Зүрхний хэм алдагдах өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо
Титэм судасны эмгэгтэй холбоотой өвчнөөр жилд 1300 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг
Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтний баг зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг эх орондоо амжилттай хийжээ. Зүрхний өвчлөл болон зүрхний хэм алдагдлын өвчний талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн эмч Д.Батнарантай ярилцлаа.
-Зүрхний хэм алдагдах өвчнийг Монголдоо эмчилдэг болсон байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Зүрх дотроосоо цахилгаан хэм үүсгэх бүтэц бүхий хөндийтэй эрхтэн. Тэр хөндий дотор цус орж, үүнийг шахаж гаргах ёстой булчин нь зүрх. Нэг хэм гаргахад зүрх агшдаг байх нь. Тэгэхээр зүрхнээс гарах хэвийн хэмнэл ямар нэг байдлаар алдагдах, жигд бус болохыг хэм алдагдах өвчин гэж хэлээд байгаа юм. Өнгөрсөн жилээс бид зүрхний цохилт цөөрдөг асуудлыг шийдэж чадсан. Энэ нь зүрхний хэмнэл алдагдаад байгаа газарт зүрхний байнгын болон түр зуурын аппарат суулгадаг болсон юм. Тэгвэл энэ жилээс зүрхний хэм алдагдах өвчнийг Монголдоо эмчилдэг боллоо. Засгийн газрын санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас 1.2 тэрбум төгрөгийн зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг өнгөрсөн хоёрдугаар сард суурилуулсан. Ингэснээр электрофизиологийн оношилгоо, шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийх боломжтой болсон.
Тодруулбал, Монголд эмчлүүлэх боломжгүй 39 өвчний нэг болох зүрхний хэм алдагдах өвчнийг эх орондоо эмчлэх боломж бүрдсэн.
-Зүрхний хэм алдаглийн эмчилгээ хийх боловсон хүчин хангалттай байгаа юу?
-Манай Ц.Саруул эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлж, энэ чиглэлээр суралцаж байгаад ирсэн. Зургаан өвчтөнд хэм алдагдлыг засах эмчилгээг хийсэн. Найм, арваннэгдүгээр сард хэд хэдэн хүмүүст эмчилгээ хийхээр төлөвлөсөн байна. Гэхдээ үйл ажиллагаа тогтвортой болж эхлээгүй байгаа. Манай Х.Мөнгөн-Өлзий эмч энэ чиглэлээр Тайван улсад мэргэжил дээшлүүлж байгаа бөгөөд оны сүүлчээр эх орондоо ирнэ. Тэгэхээр боловсон хүчний хувьд ч нэмэгдэж, үйл ажиллагаа маань жигдрэх байх. Одоогоор зүрхний хэм алдагдлын өвчтэй хүмүүсийн судалгаа байхгүй байна. Нас ахих тусам хавсарсан өвчнөөс шалтгаалан зүрхний хэм алдагдалт улам нэмэгддэг. Тэр дундаа зүрхний шигдээс өвчин хэм алдагдлаар хүндэрдэг.
-Зүрхний хэм алдагдах өвчнийг эмчлэх зардал хэр өндөр байдаг вэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг үү?
-Дэлхийн улс оронд аблаци эмчилгээний зардал маш өндөр өртөгтэй байдаг. Тухайлбал, Солонгос улсад найман сая вонноос дээш байдаг бол Европын орнуудад 70-80 сая төгрөг байдаг. Гэхдээ ямар хэм алдагдлын эмчилгээ хийгдэхээс хамаараад үнийн дүн янз бүр байна. Гаднын оронд зүрхний хэм алдагдлын өвчин хамгийн багадаа 20- 30 сая төгрөгийн өртөгтэй эмчилдэг эмгэгүүд Монгол Улсад хийгдэх боломжтой болж байгаа юм. Монголд хийгдэх зардлын хувьд 20 орчим сая төгрөг. Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас гуравны хоёр хувийг нь гаргаснаар эмчлүүлэгч гурав орчим сая төгрөг төлөөд эх орондоо эмчлүүлэх боломж нь нээгдэж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болсон. Үүнд зүрхний шигдээсийн титэм судасны дотуурх оношилгоо, эмчилгээний зардлууд бас орж байгаа. Мөн зүрхний дутагдалтай хүмүүст эмийн эмчилгээтэй хавсарч хийдэг CRT эмчилгээний аппарат 20 гаруй сая төгрөгийн өртөгөөр тавиулдаг байсныг эрүүл мэндийн даатгалын сангаас гуравны хоёрыг нь хөнгөлдөг болсон. Түүнчлэн зүрх гэнэт зогсох шалтгаантай хэм алдагдалууд байдаг. Энэ тохиолдолд 24 сая төгрөгөөр тавьдаг аппаратыг мөн л хөнгөлж байгаа.
-Зүрхний өвчлөл тэргүүлэх зэрэглэлийн өвчинд тооцогддог. Сүүлийн жилүүдэд энэ өвчин даамжирч, нас баралтын тоо нэмэгдэж байна гэсэн судалгаа гарсан байна. Үүний учир шалтгаан юунд байна вэ?
-Ганц Монгол Улсад биш, дэлхий дахинд зүрх судасны өвчлөл, нас баралт тэргүүлэх зэрэглэлд хамаардаг. Манай улсын хувьд зүрх судасны өвчлөл нас баралтын нэгдүгээр шалтгаан болдог бол өвчлөлийн хоёр, гуравдугаар байрт жагсдаг. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Цаашдаа ч ДЭМБ болон бусад томоохон олон улсын байгууллагын судалгаагаар улам нэмэгдэх хандлагатай байгаа. Зүрх судасны өвчинд хүргэдэг шалтгаан гэхээсээ илүүтэйгээр олон эрсдэл, хүчин зүйл нөлөөлдөг. Энэ нь эргэх болон эргэшгүй гэсэн хоёр бүлэгт хуваагддаг юм. Тодруулбал, хүний насжилт нь зүрх судасны өвчин үүсгэх эргэшгүй хүчин зүйл гэсэн үг. Хүн нас ахих тусам энэхүү өвчнөөр өвчлөх эрсдэл нь өндөр болно. Харин эргүүлж буюу өөрчилж болох хүчин зүйл нь таргалалт, хөдөлгөөний хомсдол, даралт ихсэлт, цусан дахь сахарын хэмжээ зэргээс шалтгаалж байна. Тиймээс энэ мэт эрсдэлт хүчин зүйл нэмэгдэж байгаатай холбоотойгоор зүрх судасны өвчлөл даамжирч байна.
-Өвчлөгсдийн тоо өсөхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихэсдэг байх. Танай эмнэлэгт жилд энэ төрлийн өвчнөөр хэдэн хүн хандаж, эмчлүүлж байна вэ?
-Манай эмнэлэгийн Зүрх судасны төв зүрх болон мэдрэлийн чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа, тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн манай эмнэлэгт ДЭМБ, Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр 2013 оны арваннэгдүгээр сард Зүрхний шигдээс болон харвалтын тасаг байгуулагдсан. Зүрхний шигдээсийн цочмог үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх тасаг, нэгж одоогоор манайхаас өөр эмнэлэгт байхгүй байна. Тиймээс манай эмнэлгийн ачаалал үргэлж маш их байдаг. Хамгийн сүүлийн тоо баримтаар титэм судасны эмгэгтэй холбоотой өвчнөөр жилд 1300 орчим хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Үүний 40- 50 хувь нь цочмог шигдээстэй хүмүүс байна. Ихэнх зүрх судасны болон бусад эмгэгээс шалтгаалан зүрхний үйл ажиллагаанд дутагдал үүсдэг. Тиймээс энэ дутагдлын өвчнийг эмчлэхээр энэ жил зүрхний дутагдлын багийг шинээр байгуулсан.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй