Жүдо бөхийн төрөлд Монголын шигшээ багийн тамирчдын барилдаан шувтарлаа

Мэдээ

Рио-де-Жанейро хотноо үргэлжилж байгаа Зуны Олимпийн XXXI наадмын зургаа дахь өдөр Монголын баг тамирчид жүдо, бокс, буудлага болон усанд сэлэлт гэсэн дөрвөн төрөлд өрсөлдлөө. “Рио-2016”-ын медалийн салхийг хагалсан жүдо бөхийн төрөлд өчигдөр эрэгтэйчүүдийн 100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жингийн барилдаанууд боллоо. Эдгээр жинд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, гурав дахь Олимптоо хүчээ үзэж байгаа П.Лхамдэгд нар "татами"-д гарсан ч эхний тойргоосоо тэмцээнээ өндөрлүүллээ. Ингэснээр жүдо бөхийн төрөлд Монголын шигшээ багийн тамирчдын барилдаан үндсэндээ шувтарч байна. Өнөөдөр хамгийн сүүлийн буюу +100 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн өрсөлдөх юм. Харин боксын төрөлд шигшээ наймын төлөөх тулаанууд үргэлжлэн явагдав. Өчигдөр 69 кг-ын жинд өрсөлдсөн Б.Түвшинбат Ирландын Стивен Доннелид 2:1-ын харьцаатайгаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. Ингэснээр “Рио 2016“-ыг зургаан тамирчинтай зорьсон боксын шигшээ багын хоёр тамирчин үзэгчдийн суудалд шилжиж байна. Харин өнөөдрөөс шигшээ наймын тоглолтууд эхэлж байна. 60 кг-ын жинд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Нидерландын тамирчныг буулган аваад байгаа Д.Отгондалайгийн хувьд өнөөдөр шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөөх буюу медалийн төлөөх тулаануудаа эхлэх хуваарьтай байна.


САНАЛ БОЛГОХ