К.Шилдс: Би эрчүүдийг ч дийлнэ

Спорт

Түүний бэлтгэлийг хангаад өгчих эмэгтэй боксчин жинд нь байдаггүй

Эмэгтэйчүүдийн боксын тэмцээний 75 кг-д Америкийн Кларесса Шилдс өрсөлдөгч Оросын тамирчныг 3:0-ээр итгэлтэй ялж, медалийн болзол хангав. Ялалт байгуулсных нь дараа сэтгүүлч түүнээс асуулт асуухдаа “Хэрэв та алтан медаль авбал” гээд эхэлтэл өөдөөс нь “Хэрэв гэнэ ээ” хэмээн яриаг нь тасалж шоолонгуй инээгээд цааш оджээ. Түүний хувьд алтаас өөр медалийг амжилт гэж тооцохгүй, түрүүлнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаагаа ийн илэрхийлсэн хэрэг.

Харин дасгалжуулагч Билли Уолш нь ярилцлага өгөхдөө “Тэр өнөөдөр тийм ч сайн байсангүй. Гэхдээ үүнд санаа зовохгүй байна. Үнэндээ орос охин түүнд хүрч ч чадсангүй шүү дээ. Тэр зүгээр л эцсийн раунд хүртэл хөл дээрээ тогтохыг хичээж байлаа. Хэрэв дахиад нэг үе байсан бол тоглолт нокаутаар дуусах байсан” гэсэн юм.

Өөртөө дэндүү итгэлтэй энэ бүсгүй ердөө 21 настай. Тэгсэн хэрнээ Лондоны олимпийн аварга болж, ДАШТ-д хоёронтаа түрүүлээд амжжээ. Кларесса Лондоны олимпод 17 настайдаа итгэл төгс түрүүлж байсан. Харин тэр үеэс хойш ур чадвар нь улам дээшилж, илүү хүчирхэг болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Эмэгтэйчүүдийн бокс дийлдэшгүй нэгэн аваргатай болжээ гэсэн үг. Тэрбээр дайчин, зоримог тоглолтоороо T-Rex хочтой болоод буй. Сонирхогчийн боксоор тулалдаж эхэлснээс хойш 75 ялж, ганцхан удаа дийлджээ.

Түүнтэй хагас шигшээд тоглох казах бүсгүй өөрийнх нь хувьд олимп дууссаныг ойлгосон биз ээ.

Үнэндээ түүний эсрэг тэнцүүхэн тоглож, бэлтгэлийг нь хангаад өгчих боксчин жинд нь байдаггүй гэнэ. Тиймээс дасгалжуулагч нь Кларессаг ихэвчлэн эрчүүдтэй бэлтгэл хийлгүүлдэг байна. Мэдээж эрчүүд эмэгтэй хүнд зодуулахгүйн тулд рингэнд гараад байдгаараа хичээж тоглодог. Гэсэн хэдий ч боксоор олон жил хичээллэсэн эрчүүд хүртэл түүний өмнө хүчин мөхөстдөг болохыг дасгалжуулагч Уолш бахархан ярив.

Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө Казахстаны Д.Шакимоватай нударга зөрүүлнэ. Казах бүсгүй энэ сугалааг хараад өөрийнх нь хувьд олимпийн наадам хэдийнэ дууссаныг ойлгосон биз ээ. Хэрэв Кларесса алтан медаль хүртвэл олимпийн хошой аварга болсон анхны америк боксчин болно. Харин “хэрэв” гэж бичсэнийг минь тэр мэдвэл тун их уурлах нь гарцаагүй.

Эцэст нь түүний хэлсэн нэгэн үгийг сонирхуулъя. “Би энэ тэмцээний хамгийн шилдэг тулаанч гэдэг нь маргаангүй. Эмэгтэй, эрэгтэйн аль нь ч намайг зогсоож чадахгүй. Зөвхөн ганцхан хүн намайг ялж магадгүй. Тэр бол Шакур Стивенсон. Бид хоёр Риод зөвхөн алтан медаль авах гэж ирсэн”.


САНАЛ БОЛГОХ