Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Зардлаа танах Засгийн газрын алхмыг дэмжиж байна
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй ярилцлаа. Тэрбээр Засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд төрийн бодлогодоо бизнес эрхлэгчдийн саналыг тусгах нь чухал болохыг онцлов.
-Цаг үеийн асуудлаар ярилцлагаа эхэлье. Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулж, зардал танахаа мэдэгдлээ. Үүнийг Монголын бизнесийн зөвлөл хэрхэн хүлээн авч байна байна вэ?
-Зарчмын хувьд дэмжиж байна. Төсвийн зарлага орлогоосоо хоёр дахин давах эрсдэл тулгараад байгаа. Энэ үед зардал танахаас өөр сонголт бараг үгүй. Хэдийгээр энэ нь амаргүй ч, зайлшгүй шаардлагатай арга хэмжээ. Харин хэрхэн хэрэгжүүлэх нь Засгийн газрын шийдэх хэрэг. Ер нь зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй иргэдэд хүндээр тусаж буй нэг асуудал бий. Энэ бол ханшийн уналт. Бизнес эрхлэгчид эдийн засгийн хүндрэлийн үед тав, арван хувийн ашиг олохоор чармайж байна. Гэтэл нөгөө талд, санхүүгийн өртөг өндөр хэвээр. Дотоодоос зээл буюу санхүүжилт татахад 20 хувийн хүүтэй. Хилийн чанадаас гадаад валютаар зээл авахад багадаа найм, есөн хувийн хүү төлнө.
Гэтэл монгол төгрөгийн ханш унасан энэ үед валютаар тооцоо хийх нь алдагдал хүлээхэд хүргэж байна. Бүх зардал, тэр бүү хэл ажлын байраа танаж, хүндрэлийг даван туулахаар хичээж буй компаниудад ханшийн уналт маш хүчтэй дарамт болж байна. Маш олон компани дампуурлын ирмэгт байна. Иймд ханшийн уналтыг зогсоож, нэн даруй тогтворжуулахыг хүсэж байна. Үүний тулд хилийн чанадаас зээл, своп, хөрөнгө оруулалт, хэлцэл байгуулах зэрэг ямар нэг аргаар валютын урсгалыг татах нь чухал.
-Монголын бизнесийн зөвлөлөөс бодлого тодорхойлогчдод хандсан тодорхой санал гаргасан. Энэ баримт бичгийн үндсэн агуулга нь юу вэ?
-Засгийн газар Эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулаад эхэлсэн. Энэ хөтөлбөртөө Монгол Улсын ДНБ- ий 80 орчим хувийг бүрдүүлдэг, эдийн засгийг нуруундаа үүрдэг хувийн хэвшлийн санал бодлыг тусгахыг хүсэж байна. Бид бодлого тодорхойлогчидтой хамтран ажиллахад бэлэн байна. Монголын бизнесийн зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21- нд анхдугаар чуулганаа хийсэн. Энэ үеэр хэлэлцсэн гол асуудлыг багтаасан, 200 гаруй бизнес эрхлэгчийн саналыг тусгасан 40 гаруй хуудас товхимол гаргаад байна. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газарт хүргүүлж байна.
Гол нь бизнес эрхлэгчид юу хүсэж буйг илэрхийлж, бодлого тодорхойлогчдод хүргэх зорилготой. Аль нэг салбар эсвэл компанийг онцлолгүй, ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн санаа бодлыг тусгасан. Баримт бичиг маань гурван хэсэгтэй.
Нэгдүгээрт, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэх тогтвортой орчин хүсэж байна. Бизнесийн орчин дахь аливаа өөрчлөлт бүрийг даган хувийн хэвшлийнхэн хөдөлж, тэр шинэчлэлд анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Орчин, хууль, Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал дүрэм нь ойлгомжтой, тогтвортой байвал бизнес эрхлэгчид баялаг бүтээхдээ анхаарал хандуулан ажиллаж, улмаар хөгжих, өргөжих боломж бүрдэнэ. Хууль, дүрэм журмын олон өөрчлөлт нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг.
Хоёрдугаар хэсэгт, хүний нөөц, чадавхаа сайжруулах саналыг тусгасан байна. Монгол Улсад жил бүр 30-40 мянган иргэн дотоодын их, дээд сургууль төгсдөг. Хэрэв энэ залуус дэлхийн түвшний мэдлэг боловсрол эзэмшиж, аль ч оронд ажиллах чадвартай болбол манай улсын хөгжлийн түвшин, ямар шатанд хүрэх бол. Иймд хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч алс ирээдүйгээ бодон, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боловсон хүчний мэдлэг, ур чадварыг орхиж болохгүй. Цаашид илүү анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
» Бизнес эрхлэгчдийн саналыг тусгасан баримт бичгийг бодлого тодорхойлогчдод хүргүүлээд байна.
» Нэн даруй хилийн чанадаас валют татаж, ханшаа тогтворжуулах хэрэгтэй.
» “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл ба санал, зөвлөмж” сэдвээр уулзалт наймдугаар сарын 31-нд хийхээр төлөвлөж байна.
-Өөр ямар асуудлыг хөндсөн вэ?
-Гуравдугаарт, бид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тодорхой саналууд тусгасан. Үүнд, бизнесийн ёс зүй, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлж, тэтгэврийн сан, Монголын хөрөнгийн биржийг хувьчлах, санхүүгийн зах зээлийг чөлөөлөх зэрэг саналуудыг тусгасан байгаа. -Монгол Улсад хямд өртөгтэй санхүүжилт татах ямар боломж байна вэ? -Мэдээж Засгийн газар хамгийн тааламжтай санхүүжилтийг хайх байх. Учир нь нэн даруй хилийн чанадаас валют татаж, ханшаа тогтворжуулах хэрэгтэй байна. Үүний тулд бүх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй. Монгол Улсын татсан санхүүжилтүүдийг аваад үзвэл, хамгийн тааламжтай нөхцөлтэйд Япон улсаас олгосон Самурай бонд болон олон улсын байгууллагуудын зээлүүд багтдаг. Иймд энэ төрлийн санхүүжилт татах болов уу. Үүнээс гадна томоохон төслүүдээ урагшлуулж, төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах замаар хөрөнгө оруулалт татах боломжтой.
-Инновацийг дэмжих талаар бодлого тодорхойлогчдод хүргүүлж буй баримт бичигт тусгасан байсан. Энэ тухайд?
-Аливаа улсын хөгжлийн гарц нь боловсрол, чадавх, инноваци гэдгийг өндөр хөгжилтэй орнууд баталж байна. Иймд инновацийг хөгжүүлэх төв байгуулах нь зүйтэй. Энэ хүрээнд өнөөгийн системийг шинэчлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, инновацийг хөгжүүлэх санхүүжилт татахын тулд банкуудад хандах бус тусгай сан байгуулах нь зүйтэй. Банкуудын хувьд эрсдэлгүй, илүү хөл дээрээ зогссон бизнест чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Харин шинэ санаанд итгээд санхүүжилт өгчих байгууллага, сан тун ховор байна. Иймд шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үнэлдэг, эрсдэл хүлээх боломжтой агентлаг, тусгай байгууллага үгүйлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гарааны бизнес хөгжиж байгаа. Гэхдээ хөгжлийг нь эрчимжүүлж, шинэ шатанд гарах ёстой. -Хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүдэхийн тулд юу хийх ёстой вэ? -Монгол Улс дэлхийн 200 гаруй улс оронтой хөрөнгө оруулагчдыг татахаар өрсөлдөж байна. Хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин, илүү боломж амлаж байж, мөн амласнаасаа буцахгүй, биелүүлдэг гэдгээ тууштай харуулж байж амжилтанд хүрэх болов уу. Чили улсынх шиг амжилттай жишгийг дагаж инновацийн сан байгуулж, төрийн бодлогоор дэмжсэнээр их хэмжээний орлоготой томоохон салбаруудыг үүсгэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг манай баримт бичгээс үзэх боломжтой (www.bcmongolia.org).
Мөн түүнчлэн хөрөнгө оруулагчдыг татахыг хүсвэл тэднийг сонсох нь зүйтэй. Хэдийнэ итгээд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдыг хамгаалах нь чухал байгаа. Хөрөнгө оруулалт татах бас нэг арга нь төрийн өмчит компаниудыг хувьчлах болон менежментийг нь мэргэжлийн түвшинд хүргэн, шинэчлэх. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах шаардлагатай. Тэдний алдагдал улсын төсөвт томоохон дарамт болж байгаа. Иймд өмч хувьчлалыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Мөн мэргэжлийн менежменттэй болгох нь зүйтэй.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй