Ламын үгийг дагаад уурхайчин болох гэж байсан

Залуус

Залуу хүн алдах зүгээр, алдаанаасаа суралцах нь хамгийн чухал

Түүнийг хүмүүс “Хэцүү анги” киноны даруухан хүү, “UBS” телевизийн чадварлаг нэвтрүүлэгч гэдгээр нь мэднэ. Гэвч тэр бидний төсөөлснөөс ч адал явдалтай, шинийг эрэлхийлэгч нэгэн аж. 16 настайдаа сэтгүүл гаргаж, мэдээллийн сайттай байсныг нь мэдвэл та Ж.Анхбаярын талаар улам ихийг мэдмээр санагдах байх. Ингээд түүний тухай яриаг хүргэе.

-UBS телевизийн мэдээний хөтлөгч болтлоо ямар зам туулсан бэ?

-UBS телевизэд ороход аз ивээсэн гэж боддог. Түүнээс биш, би сэтгүүлч мэргэжил эзэмшээгүй, хөтлөгчийн ямар нэг сургалтад хамрагдаж үзээгүй 16 настай хүүхэд л байлаа. Анх би Программын албанд англи хэлнээс орчуулга хийдэг байлаа. Албаны дарга намайг маргаашнаас ирээд хэрэггүй шүү гэх үе ч гарч байв. Гэхдээ би бүх зүрх сэтгэлээ телевизэд зориулж, мэдээний хөтлөгч болох туйлын зорилготой байсан тул бууж өгөөгүй. Харин ч тийм үг сонсоод өөрийгөө харуулах ёстойгоо ойлгосон. “UBS Энтертайнмент” гуравдугаар сувгаас эхлээд бага багаар нэвтрүүлэг хөтөлж, хийж эхэлсэн. Удалгүй хоёрдугаар сувагт орж “Зүрхнээс зүрхэнд” нэвтрүүлгийг хөтөлдөг болсон. Гэтэл дараахан нь “Ногоон ирээдүй”, “Дэлхийн мисс” зэрэг төсөлд хуваарилагддаг юм байна. Би Дэлхийн миссийн тэмцээнийг долоон жил шимтэн үзсэн болохоор уг саналыг дуртай хүлээж авсан.

Үүний дараахан нэгдүгээр сувагт “Мессенжер мэндчилгээ”, “Зар мэдээ”, “Бизнес мэдээ” зэргийг хөтөлж эхлэв. Энэ бүхэн нэг жилийн хугацаанд өрнөсөн явдал. Тэгж байтал Уран бүтээл эрхэлсэн захирал намайг дуудаж, “Чамайг бид оройн мэдээнд тавих гэж байна. UBS телевизийн оройн мэдээг унших чамд нэр төрийн хэрэг байж чадах уу” гэж асуусан юм. Одоо би оройн мэдээ уншаад зургаан жил болж байна. Тухайн үед телевизийн мэдээг хөтөлсөн анхны 17 настай хөтлөгч болж байлаа.

"Хэцүү анги" кинонд тоглоод өөрийгөө олж, зорилгоо тодорхойлсон

-ШУТИС-д сурч байсан юм уу?

-Тийм ээ. Гэр бүлийнхэн маань намайг ламд үзүүлтэл уул уурхайгаар явбал ирээдүйтэй юм байна гэж хэлсэн гэсэн. Үүнээс болоод би гэрийнхнийхээ ятгалгаар ШУТИС-ийн Уул уурхайн ангид орж байлаа. Гэвч хүсэл зорилго өөр газар байсан тул хичээлдээ идэвхгүй оюутан байсан. Сүүлдээ тэсэхгүй гэрийнхнээ шалсаар байгаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн анги руу шилжиж, тэндээ төгссөн.

-Сэтгүүлч болох хүсэл хэзээнээс эхтэй вэ?

-“Хэцүү анги” кинонд би их даруухан, онц сурлагатай хүүхдийн дүрд тоглосон. Би амьдрал дээр ч тийм л хүүхэд байсан болохоор кинонд тоглоход амар байлаа л даа. Тэнд олон газраас ирсэн хүүхдүүдтэй гурван сар хамт амьдраад би их нээлттэй, зоригтой болж өөрчлөгдсөн юм. Тэгэхэд л би өөрийгөө олж, урлагтай учрах хүн гэдгээ мэдсэн. Би 16 настай байхдаа “Онцгой” гэдэг нэртэй шар мэдээний сэтгүүл гаргаж байсан. Нэг зурагчин, нэг эх бэлтгэгчтэй. Би өөрөө мэдээгээ бичээд, хүргэлтэд явдаг. Тухайн үед 4000 ширхэг хэвлэгдэж, бүгд зарагдсан. Гэхдээ би хүүхэд байсан болохоор айж эмээхийг мэдэхгүй шүү дээ. Үүнээс болж бага зэрэг дарамттай тулгарч, зогсооход хүрсэн юм. Бас энтертайнмент чиглэлийн сайт бие даан ажиллуулдаг байлаа. Ингэж л багаасаа өөрийгөө олж, хүсэл сонирхлоо даган, зорилгынхоо төлөө олон зүйл туршсан даа.

-Сэтгүүлч Г.Золжаргал таныг “Царай зүс, дуу хоолой нь яах аргагүй телевизэд тохирох ч хэтэрхий цэмцгэр, зурсан зураг хуар шиг харагдаад бас уншихдаа бага зэрэг уянгалуулах гээд байдаг нь үзэж сонсоход сайнгүй санагддаг” гэсэн байсан. Энэ шүүмж танд хэр туссан бэ?

-Надад их хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Хүн хэлэхээс наана анзаардаггүй юм билээ. Өмнө би хүнээс тийм зүйл сонсож байгаагүй л дээ. Г.Золжаргал гуайн үг миний дотоод үзэлтэй ч таарч, би маргаашаас нь л түүний зөвлөгөөг дагасан. Өнгөрсөн сонгуулиар би П.Анужин нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажилд оролцсон. Тэгэхэд би нэг зүйлийг сайн ойлголоо. Хүн ер нь энгийн л байх хэрэгтэй, гэхдээ мэдлэгтэй байх ёстой юм байна гэж. Анх телевизэд ажиллаж эхлээд би зурагтаар ч, гадуур явахдаа ч сайхан харагдах ёстой гэж боддог байлаа. Ганц батга гарахад л сэтгэлээр унах жишээтэй. Энэ бүхэн бол бусдад таалагдах гэсэн л хүсэл. Гэтэл энэ хүслийн цаана сэтгэлийн шаналал байдаг. Тиймээс одоо өөрийнхөөрөө, энгийн байхыг эрмэлзэх болсон. Сэтгэл ч илүү тогтуун болдог юм байна.

-Амьдралдаа гаргасан онцгой шийдвэр юу байв?

-Энэ намраас би үндэсний хувцас өмсөж байхаар шийдсэн. Энэ гэхдээ хэн нэгэн шиг туйлширсан үндсэрхэг үзэл биш. Харин соёл. Үндэсний хувцас гэх ойлголт зөвхөн дээлээс хальсан байна. Өдөр тутмын амьдралдаа ч өмсөж болохоор загварлаг хэрнээ энгийн, ажил хэрэгч, чөлөөт, гоёлын гээд олон сонголттой болжээ. Үндэснийхээ гайхалтай соёлыг түгээх үүднээс би төрсөн өдрөө соёл уламжлалаараа сэдэвчилж тэмдэглэсэн. Би болоод зочид маань бүгд үндэсний хувцастай, монгол зоог барьж, ардын урлагаар нүд баясгалаа. Энэ мэтчилэн өв соёлоо орчин үетэй нийцүүлэн дэлгэрүүлэх, авч үлдэх арга залуучууд бидэнд олон бий. Би загвар зохион бүтээгчтэй хамтран шүүгээгээ бүрэн шинэчилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон “M1NT” клубийн хоёр жилийн ойд би үндэсний хэв загварын цамцтай очиж туршлаа л даа. Хүн болгоны харц над дээр тусаж, зарим нь сайхнаар, зарим нь зог тусан хүлээж авсан. Үндэсний соёлоо түгээхийн тулд ичиж, санаа зовохгүй байх зориг хэрэгтэй гэдгийг ч ойлголоо.

Ж.Анхбаяр үндэсний соёлыг дэлгэрүүлэх үүднээс уламжлалт загварын хувцас өмсөх гэв. Тэрбээр ирэх есдүгээр сараас эхлэн хувцасаа бүрэн шинэчлэхээр загвар зохион бүтээгчтэй хамтран ажиллаж байна.

-Олон улсын миссийн тэмцээн “Face of Beauty International”-ыг эх орондоо зохион байгуулах гэж байна. Их юм сурч байна уу?

-Тийм ээ. Арав гаруй хүнтэй төслийн баг удирдаж, олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулан, 60 орны мисс авчирна гэдэг чамгүй хариуцлага юм. Хүн хар толгойгоороо хариуцлага үүрээд ирэхээр даруу болдог юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард би “Missosology” гэдэг загварын шоу зохион байгуулсан. Тэгэхэд маш их зүйл сурлаа. Шоу маань амжилтгүй болж, их мөнгөний алдагдал хүлээн, гэрээ байгуулаагүйгээс болж хариуцлага үүрэх хүн надаас өөр байсангүй. Тийм үед яахаа мэдэхгүй, их хүнд байсан. Гэхдээ амьд хүн аргатай гэдэг болохоор сарын дотор л асуудлаа шийдвэрлэсэн. Одоо би тухайн үед алдсандаа харамсдаггүй. Гэхдээ алдаанаасаа маш их туршлага хуримтлуулж, эрсдэлийг тооцдог болсон. Би одоо 22 настай. Залуу хүн болохоор шинэ ажил эхлэхдээ сайн сайхан зүйл л боддог юм билээ. Өөрийн биеэр эрсдэл хүлээж, хэцүү бэрхийг туулсны дараа нөхцөл байдал хаашаа ч эргэсэн бүх талын бэлтгэлтэй байх ёстой гэдгийг сурч, мэдэрч байна. Алдаа гаргах нь асуудал биш. Алдаанаасаа суралцах л чухал гэж үеийнхэндээ зөвлөе.


САНАЛ БОЛГОХ