Б.Гантулга: Цэцэрлэгийн насны 305744 хүүхэд бий

ЗГМ: Тодруулга

Хүүхэд харах үйлчилгээний төвүүдээр хөгжлийн бэрхшээлтэй 294 хүүхдийг асруулна

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас цэцэрлэгийн бэлтгэл болон хүүхэд харах үйлчилгээний талаар тодрууллаа.

-Шинэ хичээлийн жилд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж ямар байх вэ?

-Тооцоолсноор бол энэ жил улсын хэмжээнд шинээр 38 цэцэрлэг ашиглалтад орно. Улсын хэмжээнд 305744 хүүхэд цэцэрлэгт хамрагдах судалгаа гаргасан. Хичээлийн бэлтгэлийн талаар долоо хоног бүр тайлан гаргаж байхаар болсон. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг түргэвчлүүлэх үүрэг даалгавар өгөөд байгаа. Цэцэрлэгийн багш нарын хүрэлцээ энэ жил 98 хувьд хүрсэн. Хөдөө орон нутагт шилжилт хөдөлгөөнөөс болоод багшийн орон тоо гарч магадгүй. Үүнийг цаг тухайд нь зохицуулна.

-Хүүхэд харах үйлчилгээ явуулах эрхийг хэчнээн байгууллагад олгосон бэ?

-Энэ их сонин асуудал болоод байна. Хуулийн дагуу бол хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамаарч байгаа. Сургуулийн өмнөх хүүхдийн боловсрол хүмүүжилтэй холбоотой гэдэг утгаараа манай бага боловсролын газрын мэргэжилтнүүдийн оролцоо бас бий. Хуулийг нь санаачилж батлуулсан багийн гишүүний хувьд би мэдээлэл өгье. Энэ жил 2269 иргэнийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сургалтад хамруулсан. Нийт 853 байгууллага хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл аваад байна. Эдгээр төв 1883 иргэнийг ажлын байраар хангахаар болж байгаа.

Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд 5223 хүүхдийг хамруулах тооцоо гаргасан. Энэ ажилд 10.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн юм. Одоогоор сургалт, бэлтгэл ажил гээд 1.5 тэрбум төгрөг зарцуулчихаад байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 294 хүүхэд бий. Тэднийг бас Хүүхэд харах үйлчилгээний төвөөр асруулна.


САНАЛ БОЛГОХ