Засгийн газрын хэтийн төлөвлөгөөтэй танилцахаар иржээ

Мэдээ

Олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж байгаа нь зөв эхлэл

“Монгол Улсад нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ард түмэндээ ил тод мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж байгаа нь маш зөв эхлэл” хэмээн Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Матай онцоллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гарагт ОУВС- гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Матайтай уулзсан юм. Энэ үеэр ОУВС- гийн төлөөлөгчид

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэх хэрэгтэйг зөвлөв.

ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер “Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрэв цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ирж, ажиллана. ОУВС- гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал зэрэг эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан. Эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байхад арилжааны банкууд ам.доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь ам.долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгаа” гэлээ.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ давж өсөж байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, ам.долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусаж байна” гэв. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа, эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцжээ.

САНАЛ БОЛГОХ