Өст хүн өлийн даваан дээр
Жүдочдын сугалаа гарсны дараа олны анхаарал Н.Түвшинбаяр аваргын барилдаанд хандаад байна. Тэрбээр эхний хоёр өрсөлдөгчөө буулгаж авбал шөвгийн наймд Оросын бөх Тагир Хайбулаевтай барилдахаар байгаа юм. Энэ хоёр бөх Лондоны олимпийн финалд барилдсаныг уншигчид санаж буй байх. Тухайн үед Түвшээ аварга хөлдөө бэртэлтэй байсан тул үндсэн барилдаанаа гаргаж чадалгүй цэвэр ялагдсан удаатай. Харин одоо түүний хувьд орос бөхөөс даагаа нэхэх сайхан боломж бүрдэж байна. Гэхдээ үүнээс өмнө ДАШТ-ий мөнгөн медальт Кубын бөх Х.Арментерос гэсэн эвгүй өрсөлдөгч хүлээж байгааг мартаж болохгүй.
Монголын багийн тугч, жүдо бөхийн +100 кг-д хүч сорих Б.Тэмүүлэн энэ тэмцээний хамгийн хүнд сугалааг татжээ. Тэрбээр нэгийн даваанд Алжирын бөхтэй барилдах бол дараа нь Францын домогт бөх Тедди Ринье хүлээж байна. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпоос хойш ялагдаагүй бөгөөд ДАШТ-д долоон удаа түрүүлсэн юм. 204 см өндөр, 140 кг жинтэй энэ аварга эр өрсөлдөгчөө хүч бяраар ааглахаас гадна мэхээ хөнгөн жингийнхэн шиг хурдтай хийдэг нь ялагдашгүй өрсөлдөгч болгожээ. Тэмүүлэнгийн хэсэгт түүнээс гадна Бразил, Орос, Австрийн хүчтэй жүдочид багтаж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй