Дулаарал ба дэлхийн эдийн засаг

Нийтлэл

Халалт хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг

Аагим халуун өдрүүд ард хоцорлоо. Амьсгаа давчдаж, хөлс даасан тэдгээр хоногийг эргэн санахад эрхгүй цухал төрж, бие нозоорно. Гэхдээ ингэж наранд шарагдсан нь зөвхөн бид биш. Дэлхий бүхэлдээ дулааралтай нүүр тулжээ. Халалт хаа сайгүй газар авч, хавь ойрын улсуудыг дулаарал бүрхжээ. Тухайлбал, Хойд хөршид аагим халуун нүүрлэж, Ойрхи Дорнод, Африк, АНУ-д агаарын хэм дээшилсэн байна.

Дэлхий даяар агаарын хэм олон жилийн дунджаас дээшилж, дулаан урсгал дэгдлээ. Гэхдээ сүүлийн өдрүүдэд харьцангуй доошилж хэм хэвийн түвшиндээ хүрээд байна. Ашгүй, халуун урсгал ариллаа. Гэхдээ энэ халалтын нөлөө хараахан арилаагүй байна.


Халалт гаарсан тэд өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийсэн. Хэт халалт удаан үргэлжилбэл, тариалалтад халтай. Үр тарианы ургац давжаарч, болц удаашрах эрсдэлтэй хэмээн тайлбарлаж байв. Үүнтэй зэрэгцэн Азийн хөгжлийн банкнаас уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, эрсдэлтэй бүс нутгийн нэгээр Ази, Номхон далайг нэрлэсэн. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд бэлэн байхыг сануулж, санхүүгийн чадамжаа дээшлүүлэхийг зөвлөжээ. Үүнээс гадна энэ онд дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн эдийн засгийн нэг гамшиг болно хэмээн Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр шинжээчид анхааруулж байлаа. Мөн хэт халалтаас үүдэн хамгийн их хохирол амсах салбаруудыг нэрлэсэн.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхий даяар хоёр их наяд ам.долларын хохирол амсах эрсдэлтэй
Энэ дунд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хүчтэй сөргөөр нөлөөлөх аж. Тухайлбал, Өмнөд Америкт цаг уур тавгүйтснээс дэлхийн зах зээлд үр тариа, элсэн чихрийн үнэ сэргэжээ. Үүнээс гадна Нигерийн агаарын хэм дээшилснээр сүүлийн жилүүдэд тус улсын амтат төмсний тариалалт нэг хувиар буурсан байна. Яг ийм эрсдэлтэй япончууд нүүр тулчихаад байгаа аж. Тус улсын мандарин зэрэг жимсний тариалалтад энэ эрсдэл эхнээсээ учирчээ.

Гэхдээ одоо амсаж буй хохирол дөнгөж эхлэл болохыг шинжээчид сануулсаар. Өдгөөгөөс 10 гаруй жилийн дараа дэлхийн дулаарлаас үүдэн Африкийн өмнөд бүс нутаг эрдэнэ шиш зэрэг зарим ургацынхаа 30 хувийг алдаж магадгүй. Мөн энэ үед Өмнөд Азийн орнуудын шар болон цагаан будааны үйлдвэрлэл бараг 10 хувиар хумигдах эрсдэлтэй байна.

Агаарын хэм өссөнөөр зөвхөн ургац буурахгүй. Өсөх төлөв ч бий. Тухайлбал, хэтдээ АНУ- ын эрдэнэ шиш, улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих бол Канадад сөргөөр нөлөөлнө.

Дэлхийн дулаарал хөдөө аж ахуйгаас гадна хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөхөөр байна. Тодруулбал, хөдөлмөрийн бүтээмжийг хазаарлана. Тэр дундаа, Ази, Африкт энэ байдал түлхүү ажиглагдах аж. Энэ ч хэдийнэ биеллээ олоод эхэлжээ. Зүүн өмнөд Азийн орнууд жилийн нийт ажлын цагийнхаа 10 хувийг халууны улмаас үр ашиггүй өнгөрөөдөг байна. Дэлхийн дулаарал цаашид үргэлжилбэл, энэ үзүүлэлт 2050 он гэхэд хоёр дахин өсөх магадлалтай. Жишээлбэл, Малайз улс хэт халуунд ажлын цагаа түр зогсоодог. Улмаар халууны стресс хэмээх шинэ эмгэг ч бий болсон. Энэ стресст хамгийн их өртөх магадлалтай улсаар Энэтхэг, Хятадыг нэрлэжээ. Үүнээс гадна агааржуулагчийн зах зээл ирээдүйд хэд дахин тэлэх бөгөөд сэрүүцүүлэгчдэд зарцуулах эрчим хүчний хэрэглээ ч нэмэгдэнэ.

Дэлхийн банкны шинжээчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн эдийн засгийн хувьд хэр хэмжээний хохирол амсахыг тогтоосон. Хохирлын хэмжээ нь хоёр их наяд ам.доллараар хэмжигдсэн байна.


САНАЛ БОЛГОХ