүрвэгсэд хэдэн саяд хүрэх ба дотроо улс, бүс нутгаараа хуваагдан, Европт өмнө нь Туркийн, Арабын гэж нэрлэгдэж байсан цагаачдын суурин дүүргүүдийг сирийн, афганы, пакистаны, шиитийн, иракийн, йеменийн, хар африкийн гэхчлэн хуваахад тун дөхжээ. Charlie Hebdo, Парис, Ницца, Норманд, Брюссель, Германы хотуудад үйлдсэн шиг террорист халдлагууд Европын олон нийслэл, олон хот, аэропорт, вокзалыг нөмөрлөө. ISIL гэгч нь Францад дайн зарлажээ. Европолын (цагдаагийн алба) мэдээгээр 2015 онд Европын холбоо террорист халдлагын дээд рекордыг тогтоожээ. Ганцхан жилд 211 халдлага. Түүнээс зургаан улсад нь халдсан, эсвэл халдахаар зэхсэн байсныг намжаасан нь Дани, Франц, Грек, Итали, Испани, Их Британи гэнэ. Их Британид хамгийн олон нь буюу 103, араас нь Франц (72 халдлага), Испани (25) жагсав.

Европолын илрүүлж баривчилсан 687 жихадистаас 94 хувь нь өдүүлсэн хэргээ хүлээсэн ба тэд Европын шоронгуудад тансаглан сууна. 2015 онд тэдний гарын шүүсийг 151 хүн амсаж амиа алдсан ба 360 гаруй хүн эрэмдэг болжээ. Тэглээ гээд цаад жихадист нь 16 жилийн хорих ял сонсоно. Шоронд жихадизмаа үргэлжлүүлнэ. 2016 онд дээрх зургаан улс дээр Герман нэмэгдэж таарлаа.

Европын холбоо миграцийн хямралыг даахгүй болсон нөхцөлд Европын холбоотой түншлэлийн харилцаатай Монгол яах бол? Монголын эзгүй нутаг руу Европ дахь цагаачид дүрвэгсдийг шилжүүлэн байршуулахыг шаардагчид Европоос ганц нэгээр цухалзсаар байна. Европын холбооноос олгодог эдийн засаг-санхүүгийн хөнгөлөлтөө үүнтэй холбон барьцаа болгохыг болзол болгон тулгавал бид яах вэ? Монголд дүрвэгсдийн хуаран байгуулах, жилдээ 3000 сири, ирак цагаач авахыг дэлхийн дүрвэгсдийн глобал хямрал тулгасан гэх баримт байна. Монголд үзүүлэх хандив тусламж, зээл, мөн Монголын ардчилал, хүний эрхийн баталгааг дүрвэгсдийг байршуулах шалгуур болзол болгон тавихад тун ойртлоо.

ISIL – “ИСЛАМЫН УЛС”

ISIL-ийг ялж дуустал их зай байна. Бүрэн ялж дуусгая гэх улс төрийн хүсэл зориг дутаж байна. Түүний эсрэг тэмцэж буй улс орнууд нэгдэж нягтарч чадахгүй байна. Иймд АНУ- ын Штабуудын дарга нарын хорооны даргын мэдэгдсэнээр, ISIL гэх энэ бүлэг ойрын 30 жилдээ дэлхий дахинд хатиг мэт зовиур болсоор байх болов уу. Даяаршлын үр нөлөөгөөр хурдан шилжиж, байраа сольж маневрлаж чадахаа ISIL харууллаа. Эгнээгээ байнга сэлбэж байна. Санхүүжилт олдог арга нь нарийсч байна. Олон тийшээ салбарлаж байна. Анхлан Сири, Иракт төвлөрч байсан бол эдүгээ Афганистан, Оросын Умард Кавказ, Төв Ази, Синайн хойг, Арабын хойг, Иберийн орнууд, Баруун Африк, Африкийн Эвэр, Баруун Европ, Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн орнууд руу хүмүүсээ гаргаж, бааз-үүрүүдээ байгууллаа. ISIL-д элсэн байлдагсдын хур туршлагатай дайчдаас 30-40 хувь нь эх орондоо эргэж очдог ба тэд очсон даруй “Аллахын тугийн дор” ариун дайндаа мордож байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр.

Ойрын жилүүдэд failed states буюу өөрийгөө авч явах чадваргүй тийм улс орнууд Ойрхи Дорнодод улам нэмэгдэх төлөвтэй. Одоо Сири, Ирак, Йемен, дээр нь Афганистан ийм статустай байгаа бол Ливийг бараг тэгж нэрлэхээр. Хоёр жилийн дараа гэхэд турк-курдын болон лалынхны хөлд нэрвэгдсэн Турк, суннит- шиитээрээ хуваагдсан Саудын Араб, дайны хөлд нэрвэгдсэн Синайн хойг, мөн Мали, Нигериа, Сомали, Судан, магадгүй Иордан, Пакистан энэ жагсаалтыг нэмж, Афганистан улс бүрмөсөн дампуурчихсан, тэр нь Тажикистан руу салбарлаад тэр улсыг байлдуулаад туйлдуулчихсан байхыг үгүйсгэхгүй.

Орос-Туркийн харилцааны хямрал намжаад удаагүй байтал Р.Т.Эрдоаныг засгийн эрхнээс зайлуулах ноцтой хямрал дэгдэж, мөн Истанбулын аэропортыг ISIL-ийн террористууд сүйдлэх шахлаа. НАТО дотроо Америкийн дараа хоёрдугаарт, дэлхийд 10 дугаарт жагсах хүчирхэг армитай Турк нь Сири, Сири-Турк, Левант орчимд санамсаргүй байдлаар зэвсэгт мөргөлдөөнд татагдаад орчихсон. Курдууд нь бужигначихсан. Туркийн нийгмийг хүчтэй лалжуулж байна. Ийм нөхцөлд Эрдоаны эсрэг дараагийн цэргийн эргэлтийн оч уугиж байна.

СОЛОНГОСЫН ХОЙГ

Ойрын жилүүдэд хамгийн аюултайгаар хурцдаж мэдэх голомт бол Солонгосын хойг хэвээрээ байх биз ээ. Хямрал Хойд Солонгосыг тойрч өрнөсөөр. Дотооддоо эдийн засгийн бэрхшээлтэй, ард түмэн нь эрх чөлөөгүй, цэрэг-зэвсэг асар их төвлөрсөн, гаднаас байнга дайсан хайж байдаг энэ дэглэм санамсаргүй ба санаатайгаар Өмнөд Солонгосын эсрэг цэргийн өдөөн хатгалга үйлдэж, тэр нь бүх нийтийг хамарсан дайн мөргөлдөөнд хүргэчих вий гэх айдас хэдэн арван жил үргэлжилж байна. Хэрэв ийм дайн дэгдвэл БНАСАУ-ын одоогийн дэглэм сүйрэлд хүрнэ гэх тооцоо буй. Харин тэгтлээ ихээхэн цус урсгаж, олон сая хүнээ эрсдүүлж, БНСУ-ын нийгэм- эдийн засагт хор хохирол учруулж, улмаар Японыг түгшээж, хөрш Орос, Хятадыг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, гол ивээгч болсон Хятадыг нуман тулгуурт оруулах байх.

Солонгосын шинэ дайны дүрвэгсэд хуурай газраар Орос, Хятад руу хэдэн саяараа орж ирэх ба тэдний заримыг Монгол руу шилжүүлнэ. Монгол нь Солонгосын дүрвэгсдийн хөлд дарагдаж мэдэх юм.

Дүгнэж үзэхэд, ойрын жилүүдэд манай гадаад орчинд, олон улсын харилцаанд элдэв бэрхшээл, сорилттой тулгарах болно. Тэр бүхэн нь улс орнуудын гадаад таатай нөхцөлийг бүдгэрүүлнэ. Гадаадын дүрвэгсдийн хөлд дарагдах магадлал аль ч улс дээр нэн өндөр байна. Хэрэв гадаад таатай орчин алдагдаж, дүрвэгсэд дарвал аль ч улсын нийгэм-эдийн засгийн хөгжил саатаж, ард түмний аж амьдрал уруудаж, нийгмийн тогтвортой байдал алдагдах аюул бодитой юм. Иймд эдгээр эрсдэлүүдийг тооцож, төрийн бодлогын хэмжээнд бэлтгэлтэй байх нь аль ч улсын хувьд нэн чухал болоод байна.


САНАЛ БОЛГОХ