Зочид буудлуудын зарлага орлогоосоо давжээ

Мэдээ

Оны эхний хагас жилийн байдлаар сүүлийн гурван жилийн хугацаанд зочид буудлуудын зарлага нь орлогоосоо давж гарсан анхны тохиолдол боллоо. Энэ оны 1-6 дугаар сард зочид буудлууд нийт 70.9 тэрбум төгрөгийн зарлага гаргасан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 44.3 хувиар нэмэгдсэн байна. Харин орлого нь жилийн өмнөхөөс 17.5 хувиар нэмэгдэж, 58.3 тэрбум төгрөг болжээ.

Энэ жилийн хувьд АSЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд томоохон зочид буудлууд засварын ажил их хийсэн юм. Тухайлбал гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авахаар сонгогдсон 40 зочид буудалд арилжааны банкуудаар дамжуулан 121 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүгээр мэргэжилтнүүдээ сургах, засвар дэд бүтэц, тохижилтоо сайжруулжээ.

Харин 3-7 дугаар сарын хооронд АSЕМ-д оролцохоор 4500 гаруй хүн ирж, 3.5 сая ам.долларыг байр, унаа, бэлэг зэрэгт зарцуулсан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Оны эхний зургаан сард зочид буудлын нэг өрөөнд ногдох дундаж орлого 8.4 сая төгрөг болсон байна. Энэ нь 2015 оны мөн үеэс 9 орчим хувиар нэмэгджээ. Харин нэг зочинд ногдох дундаж орлого жилийн өмнөхөөс 10 орчим хувиар нэмэгдэж, 248.2 мянган төгрөг болсон талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас мэдээллээ. Үүнээс гадна нийтийн хоолны салбарын орлого, зарлага мөн нэмэгдсэн байна. Тухайлбал орлого нь жилийн өмнөхөөс 8.3 хувиар нэмэгдэж, 108.2 тэрбум төгрөг болсон бол зарлага нь 5.8 орчим хувиар өсч, 104.2 тэрбум төгрөг болжээ. Нэг суудалд ногдох орлогын үзүүлэлтээрээ ресторанууд хамгийн өндөр буюу 2.7 сая төгрөг байгаа бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд бараг өөрчлөгдөөгүй байна.


САНАЛ БОЛГОХ