Ирээдүйд зэсийн салбарыг технологи өөрчилнө

Ярилцлага

“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа. Хятадын зах зээл дэх илүүдэл хэр хурдан шавхагдахаас зэсийн үнэ шалтгаална гэдгийг тэрбээр онцлов.

-“Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйг ажлаас нь чөлөөлж, Армандо Торресыг шинээр томиллоо. Энэ өөрчлөлт “Rio Tinto” группийн бүтцийн шинэчлэлийн нэг хэсэг үү. Бидэнд нөлөө үзүүлэх үү?

-Дэлхий даяар эрчим хүчний нүүрснээс татгалзахыг уриалж байна. Ийм учраас “Rio Tinto” групп нүүрсний салбараа цомхотгож байж болно. Тиймээс зэсийн төслүүдээ нүүрснээс салгаж, алмаастай нэгтгэж байна. Улмаар зэс, алмаасны групп байгуулж, цөөнгүй өөрчлөлт хийж буйн нэг нь энэ.

“Rio Tinto”-гийн алмаасны салбар нь гүний уурхайн олборлолтын чиглэлээр мэргэшсэн, арвин туршлагатай. Энэ туршлагаа “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолтод ашиглахын тулд бүтцийн өөрчлөлт хийсэн гэж ойлгож болохоор байна. Армандо Торрес хэмээх Бразил гаралтай эрхмийг “Оюутолгой”- н гүйцэтгэх захирлаар (Инновацийн салбарыг давхар хариуцна) томиллоо.

Тэрбээр Австралид хөнгөн цагааны төсөл удирдаж байсан. Нэлээн туршлагатай. Шинэ удирдлагын багийн үйл ажиллагаа хоёр сарын хугацаанд жигдэрнэ. Өдгөө “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт хариуцсан захирлаар ажиллаж буй Марко Пирэс бас Бразил хүн. Тэгэхээр “Оюутолгой”-н удирдлагын бүтэц их өвөрмөц болж байна. Өөрөөр хэлбэл, энэ төслийн цаашдын хөгжил, өргөжилтөд хоёр бразил эрхэм онцгой үүрэгтэй ажиллахаар болсон нь бас л сонин тохиолдол. Бразил улс өөрөө хөгжлийн тодорхой үе шатыг туулж яваа. Гэхдээ уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлэхээр зорьж буй улс. Тэр утгаар манай улстай ижил төстэй. Ялангуяа уул уурхайн ханган нийлүүлэлтээр дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх арвин туршлагатай. Тиймээс Дэлхийн банкнаас тус улсыг энэ чиглэлээрх загвар орнуудын нэг гэж тодорхойлсон байдаг. Ийм улсын иргэд Монгол Улсад ажиллах болсон нь давуу талтай гэж бодож байна. Ингэснээр Монгол шиг хөгжиж буй орны онцлогийг илүү сайн ойлгож, уул уурхайгаар дамжуулан бусад салбарт ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийн ханган нийлүүлэлтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх болов уу.

-“Rio Tinto”-гийн шинэ гүйцэтгэх захирал Ж.С.Жак ажлаа хүлээн авснаас хойш бүтцийн шинэчлэлийг зоригтой хийж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “Rio Tinto” группийн өмнөөс хариулж, үйл ажиллагааг нь үнэлж дүгнэмээргүй байна. Гэхдээ хөндлөнгийн байр сууриа илэрхийлэхэд дэлхийн уул уурхайн салбар бүхэлдээ хямралтай байгаа энэ үед “Rio Tinto” шинэ гүйцэтгэх захиралтай болж, шинэ эрч хүчээр ажиллаж эхэллээ. Мэдээж, Ж.С.Жак залуу хүний хувьд шинэ зорилт дэвшүүлсэн байгаа. Үүндээ хүрэхийн тулд шинэ бүтэц, шинэ багаар ажиллах болов уу. Жан Себастьян Жак бол Монголыг маш сайн мэднэ. Өмнө нь Зэсийн группийг хариуцан ажиллаж байхдаа “Оюутолгой”- н зардлын хэтрэлт, гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой хэлэлцээрт оролцож байсан.

Өмнө нь хэлсэнчлэн, уул уурхайн салбар бүхэлдээ хүнд байна. Зарим шинэ төсөл зогсоод эхэллээ. Уул уурхайн түүхий эдийн үнийн төлөв ч харилцан адилгүй байна. Энэ бүхнийг харгалзан үзэж, зардлаа хэмнэж, цомхон бүтцээр ажиллахаар зорьж байгаа байх. Миний ойлгосноор “Rio Tinto” группийн хувьд зэсийн салбарын ач холбогдол өсөж байгаа юм билээ. Тэр утгаар зэсийн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмж байна. Өмнө нь тус групп түлхүү төмөр болон нүүрсний салбарт төвлөрдөг байсан. Одоо энэ бүтцээ өөрчилж байна.

-Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сүүлийн нэг жилд биет хэмжээгээр тэлсэн ч орлого нь буурлаа. Үнийн уналтыг нөхөхийн тулд ямар бодлого баримтлах вэ?

-Түүхий эдийн үнэ унасан ч, үүнийг биет хэмжээгээ нэмэгдүүлэх замаар орлогоо нөхөж, төсөвт хүндрэл учруулахгүй байхыг хичээж байна. Сүүлийн хоёр жилд манай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт биет хэмжээгээрээ тэлсэн. Гэхдээ л оргил үедээ эргэн очоогүй байна. Зэсийн ханш сул хэвээр. Үүний шалтгааныг Хятад улсын зах зээл дэх илүүдэл нөөцтэй холбон тайлбарлаж болно. Хятадын нийлүүлэлтийн илүүдэл ирэх оны эцэс гэхэд арилна гэж таамаглаж байна. Ингэснээр үнэ өсөх байх.

Түүхий эдийн хэмжээг тэлж, зах зээлээ хадгалж байна

Манай улсын зэсийн үйлдвэрлэлийн гарц сүүлийн хоёр жилд 40 хувиар өссөн. Энэ бол боломжийн өсөлт. Ингэснээр бид зах зээлээ хадгалж үлдэнэ. Бас энэ амаргүй үед зах зээлээ тэлснээр үнэ өсөхөд алдагдлаа нөхөх боломжтой. Хамгийн чухал нь Монгол Улс зах зээлд эзлэх байр сууриа тасралтгүй хамгаалж, өсгөж чадаж байна. Гол нь зардлаа танах, ахиу бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээмжээ дээшлүүлэхэд манай үйлдвэрлэгчид анхаарч байгаа. Цаашид үнийн уналтыг нөхөхийн тулд боломжит хэмжээгээр экспортоо тэлнэ. Гэхдээ тээвэрлэлтийн хүчин чадал саад болсоор байгаа.

-Тэгвэл экспортын биет хэмжээг ойрын хугацаанд тэлэх ямар арга зам байна вэ?

-Манай үйлдвэрлэгчид Хятадын тэр дундаа тус улсын хойд зах зээлд голлон бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Манай улсын дэд бүтцийн хүчин чадал ч ийм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хүргэж байна. Гарц буюу шийдэл нь төмөр зам. Тухайлбал, “Оюутолгой” компани гэхэд бүтээгдэхүүнээ өндөр өртөгтэй, ачааны автомашинаар тээвэрлэдэг. Бас хил нэвтрүүлж буй боомт нь орон нутгийн статустай. Ажиллах цаг, нэвтрүүлэх хүчин чадал нь бага. Иймд зарим боомтоо яаралтай олон улсын статустай болгох шаардлагатай.

-Улсын төсөвт жин дардаг зэсийн ханшийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?

-Урт хугацаанд бол өөдрөгөөр харж байна. Ингэж үнэлэх хэд хэдэн шалтгаан бий. Хятадын баруун хойд хэсэг нь харьцангуй хөгжил сул. Бүтээн байгуулалт шаардлагатай бүс нутаг. Цаашид энэ бүсийг чиглэсэн хөрөнгө оруулалт өсөх төлөвтэй байна. Нөгөө талаас, Хятад улс хилийн чанадыг чиглэсэн томоохон хөтөлбөрүүд санаачилсан. Тухайлбал, ОХУ, Монгол Улстай Эдийн засгийн коридор байгуулахаар төлөвлөж байгаа. Бас Дундад Азийн орнууд болон бусад улсыг хамарсан “Шинэ торгоны зам”, “Нэг зам, нэг бүс” зэрэг томоохон санаачилга байна. Энэ хүрээнд авто болон төмөр зам, томоохон цахилгаан станцууд барих хүлээлттэй. Үүнээс үүдэн зэсийн хэрэглээ өснө. Тийм учраас урт хугацаанд зэсийн ханшийг эергээр харж байна. Харин богино хугацаанд Хятадын зах зээл дэх илүүдэл хэр хурдан шавхагдахаас зэсийн үнэ шалтгаална.

-Зэсийн үнийн төлөв дунд болон богино хугацаанд сөрөг байгаа. Он гарсаар ханш 4500-4900 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ ханш ёроолын цэг мөн үү. Эсвэл дахиад уруудах болов уу?

-Шуудхан хэлэхэд хэцүү. Гэхдээ ёроолын цэг байгаасай гэж хүсэж байна. Учир нь түүхий эдэд түшиглэсэн ОХУ, Бразил, Перу, Индонез зэрэг улсын эдийн засаг сайнгүй байна. Тиймээс энэ улсууд бидэнд шиг бодлого баримталж байна. Түүхий эдийн экспортынхоо биет хэмжээг өсгөж байна. Хэрэв эдгээр өрсөлдөгч улс тоо, хэмжээгээ өсгөөд байвал одоогийн үнийг ёроолын цэг гэж хэлэхэд хэцүү. Харин эдгээр орны тэвчээр нь хязгаартаа тулж, томоохон төслүүд нь зогсвол өнөөгийн үнэ нь ёроолын цэг. Мөн зэсийн эрэлт өснө гэж найдаж байна. Миний дээр хэлсэн шалтгаанууд үүнд нөлөөлнө. Үүнээс гадна Хятад тэргүүтэй Азийн орнууд ногоон эдийн засгийг дэмжихээр үүрэг, амлалт авчихаад байгаа. Энэ чиглэлд ч чамгүй санаачилга гаргаж байна. Тиймээс цахилгаан хөдөлгүүртэй автомашин, нар, салхины эрчим хүчийг нэмэгдүүдэхэд нэлээд хөрөнгө оруулалт хийх төлөвтэй. Тухайлбал, Хятадын 13 дахь таван жилийн төлөвлөгөөнөөс харахад, зэсийн эрэлт нэмэгдэхээр байна. Учир нь сэргээгдэх эрчим хүчинд суурилсан автомашин, цахилгаан станцад зэсийг илүү их хэмжээгээр ашигладаг. Гэхдээ ойрын 1-2 жилд зэсийн зах зээлд дорвитой өөрчлөлт гарахгүй болов уу гэж бодож байна.

-“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд сүүлийн үед ямар ажил хийж байгаа вэ?

-Гүний уурхайн 1300- 1500 метрийн гүнд том хонгилууд барьж байна. Энэ сүлжээгээ цаашид ч өргөтгөнө. Бас баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмж, конвейерийн систем бий болгож, газрын гүнээс хүдрийн биет гаргаж ирэх бүтээн байгуулалт хийнэ. Эдгээр ажилд мэргэжлийн зөвлөгөө өгөх компаниудыг сонгон шалгаруулаад, ажилд нь оруулаад байгаа. Энэ нь мэдээж асар том хэмжээний бүтээн байгуулалт. Тиймээс энэ чиглэлээр бараа материал нийлүүлэх, барьж угсрах компаниудыг сонгон шалгаруулаад байна. Ажил нь хэдийнэ эхэлсэн. Тэрчлэн ил уурхайд ажиллаж байсан зарим ажилчныг далд уурхайд шилжүүлэх, мөн шинээр ажиллах хүч нэмж авч байгаа. Өнөөдрийн байдлаар 700 орчим хүнийг шинээр ажилд аваад байгаа. Энэ ондоо багтаад 1000- д хүргэнэ гэсэн төлөвлөгөө бий.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Үүнд манай түнш, хөрөнгө оруулагчдын хандлага хэр байгаа вэ?

-Шинэ Засгийн газрын бодлогыг сонирхож байгаа байх. Гэхдээ “Оюутолгой” одоо цэвэр бизнесийн төсөл болсон. Тиймээс улс төрийн аль нэг нам ялах нь тийм ч чухал биш. Гол нь хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд явах нь чухал. “Оюутолгой”-н Монголын эдийн засаг, төсөвт үзүүлж буй нөлөө их. Аль ч Засгийн газар “Оюутолгой”-той цэвэр бизнесийн, арилжааны зарчмаар ажиллах нь зүйтэй болов уу. Товчхондоо, Монголын Засгийн газар болон “Rio Tinto” групп одоо нэг завин дээр сууж, нэг хувь заяатай болсон.

-Үнийн уналтаас үүдэн уул уурхайн салбар өөрчлөгдөж байна. Компаниуд нэгдэн нийлж, амаргүй үеийг хамтран туулж байна. Үүнээс гадна онцлох өөрчлөлт, хөдөлгөөн юу байна вэ?

-Томоохон компаниуд хамтран төсөл хэрэгжүүлж байна. Бие даан хөрөнгө оруулахаасаа илүү хамтрах хандлагатай байна. Түүхий эдийн үнэ өндөр байхад уул уурхайн компаниуд бүх төсөл рүү хошуурч, бие даан хэрэгжүүлэхээр зорьдог байлаа. Одоо маш хянуур, үнэхээр ашигтай гэсэн төслүүдийг сонгодог болж. Тэрчлэн урт хугацаанд ашигтай төслүүдийг том компаниуд хамтран хэрэгжүүлж, санхүүгийн зардал, эрсдэлээ хувааж байна.

Хэдийгээр өндөр өртөгтэй ч инновацид маш их хөрөнгө хаяж байна. Газрын гүнд тэсэлгээ хийж, түүнийгээ маш өндөр зардлаар өргөн гаргаж, бутлан, тээрэмдээд, түүнийгээ химийн урвалаар оруулж, дахин боловсруулаад хилийн чанадад нийлүүлдэг байсан. Тэгвэл одоо илүү хялбар, хямд аргаар зэс, алтыг ялгаж авдаг болж байна. Тухайлбал, бактерийн гэх мэт уламжлалт бус аргаар ялгадаг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаад эхэллээ. Томоохон компаниуд ч туршиж байна. Магадгүй 20-30 жилийн дараа бидний ашиглаж буй арга, аргачлал хуучирч, цоо шинэ технологи нэвтрэхийг үгүйсгэхгүй. Дэлхийн бизнесийн арга, аргачлал хэтрүүлэгтэй хэлэхэд гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Зэсийн салбарын үйл ажиллагаа яаж өөрчлөгдөхийг таамаглахад бэрх байна. Өмнө нь геологийн хайгуулыг маш өндөр зардлаар хийдэг байсан бол одоо соронзон долгион гүйлгээд л сканддаг технологи нэвтрэх гэж байна.

Тэгээд ч дэлхийн даяар зэсийн ил аргаар олборлох боломжтой орд уурхайн тоо цөөрч байна. Тэгэхээр илүү нарийн технологи үйлдвэрлэлд нэвтрэх болно. Манай “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”-н зэсийн хүдрийн агуулга 1.2-2 хувь. Үүнээс бага бол эдийн засгийн үр ашиггүй гээд хаячихдаг. Гэтэл одоо үүнээс бага агуулгатай хүдрийг эргэлтэд оруулах технологи гараад ирж байна. Эдийн засгийн үр ашиггүй гээд орхигдсон ордууд эргээд үнэ цэнэтэй болох бүрэн боломжтой. Хаягдал овоолгоос нь гэхэд тохирох технолои ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг шүү дээ. Энэ мэт ирээдүйд зэсийн салбарыг технологи өөрчлөхөөр байна. Бид ч ирээдүйнхээ төлөө үүнээс хоцорч боломгүй.

САНАЛ БОЛГОХ