АХБ, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Мэдээ

Нийслэлийн удирдлага, Азийн Хөгжлийн Банктай Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Туул голыг сэргээн засварлах, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байна. Азийн Хөгжлийн Банкны Зүүн хойд Азийн бүсийн захирал Аюуми Кониши “Улаанбаатарыг ая тухтай, сайхан хот болгон хөгжүүлэх стратегийн баримт бичгийг боловсруулах шатандаа явж байгаа” талаар онцолжээ. Харин Хотын дарга “Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхдээ чухал гарцыг олж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө ач холбогдол, үр ашгийг нь харах хэрэгтэй байдаг. Тиймээс хамтран хэрэгжүүлэх ажлуудаа сайтар судлах шаардлагатай” гэдгийг онцолсон байна. Үүнээс гадна Хотын дарга олон улсын банкируудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа талаар санал солилцсон байна. Хотын дарга Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хөрөнгө оруулалт дутаж байгаа салбарын талаар судалж, Улаанбаатар хотод гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин банкируудын төлөөлөл эн тэргүүнд ямар салбарт хөрөнгө оруулалт хийх талаар зөвлөлдөн төлөвлөх хэрэгтэйг онцолсон байна.


САНАЛ БОЛГОХ