Гадна ертөнц дэх монголчуудын элч нар чуулж байна

Мэдээ

Шинжлэх ухаан , технологийн салбарын зардлыг ДНБ-ий гурван хувьд хүргэнэ

Олон улсын Монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал даваа гарагт Төрийн ордонд нээлтээ хийлээ. “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдэвт энэхүү хуралд дэлхийн 26 орны 400 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулж буй уг хурлаар “Монгол хэл, бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын гадаад харилцаа судлал”, Монголын нийгэм, эдийн засаг судлал” зэрэг сэдвээр судлаач эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Тус хурлын нээлтэд зориулж Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Ю.Н.Рерих нарын илтгэлийг сонсголоо.

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Тэрбээр "Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг өнгөрсөн сард амжилттай зохион байгуулсан. Энэ сард Олон улсын монголч эрдэмтний XI их хурлыг зохион байгуулж байна. Монгол хүний бүтээсэн уламжлалт соёл нь нүүдэлчдийн ертөнцөд бүрэлдсэн, шинэ соёл нь суурин амьдралд голчлон бүтэж буй өвөрмөц шинжтэй. Өвөрмөц зүйл хүний анхаарал, сонирхлыг илүү татдаг. Тиймээс олон хэлийн судлаачид Монголыг “монгол” хэмээн тодруулдаг манай үндэсний хэл, соёлыг олон зууны турш шинжлэн судалж, тайлан тайлбарласаар ирлээ. Монгол хэл, бичгийн эрдэмтний анхдугаар их хурал 1959 онд Улаанбаатар хотноо чуулснаас хойш хагас зууны түүхийг бичжээ. Монгол судлалын хүрээг тэлж, олон улсад хөгжүүлэхийн төлөө эрдэм билгүүн, оюун ухаанаа дайчлан зүтгэсэн Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв , Б.Ширэндэв, Ш.Бира, Ч.Баудэн, Г.Абемацу, Ш.Озава, П.Алто, Г.Санжеев, Рагу Вира зэрэг алдар цуутай олон эрдэмтнээр бахархаж байна. Бид монгол хэл, соёл, Монголын түүхийн судалгаанд анхаарч, зарлиг шийдвэр гарган, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. МУИС, ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран “Монгол-Ил хаадын судалгаа”, “Монголын нууц товчоо” каталоги, “Монголын эртний түүх” таван боть, “Монголын их түүхийн цахим лавлах” номын төсөл; үндэсний сонгодог өвийг өвлөн уламжлагчдыг дэмжин “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлж байна” гэж онцлов.

Харин Ерөнхий Сайд, Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат "Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг ард түмэн. Монгол судлаачдыг гадна ертөнц дэх монгол орон, монголчуудын элч төлөөлөгч гэж болно. Төр, засгаас монгол судлалыг бодлогоор дэмжих болсноор энэ салбарт эерэг дүн гарч эхэллээ. Монгол судлалын байгууллага, эрдэмтдийн сургалт, судалгаа идэвхжиж, БНУУ-ын Өтвөш Лерандын их сургууль, АНУ- ын Берклей их сургууль монгол судлалын салбар шинээр нээсэн бол ХБНГУ-ын Бонны их сургууль, сургалт, судалгаагаа үргэлжлүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Канад, Итали, Турк зэрэг улс монгол судлалын төв шинээр нээх талаар санал солилцож байна” гэлээ.

АНУ-ын Берклей их сургууль Монгол судлалын салбар шинээр нээжээ

Энэ удаагийн хуралд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Клаус Сагастер ирж амжаагүй тул мэндчилгээ ирүүлснийг оролцогчдод уншиж танилцуулав. Монгол Улсын төр засгаас монгол судлалыг хөгжүүлэхэд олон талаар онцгой анхаарч, үр дүнгээ өгсөөр байгаа бөгөөд 2030 он гэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын зардлыг ДНБ-ий гурван хувьд хүргэхээр заасан нь монгол судлалыг хөгжүүлэх дорвитой түлхэц өгнө гэдгийг ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл дуулгасан юм.

Олон улсын Монгол судлаач эрдэмтдийн хурал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд манай улсад өгөөжтэй арга хэмжээ болж буйг залуу эрдэмтэд хэлж байлаа. Энэ үеэр МУИС-ийн зөвлөх багш, доктор, профессор Г.Цэрэнханд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ж.Цолоо нарыг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор, мөн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ОХУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Бойкова Елена, Япон улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хироки Ока, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Ж.Ринчиндорж, ОХУ- ын иргэн, Иркутскийн Улсын их сургуулийн багш Лиштованный Евгений Иванович нарыг алтан гадас одонгоор шагнаж урамшуулав.

Төр засгаас сүүлийн жилүүдэд монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж буй. Үүний нэг илрэл нь “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталсан явдал билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын их сургуулиудын судалгааны ажлыг бэхжүүлэхээр зорьж байгаа аж.


САНАЛ БОЛГОХ