Сав, баглаа, боодлын зах зээл 500 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна

Мэдээ

Дотоодын сав, баглаа, боодлын зах зээл хоёр жилийн өмнө 300 тэрбумаар хэмжигдэж байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 500 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа талаар Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо мэдээлж байна. Харин 30 хувийг нь дотоодоос, 70 хувийг импортоор хангаж байна. Импортын бүтээгдэхүүний 80-90 хувь нь БНХАУ-аас орж ирж байгаа бол үлдсэн 10-20 хувийг нь ОХУ болон бусад улс орнуудаас худалдан авч байгаа юм. Сав, баглаа, боодлын чиглэлээр дотоодод 30-40 компани үйл ажиллагаа явуулж байна. Бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалан сав, баглаа, боодлыг дотооддоо үйлдвэрлэх нь нийгэм, эрүүл ахуйн өндөр ач холбогдолтой байдаг гэж Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн холбоо үзэж байгаа юм. Улирлын шинж чанартайгаар зах зээлд нэг удаагийн аяга, таваг, сэрээ, халбага зэрэг бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байдаг. Тийм учраас энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэх ялангуяа байгальд хоргүй түүхий эдээр үйлдвэрлэх нь чухал байдаг байна. Харин импортын бүтээгдэхүүний үнэд тээврийн зардал, зуучлагчдын зардал нэмэгдэж үйлдвэрийн үнээсээ хоёр дахин илүү үнэтэйгээр зах зээлд борлуулагддаг. Иймээс дотоодын үйлдвэрлэгчид импортын бүтээгдэхүүнтэй үнээр өрсөлдөх бодлого баримтлан ажиллаж байна.


САНАЛ БОЛГОХ