Төсөөллийн бодит ертөнц

Технологийн цаг

Мехмет Элчи

Техникийн хэлээр тайлбарлавал төсөөллийн бодит байдал нь хэрэглэгчдэд төсөөллөөр бий болгосон тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх чадалтайгаар компьютерт суурилагдан бүтээгдсэн гурван хэм жээст орчин. Хэрэглэгчид төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламжтайгаар яг л бодит мэт төсөөллийн орчинд орох боломжтой. Тийм орчинд орсон мөчөөс эхлэн бодит ертөнцтэй холбоо тасарч, төсөөллөөр бүтээгдсэн, бодит мэт орчны нөлөөнд автна. Хэрэглэгчдэд жинхэнэ төсөөллийн өөр ертөнцөд очсон мэт мэдрэмжийг төрүүлэхүйц бодитой байлгахын тулд ашиглагдаж буй туслах хэрэгслийн хийц, чанар төгс байх шаардлагатай. Эс бөгөөс хэрэглэгчид сэтгэл дундуур үлдэх болно.

Төсөөллийн бодит ертөнцийн түвшний талаар илүү ойлгомжтой мэдээлэл өгье. Төсөөллийг түвшнээр нь хэсэгчлэн оролцуулах орчин, нийтээр нь оролцуулах орчин, компьютерт суурилсан орчин гэж ангилдаг. Тухайлбал, зарим нэг физикийн хүчин зүйлс болон бодит мэт төсөөллийн зураглалыг нэг дор бүрэлдүүлсэн орчныг хэсэгчлэн оролцуулах орчин гээд байгаа юм. Хэрэглэгчид бодит ертөнцөөс бүрмөсөн холбоогоо таслалгүйгээр өөр нэг төсөөллийн бодит ертөнцөд очиж буй мэдрэмж төрүүлдэг онцлогтой. Үүний нэг жишээ нь нислэгийн дадлага хийдэг төхөөрөмж. Энэ төхөөрөмжийн орчин яг л нисэгчийн бүхээг мэт байх бөгөөд дотор нь байрлах өргөн дэлгэц дээр гарч ирэх янз бүрийн төсөөллийн зураглалууд нь танд өөр, шинэлэг мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй.

Тэгвэл орчин үеийн төсөөллийн бодит ертөнцийг бий болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь н эмэр оруулсан хүмүүс болон тэдгээрийн зохион бүтээсэн туслах хэрэгслүүдийг Төсөөллийн бодит ертөнц сонирхуулъя.

Төсөөллийн бодит ертөнцийн түүхээс
Төсөөллийн бодит ертөнц хэмээх зүйлийг амьдрал дээр биеллээ олоход хамгийн их түлхэц үзүүлсэн хүчин зүйл нь хүмүүс өөрсдийн амьдарч буй орчны хязгаарлагдмал байдлаас ангижирч, өөр шинэ зүйлс турших, байгаагаасаа өөр ертөнцөд амьдарч үзэх гэсэн хүсэл эрмэлзэл байсан юм. Энэ байдал нь технологийн хувьсал, хөгжил дэвшил маш хурдацтай өсөн нэмэгдэхэд эергээр нөлөөлсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. Төсөөллийн бодит ертөнц хэмээх ойлголт Окулус Рифт буюу 2012 онд Палмер Лаки, Жэк Маккоули нарын үүсгэн байгуулсан Америкийн технологийн компани болох “Окулус Ви Ар”-аас гаргаж олны хүртээл болгосон нүдний шилний тусламжтайгаар анх олонд танигдсан хэдий ч энэ салбар дахь үйл ажиллагаа хэдэн арван жилийн өмнө эхэлж байсан түүхтэй.


Сенсорама мэдрэгч /Sensorama/
Төсөөллийн бодит ертөнцтэй холбоотой үзэл санааг 1962 онд өнөө энэ салбарын загалмайлсан эцэг гэж нэрлэгдэх болсон Мортон Хайлиг хэмээх хүн харах, сонсох, үнэрлэх болон хүрэлцэх мэдрэмжүүдэд нөлөөлдөг “Сенсорама” нэртэй мэдрэгч төхөөрөмжийг зохион бүтээснээрээ анх нийтэд хүрч байжээ.

Театрыг хүний бүхий л мэдрэхүйд нөлөөлж, сэрээж чаддаг зүйл хэмээн итгэдэг Мортон Хайлиг үзэгчдэд дэлгэц юм уу, тайзнаас үзэж буй үйл явдлыг бодитоор мэдрүүлж болох зүйл бүтээхийг мөрөөдөж байлаа. Өргөн дэлгэцийн “3 хэмжээст Стереоскопик” хэмээх тусгай дурангийн тусламжтай хуурмаг дүрс үүсгэх төхөөрөмж, чичиргээ үүсгэх төхөөрөмж, дууны өсгөгч болон анхилуун үнэр гаргагч зэргийг багтаасан “Сенсорама” төхөөрөмж нь анх гарч ирж байх үедээ үзэгчдийг тухайн төсөөллийн орчинд аваачихад хангалттай туслах хэрэгслүүдээр тоноглогдсон байсан. Харамсалтай нь тухайн үедээ зохион бүтээгч энэ бүтээлээ үнэлүүлж чадаагүйгээр барахгүй өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд дахин хүлээх хэрэгтэй болсон гэдэг.

Хэсэгчлэн оролцуулах орчин
Өнөө үед төсөөллийн бодит ертөнцийг бий болгоход түгээмэл ашиглагдаж буй толгойдоо өмсдөг дэлгэцийн / Head Mounted Display/ анхны загварыг 1968 онд Америкийн компьютерийн инженер Айван Сатерлэнд болон түүний шавь Боб Спроул нар зохион бүтээжээ. Жин ихтэй байсан учраас таазнаас дүүжилж хэрэглэдэг байсан “Дамоклесийн илд” нь компьютерийн программ ашиглан давхар линзтэй дэлгэцээр дүрс гаргах зориулалттай төхөөрөмж байлаа. Энэ төхөөрөмжийн программ хангамжийн хэтийн зорилго нь хэрэглэгчийн байр сууринд түшиглэх байсан тул энэ нь хэрэглэгч өөрийгөө танин мэдэж, өөрийн бодлоо удирддаг байхыг давхар шаарддаг онцлогтой байсан аж. Хэдийгээр энэхүү төхөөрөмж нь үзүүлэлтийн хувьд одоогийн хэрэглэгдэж буй ижил төрлийн төхөөрөмжүүдтэй харьцуулахад ихээхэн учир дутагдалтай байсан ч энэ салбарын тулгын чулууг тавилцсан гэдэг нь маргаангүй юм.

Дээр дурдагдсан төхөөрөмжүүд нь энэ салбарын анхны бүтээлүүд хэмээн хүлээн зөвшөөрөгддөггүй байсан бөгөөд 1987 онд Сонгодог хөгжмийн зохиолч, компьютерийн мэргэжилтэн Жарон Ланье тэдгээрийг судлан олонд сонордуулсан байдаг.


Орчин үед төсөөллийн бодит ертөнц...
Өнгөрсөн үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжүүдийн өнөө үеийнхээс ялгагдах хамгийн гол ялгаа нь хийцийн хувьд хэрэглэгчийн тав тухыг хангаагүй, ашиглахад бэрхшээлтэй, эмх замбараагүй, овор ихтэй байсанд оршино. Мэдээж өртөг нь ч гэсэн асуудал болж байсан юм. Харин орчин үед төсөөллийн бодит орчныг бүрдүүлэгч VR /Virtual Reality/ төхөөрөмжүүдийн овор хэмжээ багассанаас гадна ашиглахад хялбар бүтэцтэй болсон нь хэрэглэгчдийг татах бас нэг үзүүлэлт болоод байна. Үнэ өртөг нь ч технологийн өндөр хөгжлийн нөлөөгөөр боломжийн хэмжээнд очоод байгаа. Эдгээрээс зарим нэгийг доор дурдъя.

Oculus Rift төхөөрөмж
Kickstarter төслийн үр дүнд гарч ирж байсан энэхүү төхөөрөмж нь олон нийтэд амжилт олсныхоо дараа дахин шинэчлэгджээ. “Gaikai” фирмийн хуучин бүтээгдэхүүн хариуцсан ажилтан Брендан Ирибийн алсын харааны тусламжтайгаар сэргээсэн Oculus Rift нь өөр олон хувилбараар улам боловсронгуй болж хөгжсөөр байна. Энэ бүтээгдэхүүний эрхийг 2014 оны гуравдугаар сард Фейсбүүк компани хоёр сая ам.доллараар худалдаж авсан юм.


Sony - Playstation төхөөрөмжүүд
2014 оны гуравдугаар сард Sony компани Playstation 4 болон Vita зэрэг тоглоомуудыг илүү боловсронгуй болгож шинэ түвшинд гаргахад зориулж Playstation VR төслөө танилцуулсан билээ. Sony компанийн техникийн багийн гишүүн Шү Ёшида шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар ийнхүү ярьжээ.

“Би олон жил төсөөллийн бодит орчин тоглоомын ертөнцөд биеллээ олно гэдэгт итгэж, мөрөөдсөөр ирсэн. Энэхүү шинэ технологи нь хэрэглэгчдэд жинхнээсээ тухайн орчинд орсон мэт сэтгэгдлийг бүрэн дүүрэн төрүүлэх чадалтай бөгөөд тэр орчныг бүхий л мэдрэхүйгээрээ мэдрэх боломжийг олгох болно”.

Virtuix Omni
Өнгөрсөн жил мөн л Kickstarter төслийн зүгээс танилцуулсан энэхүү бүтээл нь хэрэглэгчдийг хамгийн дуртай тоглоомон дотроо чөлөөтэй аялах боломж олгож буй анхны төхөөрөмж юм. Харагдах байдлаараа гүйлтийн замыг санагдуулам энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгчдийн өмнө тоглоомон доторх замыг алхаж эсвэл гүйж туулах боломж нээгдэж байгаа юм. Нэг байрандаа сууж тоглоом тоглодог үе үүгээр дуусаж байгаа бололтой. Тоглоомон дотор хэрэглэгч рүү буудаж байвал өөрийгөө сумнаас хамгаалан бөхийх эсвэл дэлбэрэлтэд өртөхгүйн тулд тэндээс зугтах хэрэгтэй болно. Мөн Omni хэрэглэгчдэдээ эргэн тойрноо /3600С/ бүрэн дүүрэн харах боломж ч олгож байгаа. Зориулалтын шал, шаланд зориулагдан тусгайлан бүтээгдсэн гутал зэрэг нь хэрэглэгчид мөлхөх болон гулгах боломж олгодгоороо дээд зэргийн сэтгэл ханамж өгнө. Төсөөллийн бодит байдал өөр ямар салбаруудад ашиглагдаж болох вэ?

Боловсрол
“Алсын зайны сургалт” бол энэ технологи боловсролын салбарт хэрэглэгдэж байгаагийн тод жишээ юм. Үүнээс гадна хурдацтай хөгжиж буй өндөр технологийн ачаар сурагчид нарийн бүтэцтэй, ойлгоход бэрх сэдвүүдийг олон янзын багаж төхөөрөмж ашиглан хөгжилтэй, хялбар аргаар ойлгох боломжтой болж байна. Мөн сурагчид төсөөллийн орчинд орж өөрийн мэдрэхүйгээр мэдэрснээр юмсын шинж чанарыг илүү гүн гүнзгий ойлгож авах юм. Жишээлбэл: Түүхийн хичээл дээр сурагчид тусгай төхөөрөмжүүд ашиглан хичээл дээр үзэж буй газар нутгаар өөрсдийн биеэр аялахын хажуугаар багшийнхаа ярьж байгааг зэрэг сонсож болно. Ингэснээр багшийн сурагчдад олгохыг хүссэн мэдлэг маш ойлгомжтой болж, сурагчид ч хичээлдээ идэвхтэй оролцох боломж нээгдэх юм.

Анагаах ухаан, эрүүл мэнд
Энэ технологийн аргаар хийгдсэн хагалгааны хиймэл загварчлалууд нь мэс заслын ангийн оюутнуудад бодитоор дадлага хийх боломжийг бий болгосноор анагаахын шинжлэх ухаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Мэс засалч бол хүний амь настай холбоотой хамгийн хариуцлагатай мэргэжил гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тиймээс энэ мэргэжлийг эзэмшихийн тулд маш их дадлага туршлага хуримтлуулсан байх шаардлагатай.

Бас нэгэн гайхмаар хэрэг бол энэ технологийг ашиглан тодорхой зүйлээс өөрийн эрхгүй айх айдас буюу фобиг эмчлэх болсон явдал юм. Ямар нэг зүйлээс айдаг хүмүүс тухайн зүйлтэйгээ нүүр тулахгүйг хичээдэг. Гэхдээ энэ төрлийн айдсыг даван туулахын тулд тухайн зүйлтэйгээ нүүр тулах зайлшгүй шаардлага тулгарна. Тиймээс жишээлбэл, онгоцоор нисэхээс айдаг айдастай хүнийг эмчлэхийн тулд заавал онгоцонд суулгахын оронд нисэж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх тусгай нүдний шил зүүлгэхэд л хангалттай болсон байна.

Спорт
Гольф, хөнгөн атлетик, тэшүүр, теннис болон хөлбөмбөгийн тамирчид өөрсдийн мэргэжлийн ур чадвар, техникийг сайжруулахад энэхүү технологийг ашиглах болжээ. Зарим талаараа дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгааг энд цохон тэмдэглэх хэрэгтэй.

Барилга үйлдвэрлэл
Төсөөллийн бодит ертөнцийн тусламжтайгаар тус салбарынхан үйлчлүүлэгчдийнхээ захиалсан барилгын шав тавигдахаас өмнө ямар орчин нөхцөл хүлээж буйг нь мэдрүүлж захиалсан барилгынхаа дотор орох боломжийг олгож байгаа нь барилгын салбарынхны хувьд ихээхэн ач холбогдолтой хэрэг юм. Үүнтэй нэгэн адил зэвсэгт хүчин, загварын болон урлаг уран сайхны салбарт ч энэ технологийг өргөнөөр ашиглах болжээ.


САНАЛ БОЛГОХ