Теннисчдэд яагаад олимп хэрэгтэй вэ

Спорт

Тэрбээр Лондоны олимпод түрүүлсэн мөчөө хамгийн их дурсан санадаг

“Өчигдөр орой теннисний төвийн хонгилд явж байгаад хэн нэгний уйлж байхыг сонслоо. Тэр нь ялагдалдаа харууссан Жокович байсан” хэмээн спортын тоймч Ник Маккарвел ярьжээ. Сүүлийн хоёр жил гаруй дэлхийн чансааг тэргүүлж буй серб эр баргийн ялагдлыг үл ойшоодог хэрнээ олимпоос эрт хасагдсандаа сэтгэлээр их унасан бололтой.

Үнэндээ мэргэжлийн теннисчид олимпийн наадмыг нэг их тоодоггүй гэж олонх боддог. Тамирчид нэг Их дуулга тэмцээнд түрүүлээд л хоёр сая ам.долларын шагнал авдаг бол олимпийн наадам огт шагналгүй. Бас чансааны оноо нь ч Их дуулга болон бусад жижиг тэмцээнээс хавьгүй бага болохоор ингэж бодохоос аргагүй.

Гэхдээ байдал ийм хэдий ч теннисчид олимпод өндөр ач холбогдол өгч, энд амжилт гаргахын төлөө бүхнээ зориулдаг аж. Н.Жоковичийн нулимс үүний ганцхан жишээ. Их Британийн Э.Маррей бол карьерийнхаа турш их, бага 38 тэмцээнд түрүүлсэн, дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй алдартай тамирчин. Харин тэрбээр дөрвөн жилийн өмнө Лондоны олимпод түрүүлсэн мөчөө хамгийн их дурсан санадаг гэнэ.

“Тэр үед л өөрөөрөө хамгийн их бахархаж билээ” хэмээн Маррей өгүүлсэн юм. Түүнчлэн Р.Надаль Их дуулгын 13 түрүүнээсээ Бээжингийн олимпийн алтан медалийг илүүд үздэг бол М.Шараповагийн зүрх сэтгэлд Лондоны олимпийн финалд хожигдсон хар дурсамж үргэлж бодогддог аж. Мөн Т.Габашвили нэгэнтээ олимпийн наадамд түрүүлж үзэхийг хамгийн их хүсдэг тухайгаа өгүүлсэн удаатай.

Олигтой шагнал авахгүй, чансааны оноо нь ч бага олимпийн наадамд теннисчид ач холбогдол өгч оролцохын учир юу вэ? Үүний шалтгаан нь элэг нэгтнүүдийнх нь дэмжлэг, баяр хөөр аж. Надалийг Их дуулгад түрүүлэхэд испаничууд мэдээж баярласан. Гэхдээ тэд Бээжингийн олимпод түрүүлсэн мөчийг нь илүүтэй дурсан ярих дуртай. Хөгжөөн дэмжигчдийн хувьд жилд дөрвөн удаа зохиогддог Их дуулгаас илүү дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадамд амжилт гаргахыг тамирчдаасаа хүсдэг нь ойлгомжтой. Тиймдээ ч теннисчид өөрсдийг нь дэмжиж буй нутаг нэгтнүүдээ баярлуулахын тулд олимпийн аварга болохыг хүссэн хэвээр. Харин энэ боломж тэдний хоёрт нь л олдоно. Тэрхүү азтаны нэр 14-нд тодрох юм.



САНАЛ БОЛГОХ