Монголбанк бодлогын хүүг 4.5 нэгж хувиар өсгөж, 15 хувь болголоо
Монголбанк он гарсаар хоёр ч удаа бууруулаад байсан бодлогын хүүг өсгөх шийдвэрийг танилцууллаа. Төв банк төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний бодлогын хүүгээ 4.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж, 15 хувьд хүргэлээ. Энэхүү шийдвэр нь төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах эхний алхам боллоо гэж онцолж байна. Шийдвэрийн гол зорилго нь макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээний эхлэл гэж Төв банк тайлбарлаж байна.
Долдугаар сарын байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 7.9 хувиар суларсан бөгөөд гадаад хөрөнгө оруулалтын урсгал эрчимтэй буурч, төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа энэ үед долларын өсөлтийг зогсоох, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх далайцтай алхам хийж байна гэж харж болохоор байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал хоёр дахин буураад байгаа юм. Валютын орох урсгал болон гарах урсгалын тэнцэлд нааштай хандлага харагдаж байгаа ч макро суурийг бэхжүүлэх үүднээс бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
Мөнгөний бодлогын уялдаа холбоо талаас нь харвал төсвийн зардлыг одоо хэлэлцэж батлах тодотголоор далайцтай бууруулах зайлшгүй шаардлага гарч байна. Өнгөрсөн оны эхээр бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргаж байсан бөгөөд тухайн үед нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэсэн юм. Бодлогын орон зай талаас нь харвал энэ удаад бодлогын хүүг өсгөж хумих бодлого баримталснаар зээл олголт буурч, хадгаламжийн хүү өсөх хүлээлт бий болж байна. Гэхдээ нөгөө талаас зээлийн бүтцийг харвал хэрэглээ, цалин, тэтгэврийн зээл хамгийн их хувийг бүрдүүлж байгаа энэ үед зээл олголтын багасгаж хэрэглээг хумих бодлого баримталснаар импортлогч орны хувьд дотоодын ам.долларын эрэлтийг бууруулах нөлөө бий болгож улмаар ханшийг тогтворжуулах сайн нөлөө гарч ирнэ гэж харж байна.
Долдугаар сарын байдлаар банкны системд 12 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаа аж. Он гарсаар ялангуяа II улиралд зээл олголт харьцангуй эрчимжсэн байна. Ялангуяа цалин, хэрэглээ, худалдааны зээл нэмэгджээ. II улирлын байдлаар хэрэглээний, цалингийн болон тэтгэврийн зээл нийт зээлийн үлдэгдлийн 27.4 хувь буюу хамгийн их хувийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн худалдааны салбар 14.9 хувь, үл хөдлөх хөрөнгийн салбар 13.8 хувь, барилгын салбар 11.6 хувь, боловсруулах үйлдвэрлэл 10.9 хувь, уул уурхайн салбар 7.4 хувь, бусад салбарууд 14.0 хувийг тус тус эзэлж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй