Хямралаас гаргах төлөвлөгөөг удахгүй танилцуулна
Төсвийн тэнцэл ганцхан сарын хугацаанд 850 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэв
Үе үеийн Сангийн сайд нар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон хямралаас гарах арга замын талаар хэлэлцэж, Засгийн газарт зөвлөгөө “өгөв”. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтад Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Я.Очирсүх, Ч.Улаан, Б.Батбаяр, П.Цагаан Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, Л.Пүрэвдорж нар хүрэлцэн иржээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг боловсруулж байгааг дуулгасан юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал амаргүй байна. Гэсэн ч Засгийн газар Монгол Улсынхаа ирээдүйг өөдрөгөөр харж, хямралыг хэрхэн давах талаар төлөвлөгөө боловсруулж байна. Удахгүй УИХ болон олон нийтэд танилцуулна. Монголчууд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьдаг. Тэгэхээр өвөг дээдсийнхээ мэргэн сургаалыг бодож та бүхэнтэйгээ санал бодлоо солилцохоор урьсан юм. Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн та бүхний үг сургаал, зөвлөгөө манай Засгийн газрын ажилд үнэтэй санаа болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Үүний дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, уулзалтад оролцогчидтой санал бодлоо солилцлоо.
» Үе үеийн Сангийн сайд нар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон хямралаас гарах арга замын талаар хэлэлцэж, Засгийн газарт зөвлөгөө “өгөв”.
» Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ.
» Нэгдсэн төсвийн нийт зарлага 91 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн Сангийн яамнаас энэ оны эхний долоон сарын байдлаарх улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа. Хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан 2016 оны төсвийн тэнцэл ганцхан сарын хугацаанд 850 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд хүрэв. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2, зарлага 91.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн төсвийн орлого гурван их наяд орчим төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.8 хувиар буюу 657.4 тэрбум төгрөгөөр дутуу биелж байгаа аж. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар буюу 102.7 тэрбум төгрөгөөр бага байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй