С.Дэмбэрэл: Өрийн удирдлагын бүтцийг өөрчлөх ёстой

Ярилцлага

Засгийн газар дотоод, гадаадын экспертүүдийн зөвлөгөөг сайн сонсох хэрэгтэй

Хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан 2016 оны төсвийн алдагдал ганцхан сарын хугацаанд 850 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгт хүрсэн мэдээг Сангийн яамнаас өгч байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2, зарлага 91 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн төсвийн орлого гурван их наяд орчим төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.8 хувиар буюу 657.4 тэрбум төгрөгөөр дутуу биелж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгааг дуулгасан. Эдийн засагчид төсвийн алдагдлыг оны эцэст хоёр их наяд төгрөгт хүрнэ хэмээн таамаглаж байсан бол эхний долоон сарын байдлаар 1.9 их наяд төгрөгт хүрээд байна. Эдийн засгийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг хэрхэн даван туулах ёстой вэ?

-Сангийн яамнаас гаргасан төсвийн гүйцэтгэлийн мэдээлэлтэй танилцаж амжаагүй байна. Гэхдээ өнгөрсөн онд 2016 оны улсын нэгдсэн төсвийг 940 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Тухайн үед миний зүгээс төсвийн алдагдлыг нэмэх тэмдэгтэй биш юмаа гэхэд ядаж хасах нэг хувиар баталъя гэсэн саналыг гаргаж байсан. Тооцоог нь ч хэлж байсныг санаж байгаа байх. Тухайлбал, бүх аймгуудад тугны суурь босгоход 250 сая төгрөг тусгасан гээд онц шаардлагагүй зардал их байсан. Гэхдээ энэ бол өнгөрсөн асуудал.

Монголбанкны зүгээс мөнгөний шинэ тэнцвэр буюу гурван тэнцвэрийн бодлогыг оруулж ирсэн. Түүний нэг төсвийг алдагдалгүй баталъя гэсэн саналыг хэдэн жил оруулж ирж байгаа ч нэмэргүй байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны санал дэмжлэг авч чадахгүй байсаар ирлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төсвийн тухай хуулийн дагуу бол зөв тоо оруулж ирэх ёстой. Хэрэв төсөвт буруу тоо оруулж ирвэл хуулиараа гэмт хэрэг болдог. УИХ Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийн хүрээнд хэлэлцэнэ шүү дээ.

Гэхдээ сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилд тойрог руу чиглэсэн төсөв батлах хандлагатай байдаг. Тойргоос сонгогдсон гишүүд амлалтаа биелүүлэхийн тулд төсвийн зардлыг нэмэгдүүлдэг талтай. Товчхондоо, сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилд улсын төсөв дандаа алдагдалтай батлагддаг. 2005-2015 оны хооронд төсвийг долоон удаа алдагдалтай баталсан байдаг. Энэ хандлага ч 2016 онд давтагдлаа.

Төсвийн алдагдал эрс нэмэгдэж байгаа нь анх төсвийн төслийг боловсруулахдаа буруу тоо ашигласны илрэл. Уг буруу тоог хэн оруулж ирэв? Тухайн үед Ерөнхий сайд, Сангийн сайдаар хэн ажиллаж байсан зэрэг олон асуултад хариулт олох ёстой. Төсвийг Сангийн яам боловсруулж, Засгийн газарт хүргүүлнэ. Үүнийг Засгийн газар хэлэлцээд УИХ-д оруулдаг дэгтэй. Төсвийн алдагдлыг гэмт хэрэг байж болзошгүй гэсэн утгаар нь авч үзэх ёстой.

Нөгөөтэйгүүр, төсвийн алдагдал, мөнгөний бодлого хоёрын уялдаа холбоо сүүлийн 26 жилд үндсэндээ нурлаа. Сүүлийн үед инфляцийг онилох зорилт тавьж ирсэн ч өнгөрсөн арван жилийн долоод нь төсвийг алдагдалтай баталдгаас шалтгаалан мөнгөний бодлогын онилолт, инфляци байнга зөрсөөр ирсэн. Өнгөрсөн арван жилийн хоёр жилд л инфляци байгаа онилсон байдаг. Төсвийн төлөвлөлт шинжлэх ухааны үүднээс ч хангалтгүй байсаар ирлээ.

-Төсвийн алдагдал ийнхүү эрс нэмэгдэж байгаад буруутныг хайхаас илүүтэйгээр гарц, боломжийн талаар ярилцах ёстой байх гэж бодож байна. Төсвийн алдагдлыг бууруулах боломж байгаа юу?

-Ерөнхийдөө төсөв алдагдалгүй батлагдаж байх ёстой. Энэ бол төсвийн тогтвортой байдлын асуудал. Тогтвортой байдлын хувьд нэг асуудал бий. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилд олон ч удаа хэлсэн. Гэвч тусыг эс олсон. Чили улсын туршлагаас суралцах зүйл их бий. Тухайлбал, тус улсад Засгийн газар нь төсвийг боловсруулж, парламентад өргөн мэдүүлэхдээ хөндлөнгийн шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулдаг. Шинжээчдийн дүгнэлтэд тусгагдсан тоо, баримтыг өөрчилдөггүй. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн төсөвт өөрчлөлт хийхгүй байхыг хуульчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа уг өөрчлөлтийг хийх ёстой гэж бодож байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор батална гэсэн заалт байсан боловч Үндсэн хуулийн цэц дээр унасан. Тиймээс төсвийн төсөлд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг заавал хийлгүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал төсөв зөв шугамд орно.

Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлтийг хасах руу оруулахгүй байх ёстой. Ийм л бодлого хэрэгтэй. 2009 оны эдийн засгийн хямралыг хоёр баганыг түшиж л давсан гэдгийг мэдэж байгаа байх. Нэг багана нь хувийн хэвшил буюу үйлдвэр, аж ахуй, худалдаа. Нөгөө нь өрхийн эдийн засаг буюу өрхийн орлого, зарлага. Өрхийн орлого сүүлийн 12 улирал дараалан буурсан үзүүлэлттэй байна. Сүүлдээ бүр хасах руу орлоо. Үүнийг Засгийн газар тогтворжуулах ёстой. Ингэхийн тулд санхүүжилтийн орчинг хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн хүртээмжтэй байдлыг мөнгөний бодлоготой уях хэрэгтэй. Өрийн удирдлагын хувьд манай улсыг өрийн дарамтад орсон талаар Олон улсын валютын сан жилийн өмнө хэлсэн. Өрийн удирдлагын тухай хууль УИХ-аар батлагдсан. Товчхондоо, өрийн удирдлагын бүтцийн өөрчлөлт болон эдийн засгийн дипломат үйл ажиллагааг маш сайн хийх хэрэгтэй.

Түүнчлэн дотоод, гадаадын экспертүүдийн зөвлөгөөг сайн сонсож өрийг хойшлуулах, шилжүүлэх бүтцийг судлах хэрэгтэй. Мөнгөний нийлүүлэлт хасах үзүүлэлттэй болсон байна. Ингэснээр эдийн засгийн цусны эргэлт зогслоо. Өнөөдрийн байдлаар дээр дурдсан хоёр багана зогсонги байдалд орлоо.


САНАЛ БОЛГОХ