Даатгуулаагүй ч хариуцлага хүлээнэ
Орон сууцнуудыг албан ёсоор даатгалд хамруулж байна
Дээд давхрынх нь айлаас ус алдчихжээ. Гэтэл ус алдсан айлын хүмүүс тухайн байрыг түрээсэлдэг учраас ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгээ хэлсэн байна. Ийм тохиолдолд ямар байгууллагад хандаж, асуудлаа шийдүүлж болох талаар асууж сурагласан нэг бус удаа таарав. СӨХ-нд мэдэгдсэн, эсэхийг нь лавлахад мөн л СӨХ нь хариуцахгүй гэснээр тэдний дунд бөөн маргаан үүссэн аж.
Ямар нэгэн шалтгаанаар дээд давхрын айлаас ус алдах тохиолдол бишгүй л гардаг. Гэвч оршин суугчдын дундах бичигдээгүй хуулиар тухайн ус алдсан айл нь хохирлыг барагдуулдаг жишиг хэдийнэ тогтсоныг хэн хүнгүй мэднэ. Харин орон сууц түрээслэгчид энэ мэтчилэн хариуцлага алдаж, доод айлдаа хохирол учруулчихаад “Бид түрээслэгчид. Хариуцлага хүлээж чадахгүй” гээд гэдийгээд суучихвал ямар арга хэмжээ авах ёстой юм бол. Үүнийг зохицуулдаг ямар нэг хуулийн заалт болон байгууллага гэж бий болов уу гэсэн асуулт гарч ирж байна.
Ер нь Улаанбаатар хотод хэдэн мянган хүн түрээсийн байранд амьдардаг тухай тоймтой тоо байхгүй. Яагаад гэвэл түрээслүүлэгч болон түрээслэгчийн хооронд хийсэн гэрээ байдаггүй учраас тэр аж. Уг нь хуулиараа түрээслүүлэгч тал нэмэлт орлого олж байгаа гэдгээрээ заавал гэрээ байгуулж, татвар төлөх ёстой. Харин манайхан татвар төлөх хүсэлгүй учраас энэ журмыг огт баримталдаггүй.
Хамгийн сүүлд “Бунт-Ухаа 2” хороололд 350 орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдийг оруулсан. Хуулийн хүрээнд иргэд тухайн түрээслэгчтэй түрээсийн орон сууцны гэрээ байгуулдаг. Эл гэрээний хүрээнд гэнэтийн осол буюу ус алдах, дулааны шугам гэмтэх тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу түрээслэгч тал, эсвэл түрээслүүлэгч тал учирсан хохирлыг барагдуулдаг журамтай. Тэрчлэн СӨХ-ны, эсвэл орон сууцны төлбөр дээр даатгалын мөнгө гэж 1000-1500 төгрөг суутгадаг. Тэгвэл яг энэ тохиолдолд хэрэв та болон танайд хохирол учруулсан айл даатгал төлдөг бол даатгалын компаниар хохирлоо барагдуулах бүрэн боломжтой юм байна. Саяхны нэг жишээ дурдая. Манай танил эгчийнд мөн л дээд айлаас нь ус алдсан аж. Тэднийх сар бүр даатгалын 1000 төгрөг төлдөг учраас орон сууцны контортоо мэдэгджээ. Улмаар контороос нь хүн ирж, ус алдсан хэсгийн таазны зургийг авч, баримтжуулаад хохирлын хэмжээг нь тогтоон, тухайн даатгалын компаниас 100 гаруй мянган төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Хүмүүс энэ мэт хуулийн хүрээнд зохицуулах боломж байдгийг тэр бүр мэддэггүй.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй